Заримдаа зовлон сайн талтай, тэр бидэнд байгаа боломж, хүчийг ил гаргаж өгдөг.
1961 оны өвөл. Антарктидад шинээр байгуулагдсан ЗХУ-ын судалгааны баазад ажиллаж буй 13 хүн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байв. Судалгааны багийн эмч нь Леонид Рогозов гэх залуу бөгөөд багийн гишүүдийн эрүүл мэндийг хариуцна.
1961 оны дөрөвдүгээр сарын 29-нд Рогозовын дотор муухайрч, халууран улмаар хэвлийн доод хэсэгт өвдөж эхлэв. Эмч хүний хувьд Рогозов энэ шинж тэмдгийг сайн мэдэж байв. Тэрбээр мухар олгойн цочмог үрэвсэл тусчээ. Мэс засалд орохгүй л бол тэрбээр үхэх аюултай байлаа. Гэвч хамгийн ойр байрлах ЗХУ-ын бааз 1,600 км зайтай. Цасан шуурганы улмаас онгоц нисэх боломжгүй байв. Амьд үлдэх цорын ганц зам өөрөө өөртөө мэс засал хийх... Тэрбээр баазынхаа цорын ганц эмч нь байсан юм.
Рогозов өдрийн тэмдэглэлдээ ингэж бичсэн байв. “...Өнгөрсөн шөнө унтаж чадсангүй. Маш их өвдөж байна....Би ганцхан арга замын тухай бодож байна. Өөрөө өөртөө мэс засал хийх. Энэ боломжгүй ч байж мэднэ. Гэхдээ гараа хумхиад сууж чадахгүй нь...”
Гайхалтай нь тэрбээр үүнийг хийж чадсан юм. Дараа нь энэ талаараа тэмдэглэсэн байдаг. “Би бээлийгүй ажилласан. Харахад маш хэцүү байлаа. Толинд харж байсан хэдий ч урвуугаар нь харуулдаг тул ихэнхдээ хуруугаараа тэмтэрч байв. Зүсэлт хийж байхдаа мухар олгойгоо гэмтээсэн тул буцааж оёх хэрэгтэй боллоо. Бие маань сульдаж, толгой эргэж байв. Дөрвөөс таван минут тутамд 20-25 секунд амарч байв. Эцэст нь үрэвссэн сэртэнг авч чадлаа.
Хамгийн аймаар нь зүрхний цохилт удааширч, гар яг л резин шиг санагдаж байсан тэр үед "ингээд дуусдаг юм байжээ" гэж бодож байсан. Гэвч удалгүй би өөрийгөө аврагдсаныг мэдсэн...”
Үүнээс хоёр долоо хоногийн дараа Рогозовын бие илааршиж, ажилдаа эргэн орсон бөгөөд түүний энэ түүх анагаах ухааны түүхэнд хамгийн алдартай жишээнүүдийн нэг болсон юм.
Н.Норжоо
Эх сурвалж:Дэлхийн танин мэдэхүй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
агуу юм аа