Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 9-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улс гурван улсын Элчин сайд нарын нэрийн өмнөөс хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Тус арга хэмжээний гол хүндэт зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Мөн хүлээн авалтад Монголын ахмад дайчид, Улсын Их Хурлын гишүүд, тус улсын төрийн байгууллагууд, яамдын төлөөлөгчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Оросын эх орон нэгтнүүд, Дипломат корпусын төлөөлөгчид, сэтгүүлчид оролцсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэхдээ,
"80 жилийн өмнө дэлхий харанхуйд автаж, 27 сая гаруй эрэлхэг цэрэг, эгэл жирийн иргэд тэрхүү аймшигт дайны золиос болсон. Хүн төрөлхтөн фашизмын эсрэг тэмцэх, энх тайван, олон улсын шинэ дэг журмыг тогтооход Зөвлөлтийн ард түмний байгуулсан баатарлаг гавьяаг үүрд санах ёстой" хэмээлээ.
Элчин сайд А.Н.Евсиков хүлээн авалтын зочдод хандаж, үг хэлэхдээ,
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн цуст дайн болсон Аугаа их Эх орны дайн болон бидний өнөөдөр тэмдэглэж буй Ялалтын баяр нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын олон сая ард иргэд болон сайн муугийн агуу сөргөлдөөн болсон тэртээх үйл явдалд тодорхой хэмжээгээр татагдан оролцсон бусад бүх улс орнуудын, тэр дундаа Монголын ард түмний «түүхэн код»-д онцгой байр суурь эзэлдэг билээ.
Харамсалтай нь 80 жилийн дараа Европ тивд неонацизм дахин толгойгоо өндийлгөж байна. Тиймээс өвөг дээдсийн маань эр зориг болон тэдний Ялалтын тухай дурсамж маань бидний эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болж байна. Аугаа их ялалтаа хамгаалж, нацистуудын өшөө хорслоос дэлхийг аврах завшаан бидэнд тохиов. Надаас өмнө Зөвлөлт Холбоот Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд, төрийн аугаа зүтгэлтэн В.М.Молотовын «Бидний үйлс ариун. Дайсан дарагдана. Ялалт биднийх болно» гэсэн үгтэй санал бүрэн нийлж байна" гэлээ.
Түүнчлэн Элчин сайд дайны хүнд хүчир он жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсыг дэмжихийн тулд бүхнээ зориулан асар их материаллаг баялгийг, тэр дундаа «Хувьсгалт Монгол» танкийн цуваа болон «Монгол Ард» нисэх онгоцны эскадрилийг бий болгохын тулд заримдаа сүүлийн эд зүйлсээ хандивлаж байсан Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлэв.