...
...

Жүжигчин эр киногоо амьдрал дээр хэрэгжүүлэн баривчлагджээ

“Мөрдөгчид” цувралын жүжигчин Алексей Насонов Холбооны Аюулгүйн Зөвлөлийн ажилтнуудын хараанд өртсөн байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, жүжигчин-мөрдөгч эр хууль бусаар баримт материал цуглуулан, түүнийгээ сонирхсон этгээдүүдэд худалддаг бололтой.

Жүжигчин-хувийн мөрдөгч Алексей Насоновын офис Москвагийн төвд Сухаревийн талбай дээр байрладаг аж. Мөрдөгч эр тэнд үйлчлүүлэгч нартайгаа уулзалт товлон, цуглуулсан мэдээллүүдээ дүн шинжилгээ хийн ярилцаж, хариуд нь хөлс, урамшуулал авдаг байж.

Харин түүний ажлын өрөө яг хаана байдгийг тэр хавийнхан нь сайн мэддэггүй гэнэ. Магадгүй, энгийн орон сууцны байранд ч байж мэдэх.

Алексей Насоновыг баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн дунд нэлээн шуугиан тарьжээ. Учир нь, тэр бол теле цувралын од жүжигчин. Тэрээр хувийн мөрдөгчдийн тухай алдартай цувралын гол дүрийг бүтээсээр нэлээн хэдэн жилийн нүүрийг үзээд байгаа билээ.

Кинонд тоглохоосоо өмнө Алексей Москвагийн Бабушкин районд хэсгийн цагдаагийн газарт ажилладаг байсан бөгөөд теле цувралыг бүтээгчидтэй санамсаргүй байдалтай танилцсанаар түүний амьдрал орвонгоороо эргэсэн аж.

Цагдаагийн хошууч тэрээр халагдах өргөдлөө бичиж өгөөд, өөрийгөө бүхэлд нь кино урлагт зориулахаар  шийджээ. Теле цувралын рейтинг өсөхийн хэрээр жүжигчин эрийн алдар нэр даган өссөн байна.

Жүжигчин-мөрдөгч эр Орос орны өнцөг булан бүрээс ирэх телевиз үзэгчдийн захидалд дарагдаж эхэлсэн гэнэ. Киноны алдартай мөрдөгч эрийг хүмүүс өөрсдийнх нь зовлонг шийдвэрлэхэд тусалж өгөөч хэмээн гуйх болжээ.

Ингээд Насонов өөрийн хувийн мөрдлөгийн товчоо нээхээр шийдсэн байна. Тэрээр өөрийн энэхүү ажлын тухай реклам сурталчилгааны бичлэгийг интернетэд байршуулсан аж.

Одоогийн байдлаар, түүнийг хувь хүний мэдээллийн халдашгүй байдлыг зөрчин, утасны яриа чагнасан хэргээр буруутгаад байгаа бололтой. Хууль ёсоор бол, хувийн мөрдөгчид энд тэнд сонсох төхөөрөмж байршуулах, утасны яриа чагнах, хоорондын захидал харилцааны нууцыг задлах хориотой байдаг аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ