...
...

Э.Лхамноржмоо: "Авьяаслаг Монголчууд"-ын тайзнаа итгэл дүүрэн өгзгөө хөдөлгөнө гэж хэн ч төсөөлөөгүй байх

Сүүлийн үед залуусын дунд гудамжны бүжиг хэмээх тодотголтой бүжгийн төрөл хүчээ авсаар буй. Хэдхэн жилийн өмнө гудамжны гэдэг тодотгол муу муухай бүхэнтэй хоршин ард иргэдийн дунд ойлгогддог байсан бол өнөөдөр дэлхийн хэмжээнд хүрч болох авьяасын үүр уурхай болжээ. 

Бид энэ удаагийн дугаартаа гудамжны бүжгээр хичээллэж бусдад урам зориг, итгэл найдвар, эрүүл чийрэг бие бялдар, авьяас чадвар олгож буй "The keepers" охидын хамтлагийн ахлагч Э.Лхамноржмоо буюу Лилиг урьж ярилцлаа. Тэрбээр сонирхол нь хэрхэн ажил хэрэг болон хувирсан талаарх сонирхолтой түүхээ  бидэнтэй хуваалцсан юм. 

Чиний хувьд "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэгт орж твирк хийж олныг гайхшруулж байсныг санаж байна. Сүүлийн үеийн сонин хачнаасаа хуваалцаач?

- Нэг тийм түүх бий. Нэг мяраалаг охин гарч ирээд хэнээс ч санаа зоволгүй "Авьяаслаг Монголчууд" шоуны тайзнаа итгэл дүүрэн өгзгөө хөдөлгөнө гэж хэн ч төсөөлөөгүй байсан байх. /Инээв/ Сүүлийн үед "Perfect" бүжгийн шоунд хамтлагаараа оролцоод бэлтгэл сургуулилт гээд жаахан зав муутай байлаа.

Хамтлагийнхаа тухай яривал?

- Манай хамтлаг охидын гудамжны бүжгийн хамтлаг бөгөөд байгуулагдаад хоёр жил болж байна. Үндсэн 15 гишүүнтэй. Одоогоор гурав нь гадаадад байгаа. Бүжиглэдэг төрлүүд гэвэл твирк, попин гэх мэт.

Олон гишүүнтэй, хүн нэг бүр өөрсдийн сонирхсон төрлөөр хичээллэдэг. Тэгээд нэгдээд хамтарч бүжиглэдэг дээ. Ерөнхийдөө үндсэн чиглэл нь hip hop, dancehall, twerk.

Хамтлагийнхаа нэрийг яагаад "The Keepers" гэж нэрлэсэн бэ?

- Анх манай хамтлаг шинэ жилийн халтуур хийх зорилгоор байгуулагдаж байсан юм. Тэгээд эхний дэглэлтүүдийн дараа хамтлаг болоод цаашдаа бүжиглэсэн нь дээр юм байна гэж шийдээд "Өргөө-2" кино театрын танхимд хоорондоо нэг цаг ярилцаж байгаад төрөл бүрийн чиглэлээр бүжиглэдэг охидууд байсан учраас бүжгийн урлагийг эзэмшье гэсэн утгаар "Кeepers" гэдэг нэр өгч байсан. 

Лили ямар мэргэжилтэй вэ?

Би сэтгүүлч мэргэжлээр СУИС-ийн РТМУС-ийг 2016 онд төгссөн. Ерөнхийдөө төгсөх курсийн оюутан байхдаа л хамтлагаа нээж, бүжигт улам их өөрийгөө зориулсан гэж хэлж болно.

Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажилласан уу?

- Үгүй дээ. Ихэвчлэн бүжгийн багш, фитнессийн багш, секц дугуйлан, хамтлагийн бэлтгэл гээд л өдөр хоног өнгөрч байна. Гэхдээ мэргэжлээрээ хэзээ нэгэн өдөр ажиллана. Юуны өмнө урдаа тавьсан зорилгодоо хүрэх хэрэгтэй учраас энэ асуудлыг түр хойш тавьсан байдалтай байна даа. 

Мяраалаг хүмүүс бүжиглэнэ гэдэг зарим хүмүүсийн ой тойнд нэг л бууж өгөхгүй байгаа юм шиг санагддаг. Чи энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Би багаасаа л бүжиглэсэн учраас хөдөлгөөн хийхэд хэцүү санагддаггүй. Хүн болгонд их бага хэмжээгээр асуудал байдаг. Жишээ нь, би жижигхэн нүдтэй, би тарган, майга хөлтэй гэх мэт. Миний хувьд мяраалаг гэдэг нь үнэн гэхдээ энэ нь намайг бүжиглэх эрхгүй гэсэн үг биш шүү дээ.

"Би бүжиглэх дуртай, гэхдээ би тарган" гэдэг бодол миний амнаас гарах ёсгүй, бодолд ч төрөх ёсгүй гэж би боддог.  

Хааяа нэг сайхан биетэй, хөөрхөн охидтой өрсөлдөх үедээ "яаана даа" гэж бодох үе гардаг. Тухайн үед би өөрөөсөө "яагаад үгүй гэж, юу нь болохгүй байгаа юм бэ?" гэж асуудаг. Ер нь бүжиглэх гэдэг харагдах байдал биш байхгүй юу. Намайг зүгээр сууж байхад "аа энэ нэг тарган охин" гэж харж байгаа хэрнээ бүжиглэж эхлэхэд тэр бодлоо мартчихсан байдаг. Хэрвээ чи загвар өмсөх хүсэлтэй бол өмсөх хэрэгтэй, тайзан дээр алхах хэрэгтэй. Өөрийгөө хэзээ ч голж болохгүй, эцэг эх чинь чамайг голоогүй байхад хүслээ гүйцээж чадахгүй шантрах гэдэг үнэхээр утгагүй асуудал. 

Лили хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ?

- Би 6-р ангиасаа бүжиглэж эхэлсэн дээ. Яахав сургуулийн дугуйлан гээд л явдаг хүүхэд байсан. Яг гудамжны бүжгээр гэвэл 6 жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн. Эхний гурван жил яг ямар чиглэлээр бүжиглэхээ мэдэхгүй бүх төрлийг туршиж үзээд өнгөрсөн. Сүүлийн гурван жил хаана, яаж, ямар хүмүүстэй,  юу хийхээ ойлгосон гэж хэлж болно. 

Анх гудамжны бүжгээр хичээллэж, үүгээр явах ёстой гэдгээ яаж мэдэрсэн бэ?

- Анх "Belly dance"-ээр хичээллэж эхэлсэн. Энэ нь ч надад таалагддаг байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа нэг л уйдаад ирсэн. Би өөрөө байнга хувьсан өөрчлөгддөг, шинэ зүйлд дуртай учраас сонирхол маань буурчихсан. Тэгээд өөрийн хүсэл сонирхолдоо тааруулан хип хоп бүжгийн сургалтад суусан юм. Тэгээд надад бүр төсөөлж байснаас ч илүү их таалагдсан. Хайрцаглагдсан сэтгэлгээ гэдэг зүйл огт байхгүй, өргөнөөр сэтгэх боломжийг олгодог. Үүнээс хойш л өнөөдрийг хүртэл сонголтондоо үнэнч байна даа. 

Чиний хувьд хамтлагийн ахлагч шүү дээ. 15 хүнийг нэг хүн шиг, эв нэгдэлтэй удирдах хэцүү биз?

- Олон хүнийг удирдах гэдэг амархан биш гэдгийг хамтлаг байгуулаад мэдсэн. Анх зүгээр нэг бүжгийн багш юм шиг "тэдэн цагт бэлтгэлтэй, би дэглэлт хийчихлээ та нарт заагаад өгье" гэх мэтээр л явдаг байсан. Яг одоо 2 жилийн дотор манай хамтлагт орсон гишүүдээ тоолох юм бол 20 гаруй хүмүүс бий. Гарж ороод гэх үү дээ.  Энэ үйлдэл олон давтагдаад ирэхээр хүн арай өөрөөр хийх ёстой гэдгээ ойлгож эхэлдэг юм билээ. Би хамтлагийн гишүүдээ цалинжуулдаггүй учраас захирал ч юм уу босс шиг харьцаж чадахгүй шүү дээ. Тийм учраас хамтлагаа яг гэр бүл шиг байлгахыг хүсдэг. 

Түүний бүжгийн хичээлийг ЭНД-ээс үзээрэй

Яагаад?

Хүн хэзээ ч гэр бүлээ орхидоггүй биз дээ. Бүр ямар ч үед. Ээж аавыгаа гомдоогоод эсвэл муудалцлаа гэж бодоход хэсэг хугацаа өнгөрсний дараа буцаад л эвлэрдэг. Хэзээ ч, ямар ч үед нэг нэгнээ орхидоггүй, хэцүү цагт тусалж, бие биенийгээ дэмждэг учраас л хамтлаг гэдэг гэр бүл шиг л байх ёстой гэдгийг ойлгосон. 

Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ?

- Сая би тэмцээнд ороод, түүнийхээ үр дүнгээс хамааран том шийдвэр гаргах төлөвлөгөөтэй байсан. Надад ямар мэдрэмж төрөхөөс шалтгаалан цаашдын зорилгоо тодорхойлохоор шийдсэн. Тэгээд тэмцээндээ амжилттай ч юм шиг, үгүй ч юм шиг оролцсон. Гэхдээ надад төрсөн ганц мэдрэмж нь "Би энэ зүйлийг хийх ёстой юм байна. Орхих ёсгүй юм байна" гэдэг бодол. Миний цаашдын зорилго гудамжны бүжгийг Монголд маш сайн ойлгодог болох хэмжээнд хүртэл явах. 

Бүжгээр хичээллэсний давуу тал нь юу вэ?

- Хүн нэг кино үзээд олон мэдрэмжтэй гарч ирдэг шиг бүжиг ч гэсэн ялгаагүй. Маш олон давуу талыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс нь мэдэрч сайхныг нь олж хардаг гэсэн үг. Миний хувьд өөрийнхөө төсөөлж ч байгаагүй шинэ дүр төрхийг бүжиглэх үедээ олж хардаг. Хүн бүжгээр хичээллэж эхлэхэд маш олон зүйлийг зэрэг сэтгэж, тархи нь ажиллаж 90 хувь нь эерэг зүйл бодож эхэлдэг. Сайхан мэдрэмжийг авч бусдад зөв энерги тараадаг. Ерөнхий давуу талууд мэдээж хөдөлгөөний эвсэлтэй, зөв хандлагатай гэх мэт шүү дээ. 

Гудамжны бүжиг гэдгийг нийгмийн хэсэг бүлэг хүмүүс буруу ойлгох нь бий. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Хүмүүс ихэвчлэн буруу замаар ордог гэж ойлгодог юм шиг санагддаг. Үгүй, харин ч эсрэгээрээ бүжиглэх тусмаа хүн өөрийгөө хүмүүжүүлээд л явж байдаг. 

Ярилцсанд баярлалаа.

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • хөөрхөн догь юмаа, амжилт хүсье,

  • iim targan haragdaach

  • махлаг хүн бүжиглэнэ гэж бараг байдаггүй байх.энэ охины хувьд маш содон дүр төрх,ховрын бараа.Авяаслаг монголчуудад ч үзсэн,одоо UB-телевизээр ч үзэж байгаа .үнэхээр зоригтой өөртөө итгэлтэй гоё бүжиглэдэг охин.ХӨөрхөн ч охин.fen нь болоод байгаа ш дээ

Онцлох мэдээ