...
...

БАРИМТ, ТАЙЛБАР | “ДЦС-3”-ын осол улсад 200 тэрбумын хохирол учруулж, нийслэл "ХАРАНХУЙ" боллоо

Өнгөрсөн ням гаригт буюу зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, инженер залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тухайн ослын улмаас хүний амь насаар хохирсноос гадна Монгол Улсад шууд болон шууд бусаар асар их хэмжээний бодит хохирол учруулж эхэлсэн, цаашид энэ байдал маш ноцтой байдалд хүргэх эрсдэл үүсгэжээ. 

“ДЦС-3” нь нийт 198 Мвт-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг дангаараа хангахаас гадна хүнс, ноос ноолуур, арьс шир, барилгын материалын үйлдвэрлэлийн 88 аж ахуйн нэгжийг технологийн уураар хангадаг. 

Тэгвэл энэ дэлбэрэлтээр ДЦС-3 станцын хамгийн шинэ буюу 2015 онд Чингис бондын санхүүжилтээр суурилуулсан, өнөөдрийн ханшаар 200 тэрбум төгрөгийн үнэ бүхий 50 Мвт-ийн хүчин чадалтай турбин генератор гэмтээд байна.

Хамгийн харамсалтай нь, энэ генератор эргэн сэргээгдэхгүйгээр гэмтсэн бөгөөд уг ослын үр дүнд Монгол Улс 100 Гкал цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх гарцаагүй байдалд орлоо. Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилийн хугацаанд улаанбаатарчууд цахилгаан дулааны хомсдолтой байх ба ирэх өвөл нийслэл тэр чигтээ хөлдөх бодит нөхцөл үүсээд байгаа юм.

Дэлбэрэлтэд өртсөн 50 Мвт-ын турбин генераторыг хэрвээ хэвийн горимоор ажиллуулж байсан бол хамгийн багадаа 200 мянган цаг буюу 30 жил орчим тасралтгүй ажиллах хүчин чадалтай байжээ. Гэвч хэрэг гардаг өдөр тус станцын удирдлагуудын заавраар турбин генераторын туршилт тохируулга, ЧВА, АЧР-н хамгаалалтыг шалгах ажиллагаа явуулсан байх ба ингэхдээ горимд шилжүүлэх явцад алдаа гарч, дэлбэрэлт үүсгэжээ.

Генераторыг шинээр авч, дахин суурилуулахад хоёроос гурван жил буюу 24-36 сар шаардлагатай байдаг төдийгүй генератор, түүнийг дагалдах тоног төхөөрөмжүүд нь одоогийн зах зээлийн ханшаар 100 сая ам.долларын үнэтэй.  Харин манай улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдал энэ хэмжээний эрсдлийг даван туулах чадамжгүй учраас нийтээрээ 00 зогсолт хийх гарцаагүй байдалд орсон гэдгийг салбарынхан хэлж байна.

Тэгвэл энэ ослын хариуцлагын асуудал тус станцын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, ерөнхий инженер Н.Чимиддорж нартай шууд холбогдоно.  

Цаашлаад Эрчим хүчний яам хариуцах ёстой боловч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг хэргийн зангилааг өөрөөсөө холдууж “Цахилгаан станцуудыг “Эрчист Монгол” ХХК руу шилжүүлсэн” гэж мэдэгдсэн. Гэвч “Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд нэг ч станц шилжиж ирээгүй, удирдлагын бүтэц нь 100 хувь Эрчим хүчний яаманд байгаа талаар тус компаниас мэдэгдээд байгаа ба өнөөдөр энэ асуудал хариуцах эзэнгүй халуун сэдэв болоод байна.

Эцсийн дүндээ энэ бол Монгол Улсын Засгийн газрын чадамжгүй байдал, мэргэжлийн бус, аливаа намын чадваргүй удирдлагуудын томилгооны хор хохирол бөгөөд үүний үр дүнд нийслэлчүүд бид ирэх өвлийг  "харанхуй" туулах нь гарцаагүй боллоо.

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ