...
...

Н.Эрхэмжаргал: Байгууллагын дүрэмт хувцсаар дагнасан нь манай давуу тал

Монгол хүн бүрийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөн хорихгүй, биед наалдацтай албан байгууллага хамт олны өнгө имиджийг бүрдүүлэгч “Мандухайн гоёл” салон 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд захиалагчийнхаа хүссэн загварыг, түүнд тохирох материалаар тухайн хүний бие галбирт төгс зохицох цор ганц загварыг нийлүүлж ирсэн юм. “Мандухайн гоёл” салоны үүсгэн байгуулагч Н.Эрхэмжаргалтай байгууллагын үйл ажиллагаа болон цаашдын зорилгын талаар товч ярилцлаа. 


-“Мандухайн гоёл” салон үүсгэн байгуулагдаж байсан түүхээс ярилцлагаа эхлэе?

-“Мандухайн гоёл” салоны суурь нь 2006 оноос тавигдсан. Түүнээс хойш “Мандухайн гоёл” таван жилийн хугацааг үдэж байна. Анх зөвхөн хувь хүнээс захиалга авч ажилладаг байсан бол одоо байгууллагын ажилчдын дүрэмт хувцас оёх үйлчилгээг түлхүү үзүүлж байгаа. Одоогоор манай салон нь албан байгууллага, сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагуудад дүрэмт хувцас хийж үйлчилж байгаа. Хамгийн анх дүүтэйгээ хоёулаа хамтарч, оёдлын болон эсгүүрийн нэг нэг машинтай ажиллаж эхэлж байлаа. Харин өнөөдөр бидний үйл ажиллагаа улам өргөжин тэлсэн байгааг харахад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, материалаа өөрсдөө шууд үйлдвэрээс нь оруулж ирэхээр ажиллаж байна. 

-Ажлын хувцас өөрийн гэсэн стандарттай байдаг байх. Танай байгууллага дүрэмт хувцасны стандарт дээр ямар туршлага нэвтрүүлж ажилладаг вэ?

-Байлгүй яахав. Размераар ажлын хувцас хийж худалдах нэг өөр, харин тухайн хүний биед тааруулж хувцас хийх нэг өөр. Манай салон размераар ажлын хувцас хийхээс илүүтэйгээр тухайн хүний биед суусан, яг таарсан хэмжээгээр ажлын хувцас хийхийг илүүд үздэг. Ажлын хувцасны материал нь биед наалдацтай, сууж босоход чөлөөтэй, суналттай байх хэрэгтэй. Загварын хувьд хэт их задгай байх нь стандартад нийцдэггүй. Урт, богино нь өвдөгнөөс бага зэрэг дээгүүр, энгэр ухлаастай гэх мэтчилэн шаардлагууд байдаг л даа. Хэтэрхий богино бол сууж, тонгойж босоход биед эвгүй байх асуудал байдаг. Ерөнхийдөө биед суулт сайтай материалаар хийх шаардлагатай. Өнгөний хувьд оффис хувцас нь тогтмол өмсдөг хувцас учир хэт цайвар байх нь тухайн хүндээ хэрэглэхэд хэцүү байдаг. Тогтмол өмсдөг дүрэмт хувцас амархан бохирдоно, байнга угаавал өнгө алдана гэх мэт төвөгтэй. Тиймээс өнгөний хувьд төв хар, хар хөх, өнгө голлодог.

-Ажлын хувцас хийх шийдвэрийг яагаад гаргасан юм бол... Магадгүй зах зээл нь илүү өргөн байх?

-2013 он хүртэл ажлын хувцас дагнан хийж эхэлсэн. Анхны захиалгаа Улсын их дэлгүүрээс авч байсан. Тэндээс л ажлын хувцас хийх гараа эхэлсэн. Тухайн үед Улсын их дэлгүүр хар өмд, хар хантааз, цагаан цамц өмсөхыг шаарддаг байсан юм. Тэнд ажиллаж байсан охид ганц, нэгээрээ захиалга өгч байсан нь удалгүй албан ёсны захиалга болж ирсэн. Үүнээс хойш "Улаанбаатар" их дэлгүүр, "Номин" их дэлгүүр болон сургууль, цэцэрлэгүүдэд дүрэмт хувцсыг нь хийж эхэлсэн. Сургуулиуд ихэвчлэн дунд ахлах, бага гэж тус тусдаа хосолдог ч юм уу, эсвэл секц секцээрээ өөр хувцас хийлгэдэг юм. 

Манай нэг оёдолчин өдөртөө 4-5 дүрэмт хувцас оёно. Ерөнхийдөө 100-200 хүний хувцас хамгийн багадаа 14 хоногт гардаг. 

-Ажлын хувцасны загварыг байгууллагууд өөрсдөө гаргадаг уу?

-Ихэвчлэн би өөрөө гаргадаг. Тухайн захиалга өгсөн байгууллагатай загвараа ярилцаж тохиролцсоны үүднээс загвараа гардаг. Захиалга өгсөн байгууллагын онцлогийг харуулж, уялдаа холбоотой хувцасны загвар гаргахыг хичээдэг.  Манай салон оффис загварын хувцас, үндэсний хувцас, чөлөөт загварын хувцас, байгууллага хамт олны дүрэмт хувцас хийж, нийлүүлдэг. 

-Жишээлбэл, 100-200 хүнтэй байгууллагын хувцсыг хэдий хугацаанд бэлэн болгох вэ?

-100-200 ажилчинтай газарт тарган ч хүн бий, туранхай ч хүн бий. Гаднаас орж ирж байгаа хувцаснууд таарахгүй байх тохиолдол олон. Тиймээс биеийн хэмжээ авч хийдгээрээ манайх давуу талтай гэж хэлж болно. Тухайн хүндээ яг тааруулж оёно гэсэн үг. Жишээ нь, даашинз захиалсан байлаа гэж бодъё. Тэгвэл манай нэг оёдолчноос өдөртөө 4-5 ширхэг даашинз гарна. Ерөнхийдөө 100-200 хүний даашинз хамгийн багадаа 14 хоног юм уу, түүнээс дээш хугацаагаар гардаг.

-Материалаа хаанаас сонгож авдаг вэ?

-Монгол Улс даавуу үйлдвэрлэгч орон биш учраас энэ тал дээр бэрхшээлтэй байдаг. Ихэвчлэн Хятад, Өмнөд Солонгосоос оруулж ирсэн сунамтгай, хөвөн даавуун материалаар ажлын хувцсаа оёдог. Яг үүн шиг хийлгэмээр байна гээд үйлчлүүлэгч захиалсан тохиолдолд материалыг нь олж, санал болгодог. 

Энэ дашрамд, Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна гэдгийг хэлмээр байна. Уг нь үндэсний үйлдвэрүүд маань дагнаж хөгжих юм бол бүтээгдэхүүний чанар ч сайжирна, хүмүүс ч үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж сурна. Улмаар гадагш урсах мөнгөний урсгал багасч, хөрөнгө оруулалт дотооддоо үлдэх нэг нөхцөл болж, улс орны эдийн засаг ч сайжирна гэж хардаг.

-Тухайлбал, та бүхэнд ямар дэмжлэг хамгийн чухал байна?

-Ер нь байгууллагуудын захиалгаар бөөний үйлдвэрлэл явуулахад тендер гэж будилаантай зүйл нэлээд саад болдог гэж болно. Ажлын хувцас ч, сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны хувьд ч төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодит бодлого гаргаж, хүчин чадалд нь тааруулан хуваарилж, захиалдаг тогтолцоонд шилжих юм бол их сайн хэрэгжих хөрс суурь нь энэ зах зээлд бүрдсэн гэж үздэг.   

-Цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлж байна вэ?

-Манай салон зарим тохиолдолд оффис хувцас хийх үедээ бараа материалын дутагдалд орох үе гардаг. Эрэгтэй, эмэгтэй хос хувцас захиаллаа гэхэд гаднаас материалаа татаж байгаа учраас өнгө зохицож олдохгүй байх тал бий. Бид материалаа болж өгвөл өөрийн нүдээр харж авахыг зорьдог. Одоогоор материалаа эндээсээ татаж байна. Олон хүнтэй байгууллагууд байнга хүн нь нэмэгдэж, хасагдаж байдаг учраас нэмэлт захиалга өгөхөд заавал тэр даавуу нь байж байх ёстой. Бага зэрэг код зөрөхөд материал хоорондын ялгаа харагддаг. Тиймээс үйлдвэрийн кодтой даавууг үйлдвэр дээрээс нь авах бидэнд маш чухал байдаг. Бид өнөө үеийн загварын шийдлийг гаргасан шинэлэг, загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг сэтгэл ханамжийн өндөр түвшинд оёж урлан, бүх төрлийн хувцасны чиг хандлагад өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулахыг үргэлж зорьж ирсэн. Энэ зорилгоо үргэлж барьж, үйлдвэрлэл явуулахыг хичээж ажиллах болно. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ