...
...

Г.Болдбаатар, Д.Сумъяа нар финалд шалгарлаа

Өнөөдөр Германы Дюссельдорф хотноо IJF-ийн энэ оны хамгийн эхний Гран При тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж манай хоёр бөх аваргын төлөө хүч үзэхээр шалгаран үлдлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар аваргын төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр В хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрын даваандаа эзэн орны бөхийг 2 вазари үнэлгээгээр ялжээ. Г.Болдбаатар аварга хэсгийн аваргын төлөө Францын залуу од, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Валид Кхяртай таарсан ч өрсөлдөгч нь хутгах мэх хийх үед хөлөө гэмтээснээр барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Улмаар хагас шигшээд Бразилийн Фелипе Пелимийг нэмэлт цагт вазари үнэлгээ авснаар яллаа. Бразилийн бөх А хэсэгт эхний тойрогтоо дэлхийн аварга, олимпийн мөнгөтэй Казахстаны Елдос Сметовийг өрсөлдөөнөөс хасчээ. Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин С хэсгийг тэргүүлэн барилдаж, Тайвань, Кыргызстаны бөхчүүдийг ялаад хагас шигшээд монголчуудын эртний танил Гүржийн Амиран Папинашвилид вазари алдан улмаар даралтаар цэвэр ялагджээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Их Британы Ашли МакКензи хүч үзнэ.
Мөн энэ өдөр олимп, дэлхийн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа аваргын төлөө шалгараад байна. Тэрбээр дэлхийн чансааг тэргүүлэн барилдаж байгаа бөгөөд А хэсгийг толгойлон эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрдугаар тойрогтоо Бразилийн бөхийг ялжээ. Түүнчлэн хэсгийн аваргын төлөө 52 кг-д олимп, дэлхийгээс медальтай Францын Присилья Гнетог нэмэлт цагт цэвэр ялаад хагас шигшээд 2014 оны дэлхийн аварга Японы Наэ Удакаг торгуулиар сөхрүүлсэн байна. Одоо тэрбээр аваргын төлөө Европын залуучуудын аварга Германы Тресса Столлтой хүч үзнэ.
Мөн энэ өдөр хүч үзсэн манай бусад бөхчүүдээс 2016 оны Азийн аварга Д.Алтансүх хамгийн олон тойргийн барилдаан хийж, шагналт 7-р байр эзэлсэн бол 48 кг-д Э.Гэрэлмаа нэг ялалт байгуулсан бол 57 кг-д Б.Энхрийлэн, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар эхний даваандаа бүдэрчээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ