Билл Рассел нь АНУ-ийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бостон Селтикс багт төвийн тоглогчийн байрлалд 13 улирлыг өнгөрүүлэхдээ НБА-гийн аварга цолыг 11 удаа хүртэж, НБА-гийн бүх оддын тоглолтын оролцогчоор 12 удаа, улирлын үнэ цэнэтэй тоглогчоор 5 удаа тодорч Бостоны ноён оргил, бат бэх цайз нь байсаныг илтгэдэг.

Мэдээж түүний мэргэжлийн лигийн түрүүний тоо НБА-д ч гэлтгүй Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн амжилт тогтоосон, мэргэжлийн лигт орохоосоо өмнө Үндэсний коллежийн АШТ-д хоёронтоо (1955, 1956), АНУ-ын шигшээд багтан 1956 оны олимпийн наадамд тус тус түрүүлсэн гээд олон олон амжилтыг үзүүлсэн.

Селтиксийн ноёрхол, НБА-гийн нуршгүй, цуцашгүй багана Билл Рассел тоглогч-дасгалжуулагчийн эрэмбэтэй тоглодог байжээ. Энэ мэт сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрээ 2011 онд Ерөнхийлөгч Барак Обамагаар үнэлүүлэн Эрх чөлөөний одонгоор шагнуулжээ.

НБА 2009 онд шувтаргын тоглолтонд гялалзсан тоглогчид олгодог хүндтэй шагналыг Билл Расселийн нэрэмжит болгосон түүхтэй.
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250