...
...

Үлгэр жишээ ээж “мэргэжлийн” алуурчин байсан түүх

Пулемётчин Тонька гэх нэр хүмүүст аймшигттайгаар сонсогддог. Тэрээр 1500 гаруй зөвлөлтийн иргэний “бодийг хөтөлсөн” эмэгтэй аж.

Тоня Смоленьск мужийн багавтар сууринд 1920 онд төржээ. Тэрээр гэр бүлийнхээ отгон хүүхэд бөгөөд ихэд ичимтгий, бүрэг охин байж. Ингээд 1927 оны есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангид орох үед нь тохиолдсон нэгэн түүх түүний цаашдын хувь тавиланд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бололтой.

Багш нь хүүхдүүдийн овог нэрийг лавлаж асуух үед охин ичээд олигтой дуугарч өгөөгүй учраас сурагчид төлөөнөөс нь "Макаровын гэр бүлийнх" гэж хашгиралдсан тул багш нь түүнийг Антонина Макарова хэмээн бүртгэж, ингэснээр Парфеновын гэр бүл Антонина Макаровна Макарова гэх өөр овогтой нэгэн охинтой болсон байна.

Эцэг эх нь ч бага боловсролтой хүмүүс учраас багш бүсгүйтэй хэл ам татлахаас эмээн, уг өөр овгийн асуудалд тухайн үед төдийлөн ач холбогдол өгөлгүй орхисон аж.

Тоня дундаж сурлагатай охин байсан бөгөөд сургуулиа төгссөний дараа Москвад сувилагчийн сургуульд элсэн оржээ. Ингээд 1941 онд дайн эхэлсний дараахан фронтод явсан байна.

1941 оны 10-р сард Вязьма хотын районд герман цэргүүд зөвлөлтийн дайчдын хамгаалалтыг сэтлэн, бүслэх үед улаан армийн 400 мянга гаруй дайчид амь үрэгдэн, 600 мянга орчим нь олзлогдоход бүсгүй тэдэн дунд орж таарчээ. Гэвч тэрээр зөвлөлтийн цэрэг Николай Федчуктай хамт оргож чадсан аж.

Ингээд тэд бүслэлтээс гарахын тулд ойгоор нуугдан зугатаж, юу тааралдсан бүхнийг идэж уун араатан мэт хоног өдрийг өнгөрүүлж явсаар 1942 оны өвөл Брянск мужийн Красный Колодец сууринд ирсэн байна. Федчук өөрийн эхнэр, хүүхдүүд рүүгээ явахаар одож, харин Антонина тэр хавийн тосгодоор тэнэж яваад Локоть сууринд иржээ.

Нацистуудад эзлэгдсэн энэ суурин Германы талд албан ёсоор шилжсэн учраас тэндхийн удирдлага нь герман комендантууд биш, харин орон нутгийн өөрийн удирдлага ажиллаж байв.

Тоня Макарова сонголтын өмнө тулж иржээ: Улаан армийн цэргийн хувьд олзлогдон цаазлагдах, эсвэл орон нутгийн цагдаагийн байгууллага буюу залхаан цээрлүүлэх батальонд ажиллах. Тэр амьд үлдэх замыг сонгов.

Антонина цагдаагийн газар буюу залхаан цээрлүүлэх батальонд эхлээд туслахын ажил хийдэг байж. Тэрээр цэргийн олзлогдогсод, партизанууд болон тэдний гэр бүлийнхнийг зодож залхаах үүрэг гүйцэтгэдэг хэдий ч 21 настай бүсгүй зугаа цэнгэлээс татгалзаж чадалгүй, орой үдшийн цагаар шөнийн клубт очин, аятайхан немц цэргүүд болон орон нутгийн залхаан цээрлүүлэх батальоны эрчүүдтэй зугаацдаг байж.

Удалгүй түүнийг албан тушаалд “дэвшүүлсэн” байна. Зөвлөлтийн цэргүүд болон партизануудыг зөвлөлтийн эмэгтэй буудан цаазлахад хүрвэл тэдэнд илүү аймшигтай, сургамжтай байх болно хэмээн немцүүд тооцоолсон байна.

Тоня ч тэдний энэхүү саналыг зөвшөөрсөн учраас түүнд тусад нь өрөө гарган өгч, "Максим” пулемёт гардуулжээ.

Макарова дунд сургуульд сурч байхдаа “Чапаев” киноны Анька пулеметчинг шүтэн, түүн шиг болохыг хүсдэг байсан гэнэ. Энэ мөрөөдөл нь түүний харгис хэрцгий үйл ажиллагаанд нөлөөлсөн байх магадлалтайг хожим сэтгэлзүйч эмч нар өгүүлж байжээ.

Олзлогдогсдыг цаазлах ажиллагаа өглөөгүүр явагддаг байсан бөгөөд буудалт бүрд нь Антонинаг 30 маркаар “урамшуулдаг” байж. Нэг камерт 27 хүн хоригддог байсан учраас төдий хэрийн хүнийг нэг өглөөд бууддаг байсан гэнэ.

Тэднийг хорьж байсан хашаанаас холгүй нүх ухсан бөгөөд түүний ирмэг дээр партизануудыг нуруугаар нь харуулан зогсоож байгаад Тонька пулеметаар шүршдэг байсан аж. Түүнд хамгийн эхний удаа үүрэг биелүүлэхэд л аймшигтай санагдаж байсан бөгөөд сүүлдээ бараг л энгийн ажил болон хувирсан талаар алуурч-эмэгтэй хожим мэдүүлэг өгөхдөө дурдсан байдаг.

Макаровад эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид хэн байх нь хамаагүй байсан бөгөөд зөвхөн тэдний өмссөн хувцсанд анхаарлаа хандуулдаг байсан гэжээ. Тэднийг буудсаны дараа таалагдсан хувцас хунарыг цогцосноос тайлж аваад, цусыг нь арилтал угааж, сумны нүхийг нь нөхөж оёдог байсан гэнэ.

Заримдаа тэрээр шөнө дөлөөр олзлогдогсод руу очиж, өөртөө таалагдсан өмсгөл зүүлтийг урьдчилан сонгодог байж. Цааз гүйцэтгэсний дараа тэрээр өөрийн ажлын чанарыг шалгаж, хэн нэгэн дутуу шархадсан байвал түүнийг “гүйцээдэг” байжээ.  

Антонина Макарова алуурчнаар ийнхүү нэг жил орчим ажилласан байна. Локоть суурин руу Улаан армийнхан хүрэлцэн ирэх үед буудуулсан хүмүүсийн цогцос бүхий асар том нүхийг цэргүүд олжээ. Тэнд цаазлуулсан 1500 гаруй хүнээс зөвхөн 168 хүний нэрийг л сэргээж чадсан байна.   Харин тухайн үед Тонька-пулеметчин алс хол зугтан одсон байж.

1943 оны зун замбараагүй бэлгийн хавьтлаас болж тэмбүүгээр өвчилсөн түүнийг эмчлүүлэхээр немцүүд ар тал руу явуулжээ. Тэнд эмнэлэгт хэвтэж байхдаа нэгэн немц бага даргын амраг болж, түүнтэй хамт Украин, Польшоор явсан байна.

Ингээд немц “нөхөр” нь буудуулсны дараа Макарова Кенигсберг дэх бөөнөөр хорих лагерьт орсон бөгөөд 1945 оны дөрөвдүгээр сард хотыг чөлөөлөх үед Тонька өөрийгөө эмнэлгийн батальонд гурван жил алба хаасан сувилагч хэмээн зөвлөлтийн цэргүүдэд танилцуулсан аж.

Ингээд түүнийг эмнэлэгт ажиллуулахаар илгээснээс хойш долоо хоногийн дараа шархадсан цэрэг Виктор Гинзбургтэй танилцан, түүнтэй гэрлэж Антонина Гинзбург болсон байна.

Дайны дараа нөхрийнхөө нутаг болох Беларусс руу яван, Лепель хотод суурьшжээ. Тэрээр үйлдвэрт ажилд орон, удалгүй оёдлын цехийн чанар шалгагч болсон байна. Түүний зураг хөрөг ч Хүндэт самбараас салахаа байжээ.

Антонина хоёр охин төрүүлэн, тэдний гэр бүл хамгийн хүндтэй, чинээлэгт тооцогдож байв. Эх орны дайны баатрууд болох эхнэр, нөхөр хоёр сургууль руу байнга уригдан очиж, хүүхдүүдэд баатарлаг түүхээ ярьж сонирхуулдаг байж. Антонина Гинзбург сургуулийн шугам жагсаал, элдэв уралдаан тэмцээн, уулзалтад хүндэт зочноор оролцон, дайны ахмад зүтгэлтнүүдийн хувьд улсаас янз бүрийн хөнгөлөлт, бэлэг сэлт авдаг байлаа. Иймэрхүү маягаар тэд 30 жил амьдарчээ.

Харин дайнаас хойшхи он жилүүдэд Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах байгууллага /КГБ/-ын ажилтнууд Тонька-пулеметчинг эрж хайсаар л байлаа. Тэд ЗХУ-д амьдардаг, Антонина Макаровна Макарова хэмээх нэртэй, ойролцоо насны 250 гаруй эмэгтэйчүүдийг нууцаар шалгаж байж.

Харин зөвхөн 1976 онд Тонька-пулеметчны халуун мөрөөр орох боломж тэдэнд тохиолдсон байна. Парфенов овгийн нэгэн албан хаагч эмэгтэй хилийн чанадад зорчихын тулд өөрийн хамаатан саднуудаа тоочих хэрэг гарчээ. Тэдний дотор Антонина Макарова хэмээх нэр орсон бөгөөд уг эмэгтэй 1945 онд нөхөрт гаран Гинзбург нэртэй болоод Белорусс руу нөхөртэйгээ хамт явсан байж.

Ийнхүү хөдөөний нэгэн сургуулийн багш хүүхний “алдаа” 30 жил сунжирсан эрэл хайгуулд цэг тавих боломж өгсөн байна. Харин нотлох баримт цуглуулах ажиллагаанд чекистүүд хоёр жил зарцуулсан гэнэ.

Тэд үйлдвэрийн тэргүүний ажилтан, үлгэр жишээ хань-ээж, орон нутгийн иргэдийн хүндлэл хүлээсэн эмэгтэйг олны шившиг болгохыг төдийлөн хүссэнгүй. КГБ-ын ажилтнууд дайны жилүүдэд бүсгүйн нууц амрагуудын нэг байсан эрийг гэрчийн хувьд Лепельд нууцаар аваачжээ. Ингээд бүх зүйл хангалттай нотлогдсоны  дараа Антонина Макаровна Гинзбург буюу Тонька пулеметчинг баривчилсан байна.

Антонина юуг ч үгүйсгэсэнгүй, гэвч өөрийн гэм бурууг огтхон ч ухамсарлахгүй байв. Тэрээр дайн өнгөрөөд удчихаад байхад нас ахисан үед нь түүнийг олны шившиг болголоо хэмээн нэг өрөөнийхөндөө гомдоллодог байсан гэнэ. “Сайндаа л гурван жилийн тэнсэн харгалзах ял өгнө биз, өөр яав л гэж?” хэмээн алуурчин авгай сэтгэл амар байсан бололтой.

Түүний нөхөр Виктор Гинзбург хайртай эхнэрээ суллуулахын тулд бүхий л боломжтой газруудаар явж, намын удирдагчдад захидал бичин, өөрийн сайхан эхнэр, дайны үеийн баатарлаг эмэгтэйн тухай энд тэндгүй ярьсаар явж.

Ингээд эцэст нь, мөрдөн байцаагчид түүнд 30 жилийн турш хэнтэй хамт амьдарч байсан талаарх үнэн түүхийг ярих шаардлагатай болсон бөгөөд энэ тухай сонссон эр ганц өдрийн дотор л үстэй толгой нь цал буурал болж, хоёр охиноо аваад Лепель хотоос үүрд явсан байна.

Харин Антонина Парфенова-Макарова-Гинзбургийг 1979 оны наймдугаар сарын 11-ний өглөөний 6 цагт цаазалсан бөгөөд Сталины хэлмэгдүүлэлтээс хойш ялын дээд хэмжээ авсан анхны эмэгтэй болсон аж. Тонька-пулеметчны энэхүү хэрэг Аугаа их Эх орны дайны үед өөрийн Орос орноос урвасан тухай сүүлчийн дуулиант хэрэг болон өндөрлөсөн билээ.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ