...
...

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7202 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 157 нэгж буюу 7.8 хувиар буурсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн бие бүрэлдэхүүн зургаадугаар сарын 23-ны 09:00 цагаас 28-ны 09:00 цаг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд албаны бэлэн байдлыг хангаж ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3091 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 1233 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1353 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 590 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.5 хувиар буурсан байна. Хан–Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/80 дугаартай захирамжийн хүрээнд Морингийн даваа, Биокомбинат, Өлзийт хорооллын шалган бүртгэх товчоо болон Яармагийн шалган бүртгэх товчоонд зөөврийн постыг байрлуулж өдрийн цагаар, Төвийн салааны аюулгүйн тойрогт 24 цагаар хайрга, дайрга зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлан тогтмол хяналт тавин ажиллаж 503 том оврын ачааны автомашины жолоочид 4.192.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан ажилласан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Нийслэл хот орчмоор өнгөрсөн хугацаанд 2-3 удаа бороо орж хуурайшилтын эрсдэлийн аюулын зэрэг буурсан, цаашид цаг уурын байгууллагаас борооны үүлний нөхцөл бүрдсэн тохиолдол зориудаар нөлөөлж хур тунадасыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар халж, иргэд Туул гол дагуу амрах, аялах байдал ихэсч байна. Нийслэлийн Засаг даргын А/316 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулан, Туул гол дагуу 2 ээлжийн завьт эргүүл ажиллуулж, иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулга, заавар, зөвлөмж өгөх арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна” гэлээ. 

“Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 8 нь бага, 6 дунд эрсдэлтэй үнэлэгдэж, дунд эрсдэлтэй зуслангуудад 50 заалт бүхий 7 албан шаардлагыг хүргүүлэн, зөрчил илэрсэн 6 зусланд  нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн Засаг даргын А/452 тоот захирамжийн дагуу 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа, хоол үйлдвэрлэл, зочид буудлын чиглэлийн нийт  7636 ААН-д 284 байцаагч хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтын давхардсан тоогоор 5151 газрын архи согтууруулах ундааг битүүмжлэн, хяналт тавьж ажилласан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан зар мэдээллийг сайн явуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах” хэрэгтэйг хэлээд наамдын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэнэтийн гамшиг, осол зэрэгт бэлэн байдлыг хангуулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох, санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ