...
...

NTV телевиз Н.Төгсцогтын тулааныг шууд дамжуулан үзүүлнэ

Улаанбаатарын цагаар энэ долоо хоногийн ням гарагт буюу 2019 оны нэгдүгээр сарын 27-ны өглөө МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дээрх ээлжит нэгэн тулаандаа оролцох гэж байна. Уг тулааны NTV телевиз ням гарагийн өглөө 08:30 цагаас шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.

 

ЭНЭ ТУЛААН МАШ ЧУХАЛ. ЯАГААД ГЭЭЧ?

Мэргэжлийн бокс руу орсон цагаасаа хойш 10 тулаан хийхдээ 9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт IBO холбооны featherweight буюу хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Клаудио Марреротой тулалдана. Хэдийгээр бид түүнийг ямар ч тулаанд оролцсон дэмжиж, үзэх боловч ямар ач холбогдолтойг нь мэдэх хэрэгтэй.

 

Мэргэжлийн боксд маш олон холбоо байдаг боловч WBA, WBC, IBF болон WBO гэсэн дөрвөн холбоо хамгийн том бөгөөд чухал нь юм. Өөрөөр хэлбэл эдгээр дөрвөн холбооны аваргын бүсийг эзэмшинэ гэдэг дэлхийн цуутай мэргэжлийн боксчин гэдгийн илрэл. Харин эдгээр холбоодын аваргын бүсийн төлөө хүч үзэх боломжийг энэ Ням гарагт болох тулаан олгох юм. Тив, бүс нутгийн холбоодыг оруулбал дэлхий дээр мэргэжлийн боксын 40 орчим холбоо бий. Хэдийгээр Төгсцогтын бүсийн төлөө хүч үзэх IBO гэх холбоо дөрвөн том холбоодын эгнээнд ордоггүй ч гэлээ нэр хүнд ач холбогдлоороо эдгээр холбоодын ард жагсана. Гэхдээ IBO дэлхий дээрх мэргэжлийн боксын холбоодын дөрөвт эсвэл дөчид жагсах нь чухал биш. Чухал нь юу вэ гэвэл хэрэв King Tug өрсөлдөгч Клаудио Маррерог ялж чадвал WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Гари Расселлтай тулалдах эрхтэй болох юм. Жинхэнэ дэлхийн аваргын бүсийн төлөө гэсэн үг. Ганцхан өгүүлбэрт багтааж бичвээс Төгсцогт ялбал IBO-гийн аваргын бүсийг эзэмших ч гэлээ үүнээс илүү чухал зүйл нь дөрвөн том холбооны нэг болох WBС-гийн аваргын бүсийн төлөө хүч үзэх эрхтэй болох. Цаашлаад эдгээр дөрвөн холбооны бүгдийнх нь аваргын бүсийн төлөө ч хүч үзэх боломжтой болно.

 

ЭНЭ ХҮРТЭЛ KING TUG ЮУГ ТУУЛАВ?

Сонирхогчийн боксд өсвөр наснаасаа өөрийн нэрээ тод үлдээж, сонирхогчийн боксд 130 орчим тулаан хийсэн King Tug 2014 оны Инчеоны Азийн наадмаас хойш АНУ-г зорьж дараагийн адал явдлаа эрэлхийлсэн билээ. 2015 оноос эхлэн мэргэжлийн бокс руу шилжсэн King Tug өөрийн дасгалжуулагч, багш Жо Гүүссэнийг АНУ-д олсон нь түүний мэргэжлийн боксын амжилтын эхлэл байлаа. Танилцсан дариудаа л “Маргаашаас нэгийн эсрэг нэг бэлтгэл хийе” гэж хэлсэн багшийнхаа үгийг сонсоод Төгсцогт зөв дасгалжуулагчаа олсноо мэдсэн гэдгээ хэлсэн байдаг. Ингээд Флойд Мэйвитэр, Андре Берто, Амир Хан, Роберт Гуерреро нарын менежерээр ажилладаг алдартай промоутер Эль Хэймонтой гэрээ байгуулж энэ бүхэн эхэлсэн.

 

 

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ