...
...

Алдарт Шумахерын бүрхэг “ирээдүй”

Агуу Михаэль Шумахерын биеийн байдалд дүгнэлт хийжээ. Гунигтай, гэвч бодит дүгнэлт аж.

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 оны гуравдугаар сарын 18-нд Михаэль Шумахер Формула-1-ийн нисгэгчийн хувьд өөрийн сүүлчийн сезоноо эхлүүлж байсан билээ. Харин 2013 оны 12-р сарын сүүлчээр тэр цанаар гулгаж байхдаа толгойдоо маш ноцтой гэмтэл авсан юм.

Тэгвэл дэлхийн долоон удаагийн аварга, домогт Михаэль Шумахерын биеийн эрүүл мэнд одоо ямархуу байгаа юм бол?

Алдарт герман эр комын байдлаас гарч чадсан хэдий ч түүний ар гэрийнхэн болон менежер нь удаан хугацаанд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа. Иймд АР агентлаг Шумахертай төстэй гэмтэл авсан олон өвчтөнд тусалж байсан, Британийн нэртэй мэдрэлийн мэс засалч Колин Шифф-д хандан тайлбар хүссэн байна.

Михаэлийн эрүүл мэндийн байдал одоо ямар байна вэ?

“Тодорхой байгаа мэдээллүүд болон түүний гэмтлийн дүр зургаас харахад, тэр тархины маш ноцтой, эргэлт буцалтгүй гэмтэл авсан байна. Үүний уршгаар түүний тархи энгийн эрүүл хүнийх шиг ажиллах боломжгүй болсон. Гэмтэл авснаас хойш урт удаан хугацаа өнгөрөх тусам ямар нэгэн эдгэрэл сайжрал явагдах магадлал төдий чинээ багасдаг. Түүний биеийн байдал одоотой харьцуулахад илүү дээрдэн өөрчлөгдөх явдал бараг байхгүй гэж болно”.

Тархины үйл ажиллагаа нь сэргээгдэх ямар боломжууд байгаа бол?

“Бүрэн дүүрэн сэргээгдэх ямар ч боломж байхгүй. Энэ тухай статистик тоо баримт болон мэдрэлийн эмнэл зүйн шинжлэх ухаан тодорхой хариулна. Тэгээд ч гэмтлээс хойш нэлээн удаан хугацаа өнгөрчихөж. Тэр булчингийн сулралд орчихсон учраас нүдээ нээгээд ярьдаг боллоо гэхэд, ой ухаанаа алдсан байх магадлалтай. Тэр урдын Михаэль Шумахер биш болсон. Электроникийн хөгжил дэвшлийн ачаар түүний нүд амны хөдөлгөөнийг уялдуулж гайхамшгийг бүтээж болно. Тэрээр өөрийн хүүхдүүдийг харж, дуртай хөгжмөө сонсож мэдрэн, гарыг нь илэхэд баярлах боломжтой болж магадгүй”.

Тийм эмчилгээ хэр удаан үргэлжлэх вэ?

“Америкийн эрүүлийг хамгаалахын системд нэгдүгээр зэрэглэлийн эмнэлгүүдэд анагаахын тусламж үйлчилгээг маш удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж бараг байдаггүй. Магадгүй, Михаэлийн гэр бүл түүнийг тиймэрхүү эмчилгээгээр удаан хугацаанд хангах санхүүгийн боломжтой байх. Иймд түүний хувьд ирээдүй нь нэлээн сунжрах хэдий ч чанарын хувьд төдийлөн дээрдэхгүй болов уу. Ийм эмчилгээний долоо хоногийн зардал 200 мянган евро байдаг гэж сонсож байсан”.

Шумахерын албан ёсны төлөөлөгчид юу ярьж байна вэ?

Михаэль Шумахерын менежер Сабине Кем: “Түүний хөгжөөн дэмжигчдийн зүгээс харамсал илэрхийлсэн явдалд гэр бүл нь их талархаж байна. Гэвч түүний эрүүл мэндийн тухай мэдээллийг олон нийтэд тараахгүй гэдгийг хүмүүс ойлгож байгаа” гэжээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ