...
...

Мөрөөдөл нь 20 минутын дотор “будаа” болжээ

Колорадогийн оршин суугч 26 настай Тэннер Бродвелл, 24 настай Никки Уолш хэмээх хосууд амьдралаа үндсээр нь өөрчлөхөөр шийдсэн байна. Тэд өөрсдөдөө байсан бүх мөнгө болох 10 мянган доллараар 8 метр урт далбаат завь худалдаж аваад, ажлаасаа гарцгаан, тэнгисийн аялалдаа гарчээ.

Тэдний мөрөөдөл ийнхүү биелэх нь тэр! Гэвч энэхүү аз жаргал тийм ч удаан үргэлжилсэнгүй... Энэ тухай Daily Mail мэдээлсэн байна. 

Аялал эхэлснээс хойш хоёр хоногийн дараа тэдний завь усан доор ямар нэгэн хатуу биет мөргөсний улмаас гэмтэн живж эхэлжээ.

“Би өөртөө байсан бүх хөрөнгийг зараад олж авсан зүйлээ 20-хон минутын дотор алдсан” хэмээн Бродвелл өгүүлсэн байна. Бүх юм хоромхон зуурт болж өнгөрөн, азгүйтсэн хосууд нохойтойгоо хамт, гар дээрээ 90 доллар, нийгмийн даатгалын карттайгаа үлдсэн аж.

Эхлээд бүх зүйл маш сайхан байсан гэнэ. Харин John’s Pass тохой руу завь орох үед тэдний зүг чиг заагч төхөөрөмжид асуудал үүсчээ. Тэдний навигацийн карт нэлээн хуучирсан байсан учраас бодит байдлыг төдийлөн оновчтой зааж чадаагүйн улмаас завь нь усан доорх ямар нэгэн зүйлийг мөргөж, Никки золтой л ус руу уначихсангүй.

Ингээд завь гэмтэн ус орж эхлэнгүүт тэд аврах албанд дуудлага өгсөн байна. Аврагчид 40 минутын дараа очихоор амласан бөгөөд тэднийг хүрч ирэхэд завь хэдийнэ ус руу живээд далд орж байжээ.

Тэннер, Никки нар зөвхөн нохойгоо шүүрч аваад, аврагч хөлөг рүү гарсан байна.

Тэд өөрсдийн завийг усан доороос гаргуулахын тулд 10 мянган доллар шаардлагатай болсон бөгөөд тэр мөнгө одоогоор тэдэнд байхгүй аж.

Энэхүү газрын зураг дээр хосуудын далайн аяллын эхлэл, төгсгөлийн цэгүүд дүрслэгджээ.

Сонирхолтой нь, хос хоёрын хэн нь ч өмнө нь далбаат завь жолоодож байсан туршлага байхгүй гэнэ. Гэвч энэ нь тэдэнд саад болоогүй аж. Бас л “мангар” зориг шүү...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ