...
...

Токио хотыг сүйрүүлсэн хараалтай кимоно

1657 онд тухайн үеийн Эдо /одоогийн Токио/ хотод аймшигт түймэр дэгдсэн бөгөөд “фурисодэгээс гарсан түймэр” хэмээн түүхэнд нэрлэгдэн үлдсэн аж. Фурисодэ гэдэг нь сүйт бүсгүй, эсвэл нөхөрт гараагүй залуухан бүсгүйчүүдэд зориулсан үнэтэй, гоёмсог кимоног нэрлэдэг байж. Маш өндөр үнэтэй учраас фурисодэг худалдаж авсан хүмүүс ихэвчлэн хаялгүй, удам дамжин өмсдөг байсан гэнэ.

1657 оны гуравдугаар сарын 2-нд Эдо хотод нэгэн тийм гоёмсог кимононы ээлжит эзэн нас барсан байна. Талийгаач бүсгүй маш залуухан байсан бөгөөд удаан хугацаагаар өвчилж байгаад онош нь тодролгүй таалал төгссөн аж. Гол нь, тэрээр уг кимоног эзэмшигч гурав дахь хүн байжээ. Тэрхүү фурисодэг өмсөж байсан өмнөх хоёр эмэгтэй ч мөн адил шалтгаанаар нас барсан байж.

Ингээд гурав дахь эзэн нь нас барангуут талийгаачийн хамаатан уг кимоног хараал шингэсэн хэмээн сэжиглэж шатаахаар шийдсэн гэнэ. Гэвч тэрхүү фурисодэ энэ ертөнцтэй тийм ч амархан салж хагацахыг хүссэнгүй. Түүнд шингэсэн хараал маш хүчирхэг байсан бололтой.  

Ингээд уг кимоног гадаа гал дээр шатааж байтал гэнэт хүчтэй салхи дэгдэн, галтай оч үнс нурам ийш тийш цацагдсаны уршгаар өнөөгийн Токио хотын бараг 70% нь үнс нурам болж, 100 мянга гаруй хүн амь үрэгдсэн нь Японы түүхэн дэх хамгийн томоохон гамшгийн нэгэнд тооцогддог аж.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ