...
...

Хөлгүй усан сэлэлтийн тамирчин охин олныг гайхшруулж байна

Залуу бүсгүй Цянь Хуньяны түүх дэлхийн олон мянган хүний бахархал хайрыг татаад зогсохгүй олон сая хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл, найдвар нь болжээ.

2000 онд 4 настай байхдаа золгүй тохиолдлоор автын осолд орж хоёр хөлөө тайруулжээ. Энэ явдал балчир охин байтугай том хүнд ч үлдсэн амьдрал нь сүйрсэн мэт санагдах биз. Гэхдээ, Цянь охин зүгээр ч нэг охин байсангүй, түүнд мөрөөдөл байжээ. 
Охин Хятадын зүүн хойд Юньнань мужид төржээ. Цянь охины эцэг эх нь дунджаас доогуур орлоготой тул хиймэл хөл хийлгэх талаар ярих байтугай санасны гарз байв. Гэр бүлийнхэн нь түүнийг ээлжлэн тэвэрч явдаг байв.

Гэвч охин өөрөө бие дааж явах хүсэлтэйгээ өвөөдөө хэлж өвөө нь аргаа барахдаа түүнийг зүгээр л сагсны бөмбөгөн дээр бэхэлж тогтоогоод хоёр гарт нь барилгын шавар өнгөлөгч мод бариулаад “За охин минь, бид нарыг хийж чадах зүйл ердөө л энэ байна даа” гээд санаа алдав. Охин гуньж гутарсангүй, харин ч маш их баярлаж үеийнхээ хүүхдүүдтэй гадаа тоглож, тэр байтугай сургуульд явж эхлэв. Сургуульдаа тэрбээр онц сурч, маш олон найзтай болжээ...

Онц сурдаг хөгжлийн бэрхшээлтэй охины тухай 2005 онд олон нийт мэдсэнээр Бээжингийн нөхөн сэргээх төвийн санхүүжилтээр хиймэл хөл хийлгэж тухайн хиймэл хөлөн дээрээ анх удаа тогтон явж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. 2008 оны параолимпийн тэмцээний усан сэлэлтийн төрлийг зурагтаар үзсэнээс хойш Цянь охин усан сэлэлтээр хичээллэхийг хүсч Параолимпийн аварга болох зорилго өөртөө тавьжээ. Үүнээс яг 2 жилийн дараа “сагсан бөмбөгөн” охин бүх хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын усан сэлэлтийн аварга болжээ. 
2012 оны Лондоны параолимпийн тэмцээнд орж чадалгүй хасагдсан ч 2014 онд бүх хятадын усан сэлэлтийн аварга дахин болжээ. 2016 онд түүний мөрөөдөл биелж Рио Де Жанейрогийн параолимпод хятадын шигшээ багт орж чаджээ. Тухайн олимпд медальт байранд шалгарч чадаагүй ч гэсэн одоо тэрбээр дөнгөж 19 хөн настай, цаашид олон ч олимпд оролцож, олон ч медальт байранд шалгарах нь гарцаагүй гэж дэлхий даяараа итгэж байна.
Чөлөөт цагаа Цянь өөрийн хайртай гэр бүлтэйгээ хамт өнгөрөөхийг маш их хүсдэг. Яагаад гэвэл гэр бүл нь түүнд энэ их итгэл найдварыг хайрласан гэж үздэг байна. “Урам хугарснаас яс хугар” гэж үг энэ түүхэнд биеллээ олжээ. Хүмүүс минь, хэзээ ч битгий ойр дотныхоо итгэлийг бөхөөж, сэтгэлийг унтрааж байгаарай. Сэтгэлд галтай байхад амьдрал жаргалтай байдаг ажээ. 
Бээжин хот, Параолимпийн тамирчдыг бэлтгэх төв. 2017 он.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ