...
...

Бүсгүйн үхэлд хууль сахиулагчдын хариуцлагагүй байдал буруутай гэжээ

Воронёж мужийн оршин суугч Анна Ткачёвагийн үхэлтэй холбоотойгоор бас нэгэн эрүүгийн хэрэг үүссэн байна. Мөрдөн байцаах газар “Ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд болсон явдлыг мөрдөн шалгаж байгаа аж.

Аннагийн амиа алдсан өдрөөс хойш түүний үхэлд зөвхөн хамтран амьдрагч нь төдийгүй цагдаагийнхан бас буруутай хэмээн бүсгүйн эцэг эх үзэж байгаа гэнэ. Талийгаач бүсгүй өөрийнх нь амь насанд аюул заналхийлээд байгаа тухай найман сарын турш цагдаа, прокурорын газарт гомдол гаргаж байсан хэдий ч тэднээс ямар ч тусламж авч чадалгүй хуучин хамтран амьдрагч байсан залуугийнхаа гарт амь насаа алдсан байна.

Анна Ткачёва 29 настай байсан бөгөөд 2017 оны 10-р сарын 27-нд хоолойгоо боомилуулж нас барсан байдалтай олдож, гурван настай охин нь өнчрөн үлджээ. Аняг хэн хөнөөсөн болохыг ар гэрийнхэн нь эргэлзээгүй таамаглаж байсан бөгөөд түүний экс-найз залуу болох Владимир Малачиляевыг эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ.

Гэвч түүнийг эрэн хайх ажиллагаа аймшигт байдлаар төгсчээ. Залуу эрийг төрөлх Филиппенково тосгоноос нь холгүй ой дотор дүүжлэн амиа егүүтгэсэн байхыг олсон байна. Ингээд гэмт этгээд амиа алдсантай холбоотойгоор уг хүн амины хэрэг хаагдсан аж.

Харин талийгаач эмэгтэйн эцэг эх болох Юрий, Елена Ткачёва нар цагдаагийнханд гомдолтой байгаа гэжээ. Хэрэв Аняг тусламж хүсэх үед хүчний байгууллагынхан анхааралдаа авсан бол энэхүү эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж тэд үзэж байгаа бололтой.

Ер нь иймэрхүү асуудлаар цагдаад ханддаг бүсгүйчүүд төдийлөн амжилт олдоггүй гэнэ. Хэв журам сахиулагчид тэдний гомдлыг “гэр бүлийн асуудал” хэмээн үзэж, бараг л тоглоом тохуу хийх маягаар хүлээн авдаг байж. Талийгаач Аняд гэхэд л, цаад залуу нь түүнд маш их хайртай учраас хардаж мөшгөөд байгаа юм гэсэн тайлбар өгөөд буцаадаг байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ