...
...

Дархан аварга Ж.Мөнхбатын тухай ҮЛГЭР, ДОМОГ мэт хууч ярианууд

Монгол Улсын дархан аварга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсны тухай үлгэр домог шиг зүйлс бөхчүүд болон бөхийн хорхойтнуудын дунд яригддаг билээ. Ингээд эрхэм аваргаа дурсан дараах хууч яриануудыг хүргэж байна. 

У.Мөнгөн аваргын хууч:

Манайх 1959 онд Увс аймгаас Улаанбаатарт шилжих ирэхүй би долоон настай бор банди байж. Тэр үед Санхүү эдийн засгийн техникумд (СЭЗТ) ах Ц.Моломыг захирал байхад Ж.Мөнхбат гуай оюутан нь болчихсон техникумуудын хоорондох аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан хагас, сайн өдрөөр байнга зохиогдож, би түүнийг тасралтгүй үзсээр тухайн үед СЭЗТ-аас жижгэвтэр биетэй, буржгар толгойтой, цагаан залуу ид шуугиулж “нохой мордох” мэхээр голлон давж байсан нь одоогийн энэ аварга Ж.Мөнхбат гуай байсан юм билээ. Дээрх барилдааныг тасралтгүй үздэг байсан нь намайг бөх болох урам зоригийг нэмж өгсөн юм шиг бодогддог. 
Тэрбээр манайхаар тогтмол орж гаран, цай унд ууж, заримдаа хонь муулж өгөх, өвлийн идэшний тэмээ төхөөрч бидэнд их тусалж байсны зэрэгцээ монгол дээл голдуу өмссөн, энгэр заам нь задгайдуу явдаг билэг танхайдуу явдаг нэгэн сэн. 1969, 1970 он байхааЖ.Мөнхбатаваргыг аарцагандаа гэмтэл аваад байхад нь гэмтлийн эмнэлэгт эргэж очиход, аваргын хоёр хөл дээшээ сойлгоостойг хараад миний нүдэнд нулимс цийлэгнэхэд аварга: 
-”Мөнгөн минь Увсын бөхчүүдээс хамгийн түрүүн чи эргэж ирлээ” хэмээн ихэд баярлаж байсан нь сэтгэлд тод үлджээ. Он цагийн уртад аваргатайгаа барилдаж, арга мэхнээс нь суралцаж, санал зөвлөлгөөнийг нь сонсож явлаа. Нэгэн бахархалтай зүйл бол 1993 онд миний зохиолоор Монголын уран сайхны “Хэлтгий заяа” кинонд Ж.Мөнхбат аварга Хошуу ноён Мянганы дүрийг чадварлаг гаргасан авъяаслаг кино жүжигчин, аварга бөх л дөө. Ингээд бодохоор би аваргынхаа торгон мяндсан зодогноос нь атгалцаж, кино “натурт” хамт жүжиглэж явсан гэж бодохоор их азтай хүмүүнээ!!! 

Хошуу ноёны мөрийг оруулж байгаад… 

Бид Мөнгөнморьт суманд 1993 онд “Хэлтгий заяа” киноны зураг авах гээд бөөн ажилтай байлаа даа. Гай газар доороос гэгчээр хошуу ноёны дүрд тоглосон дархан аварга Ж.Мөнхбат гуай нүхэнд унаж мөрөө гэмтээж Багануурын эмнэлэгт хүргэгдэж, тэндхийн эмч сувилагч нар татаж оруулах гэсэн боловч бүгдийг тийрээд ойртуулаагүй ба эмч нар арга ядахдаа наркозонд оруулж, мөрийг нь оруулж бидэнд илгээсэн билээ. Тийн хошуу ноёны дүрийг кино дэлгэцнээ амжилттай бүтээсэн дархан аварга буюу. 

Аварга хоёр хатныхаа дунд үнэхээр жижгэрдэгсэн… 

“Дөрвөн уулсын дунд нь ч түрүүлнэ, ард нь ч түрүүлнэ гэж аархдаг ногоон зүлэг дэвжээний хаан дархан аварга маань найруулагчийн “мотор” гэсэн дуунаар хоёр хатныхаа дунд хэлэх үгээ будилан биеэ барьж үнэхээр жижгэрч байсан даа. Ядаж бид нар киноны 14 хоногийн дамжаа хийгээд орсон бол голчийг нь олоод явахсан гэх. Бөхийн ертөнц, киноны ертөнц хоёр газар тэнгэр шиг ялгаатай юм билээ. 

Гудамж нарийсаад... 

Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг. 

Хоёр гар чинь мод болчих оо биз дээ... 

1978 онд 57 жилийн ойгоор дархан аварга Ж.Мөнхбат гуай намайг долоогийн даваанд амлаж барилдахдаа “За дүү хүү хоёр гар чинь мод болчихоо биз дээ” гэхэд нь “Аварга минь, юу гэж мод болох вэ? гэж хэлээд тавьчихсан чинь юу болчихов гэмээр сүрдмээр болж ирж зүүн гарыг ганцхан татаж золгон шуудагдаад хутгахаар нь хөлөө хавчаад орхисон чинь угсруулж унагачихаад холоо гүйж билээ. Намайг хаячихаад баавартай нь аргагүй үсэрч дэвэн ирээдтахимаа авахдаа хоёр шууг минь атгаж үзчихээд “Чи үгүй гээ биз дээ. Ёстой мод болсон байна даа. Миний тооцоо зөв болжээ. Чи 3-ын даваанд Отгон дээр хоёр гар чинь “мод” болчихсон харагдаж билээ” гэв. Бөхчүүд бид гарын арван хуруу барьж болохгүй сарвайж шуу бадайрахыг мод болчихлоо гэж хэлж заншсан юм л даа. Үүнээс үзэхэд бөх барилдана гэж дан барилдахын нэр биш нэгийн даваанаас эхлээд ажиглалт тооцоо судалгаа, үүнээс ургуулан бодоход бөх болох мөн ч яагаа ч үгүй байна гэж өөрийгөө голж билээ. 
Мах болчихсон дүр эсгээд шунуулж гуядуулаад 

1980 онд 59 жилийн ойгоор дархан аварга Ж.Мөнхбат намайг нэг жил өнжүүлээд дахин наймын даваанд амлаж барилдсан ба долоогийн даваанд улсын заан Д.Мягмарыг амалж нэлээн удаан барилдаж байгаад солгой давхар ачих гэж урагш зүтгээд, эргээгээд бусгаад амархан давчихаж билээ. Би Мөөөө аваргад амлагдаад гарахын өмнө эмчилгээ хийлгэчихээд ирж явсан Д.Мягмар заанаа тосож уулзангуут, аварга ямар байна гэсэн чинь мах болчихсон санаснаа шууд хий гээд өнгөрөв. Энэ хооронд би засуулаасаа гараад шуудран очсон чинь, үнэхээр их ядарсан, элэг бүс нь сув сул, хөлс нь цувчихсан байхаар нь зориг орж хоёр шуу руу нь хүчтэй цохиод баруун золгоод, би энэ хооронд бодохдоо “За ингээд давуулаад гуядахад л гарцаагүй минийх боллоо. Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох хоёрын нэгтэй барилдаж аз байвал түрүүлнэ эз байвал удаална гэж бодоод шууд давуулаад гуядчихсан чинь их өндөрт хийрч унахаар явсан аварга чинь навтасхийн өөрийнхөө баруун хөлөөр миний баруун хөлийг өхийлдчихөөд тарвага даллаж байгаа хүн шиг гүйж ирээд тахимаа авахдаа “Мөнгөн минь , уучлаарай. Ах нь чиний энэ мэхний алдааг хоёр жил нууцалж хадгалж яваад сая нүдээ аниад хийчихлээ. Нуусан юм нутгаар тарна гэгчээр энэ боллоо” гээд хоёр гарын шуу атгаад тахимаа авсансан. Аварга ёстой тооцоолон бодох машин юм даа. 

Ташаагаа цоортол хэвтэнэ... 

Ж.Мөнхбат аварга хэвтэр дутахаараа бөх хүн сайн барилдаж чадахгүй гээд ташаагаа цоортол хэвтэнэ шүү дээ. Ингэж хэвтэж чаддаг нь хэд байсан бол? 

“Галзуу” явахад хөлөө өргөхөд... 

Ж.Мөнхбат аваргыг ид аархаж омголон явах үед нь хөлөө өргөхөд машин зогсдог байж, хариад ирэхийн цагт… хөлөөрөө биш бүхэл биеэрээ хаагаад ч дайраад алчих дөхөх юм гэж гутрангүй өгүүлдэгсэн. 

Малгай тэгшхэн барьж бай нутгийг нь харуулаад өгнө... 

Ид аархаж хамраа зангидаж явахдаа аварга наадах малгайгаа тэгшхэн барьж бай нутгийг нь харууламз гэдэг байжээ. 

Энэ цэрэг чинь юу хийдэг билээ... 

Нилээд харимагдуу хойноо Ш.Лүгдэв гуайгаар засуулахаар гарсан Ж.Мөнхбат аварга Лүгдэв гуай, Энэ цэрэг чинь юу хийдэг билээ гэж халаглан асуудаг байжээ. Ш.Лүгдэв гуай байгалийн хууль гэж залуудаа тийм байсан аварга одоо ийм болчих гэж харамсан өгүүлдэгсэн. 

Ж.Мөнхбат аваргыг салам зодно... 

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаяяихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч дээ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: “ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд: “өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм .талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ