Монгол хүн анх удаа дэлхийн ноён оргил болох “Эверестед” гарлаа хэмээх гарчигтай мэдээний эзэн, дэлхийн зургаан тивийн ноён оргилд авирч энэ цаг үеийн шалгарсан уулчин бол МУГТ Г.Өсөхбаяр билээ.
Тэгвэл тэрээр саяхан хүндхэн бэртлийнхээ дараа Андийн нуруунд далайн түвшнээс дээш “6962” метрт орших Өмнөд Америкын ноён оргил “Аконкагуа” ууланд авиралтыг хийж, өндрийн бэлтгэл хийсэн байна.

МУГТ уулчин Г.Өсөхбаяр тун удахгүй Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” ууланд авирахаар төлөвлөж бэлтгэлдээ гарчээ. Монгол хүний тэсвэр, тэвчээр хатуужлын бодит жишээг дэлхий дахинд нотолж байгаа шилдэг уулчин маань “Өмнөд Америкын ноён оргил болох “Аконкагуа” ууланд авирсан нь том зорилгын өмнөх сайхан бэлтгэл боллоо. Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон “Таван толгой” ХК-ий гүйцэтгэх захирал Р.Сэддорж, Олимп фитнессийн хамт олонд байнгын бэлтгэл хангахад гүн туслалцаа үзүүлдэгт талархаж буйгаа илэрхийлье хэмээн” өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.
Дэлхийн хоёр дахь ноён оргил болох “K2” ууланд манайхны хэлдгээр баргийн аавын хүү гардаггүй уулсын нэг юм. Далайн түвшнээс дээш “8611” метрт орших энэхүү уул нь олон шилдэг уулчдын амийг авч оддог Дэлхийн хамгийн эрсдэлтэй уулсын нэг гэдгээрээ алдартай.

Манай уулчин МУГТ Г.Өсөхбаярын хувьд өмнө нь олон том оргилуудад авирч байсан хашир туршлагатайгаас гадна Дэлхийн ноён оргил “Эверест”-ийн оргилд урд, хойд буюу хоёр талаас нь авирч мөн хойд туйлд хүрсэн анхны Монгол хүн гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн нэгэн. Энэ удаагийн “Аконкагуа” ууланд авирахад “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр болон “Өмнөговь аймгийн засаг дарга” Н.Наранбаатар нар түүнийг дэмжиж тусалсан байна. Монгол Улсаас тэр дундаа Өмнийн сайхан говиос төрөн гарсан энэ цаг үеийн шилдэг уулчиндаа амжилт хүсэж Монгол түмэнтэйгээ удахгүй сайхан мэдээгээр уулзахын ерөөл хүсье.
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250