Өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмтэй хөл нийлүүлэн амьдрахын тулд дасгал хөдөлгөөн нэн шаардлагатай болж байгаа. Тэгвэл үүнийг хэрэгжүүлэх хамгийн сайн арга зам нь фитнесс. Фитнесс нь эмэгтэйчүүдийн хувьд бие бялдрыг зөв сайхан хөгжүүлэх, цаашлаад гоо сайханд хүртэл өндөр үр дүн үзүүлдэг. Сүүлийн үед фитнесээр хичээллэх охидын тоо өссөн ч ялгарч чадаж байгаа цөөн хэдэн хүмүүс бий. Тэдний нэг 2017 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн, Пауэрлифтингийн улсын аваргийн хүрэл медальт, 2014 оны бодибилдингийн улсын аварга, Азийн аваргийн топ 6 миссийн нэг Б.Уранзаяатай ярилцлаа.
Нэр: Б.Уранзаяа
Байршил: Улаанбаатар хот
Төрсөн он сар өдөр: 1995.10.26
Өндөр жин: 166см, 55кг
Ямар мэргэжилтэй вэ?
ШУТИС-д Хятад хэлний техникийн орчуулагч мэргэжлээр суралцдаг. Энэ жил төгсөнө.
Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?
- Анх 2013 оноос жимд явж эхэлсэн. Би хөгжимчин хүн байлаа. Багаасаа биеийн тамирт ордоггүй гараа эвдэнэ гээд хөдөлгөөн хийдэггүй байсан юм. Тэгээд дан сууж хөгжимөө давтдаг ер нь хөдөлгөөнгүй хүүхэд байсан. 11 р ангидаа ороод гэдэс хэсгээрээ их таргалаад сургуулийнхаа хажууд Тайхар гэдэг фитнесст найзтайгаа бүртгүүлээд явж эхэлсэн. Тухайн үед тайхар клубын багш Өлзийхишиг надад тэмцээнд бэлдэх санал тавьж энэ спортын тухай ярьж өгсөнөөр гараагаа эхэлсэн. Тухайн үед гоё сайханг нь мэдрээгүй, тураад гоё биетэй болно гэсэн үг л намайг энэ спортоор хичээллэж ажил амьдралаа холбох эхлэл болсон.
Анх фитнэссээр хичээллээд турах гэж байсан хүн тухайн үед хэдэн кг тай байсан бэ?
Анх 56, 57 байсан санагдаж байна. Яг одоо сайн санахгүй л байна.
Ямар хөгжим тоглодог байсан бэ?
Ятга хөгжим тоглодог байсан. Одоо бол тоглохгүй байгаа.

Таван жилийн хугацаанд хэр их тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн бэ?
- 2014 оны хот улсын аваргад орсон. Тухайн үед одоог бодвол цөөхөн охид ордог байсан. Одоо бол их олон эмэгтэй тамирчидтай болсон. Үүнийхээ хэрээр их өрсөлдөөнтэй улам сайн болсон. 2014 онд 2 тэмцээнд оролцож түрүүлээд Азийн аварга луу явах эрхээ авч Шриланк улс руу тэмцээнд оролцож топ 6-д орсон. Үүний дараа хэсэг хугацаанд амарч 2016онд Зуны фитнесс өдөрлөгт фитнессийнхантайгаа оролцоод санаандгүй байдлаар эмэгтэй эрэгтэй модель заавал үзүүлбэртэй гээд оролцоод шилдэг хос болсон. Энгийн бэлтгэлээ хийж байсан л үе байсан болохоор урамшаад ахин тэмцээнд орно гэж бодоод 2017оны хотод ахин оролцож түрүүлсэн. Мөн Поверлифтийн тэмцээнд сая 1.15нд Улсын аваргаар орж үзээд таталтаар хүрэл медаль авсан.
Ер нь энэ спортод орсноор давуу болон сул талууд юу байв?
- Бодибилдинг гэдэг спорт өөрөө бүх спортын суурь болохоор аль ч спортод ороход асуудалгүйг ойлгосон. Мэдээж сул тал гэхээсээ илүү давуу тал их байсан. Хувь хүн өөрийгөө бүрэн ялан дийлж, тэсвэр тэвчээр гэх хэцүү зүйлийг өөртөө шингээж сурдаг. Энэ спорт бол эрүүл мэндийн спорт. Хүний биед ямар хоол хүнс юу хэрэгтэйг ойлгож авна. Муу хоол хүнс болон хорт муу зуршлаас хол болдог. Ер нь энэ спортоор хичээллэснээр эрүүл зөв амьдралын хэвшилтэй болдог.
Эрүүл амьдралын хэвшил гэдэг зүйл таны амьдралд хэрхэн өрнөдөг вэ?
- Өглөө босоод л орой унтах хүртэл өрнөдөг. Өдөр бүр бэлтгэлээ хийнэ. Хүн өдөр бүр хоол хүнс идэх ёстой гэдэг шиг дасгал хөдөлгөөнөө заавал хийдэг. Яаж ийж байгаад л бэлтгэл хийхэд цаг зав гаргадаг.

Та хоол хүнсний хувьд ямар дэглэмээр явдаг вэ?
- Гурил будаа давс сахар хэрэглэхгүй мах ногоо жимс сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ер нь хоол хүнсээ шарж хуурч биш жигнэж чанаж л иддэг хүн дээ би. Сүүлийн нэг жилийн турш яг энэ байдлаар жингээ барьж байгаа.
Монголчууд өөрсдөө махсаг төрлийн хүмүүс. Сайхан чанасан мах, хуушуур бууз идэх хүсэл хэнд ч төрдөг. Энэ асуудал дээр та яадаг вэ?
- Өө ер нь бол байнга л өлсдөг гэхэд хилсдэхгүй. /инээв/ Тэвчээд л өнгөрдөг дөө. Гэхдээ 7хоногын бүтэн сайн өдөр хүссэнээ идээд амардаг юм.
Тун удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байна. Та энэ баяраар ч гэсэн шоколад идэхгүй юу?
- Идэлгүй яахав бага хэмжээгээр иддэг. Дасгалаа хийгээд шатаачихдаг болохоор идчихдэг үе бий. Бүтэн сайн өдөр таарвал бүр ч хориглох зүйлгүй бага хэмжээгээр иддэг. Харин тэмцээний үед бол ямар ч баяр болж байсан хамаагүй зөвхөн дэглэмээ барьдаг.
Нууц биш бол та найз залуутай юу
- Байхгүй ээ завгүй хүнд олддоггүй юм байна гэж боддог. Өөртөө ч амрах зав гаргаж чадахгүй байгаа болохоор энэ асуудлыг хойш нь тавьсан байгаа.
Ирээдүйн нөхөр болох хүнээ ямар байгаасай гэж боддог вэ?
- Намайг ойлгож дэмждэг байгаасай л гэж боддог
Тэсвэр тэвчээр гэдэг зүйлийг та өөрийнхөөрөө тодорхойлбол?
- Эмэгтэй хүн ер нь байгалиасаа эр хүнээс тав дахин илүү тэвчээр хатуужилтай байдаг. Өөрийгөө ялан дийлэх л тэсвэр тэвчээр гэж үздэг.

Одоо хаана бэлтгэлээ хийдэг вэ?
- Хавай фитнесс клубт
Та сурахын хажуугаар ажилладаг гэж ойлгож болох уу?
- Тиймээ. Тэгж ойлгож болно.
Хэцүү үе хэр их байна. Сурангаа ажил хийнэ, бэлтгэлээ хийнэ гэхээр?
- Ерөөсөө хэцүү байдаггүй. Хүн ер нь завгүй байх тусмаа өөрийгөө хүчиллэж их ажил амжуулдаг юм шиг санагддаг. Харин ч энэ амьдралын хэмнэлээсээ маш их эрч хүч авдаг. Хийх зүйл багасах тусам хүн жоохон юмыг хойш тавьж залхуурч эхэлдэг юм.
Төгс бие галбир, эрүүл хооллолт, гоо сайхан бол салшгүй холбоотой зүйл. Энэ зүйлд хүрэхийг хүсдэг ч төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй. Энэ төрлийн хүмүүсд зориулж юу гэж хэлмээр байна.
- Хүн бол энэ байгаа амьдралдаа өөрийн байж болох хамгийн сайхнаар амьдраад л үхэх ёстой гэж боддог. Тэр тусмаа эмэгтэй хүн болоод төрсөн л бол өөрийн байж болох хамгийн төгс хувилбарыг л бүтээх хэрэгтэй. Гадна төрх болон дотор төрхөө ч мөн адил зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Үр хүүхэд, хань ижил, эцэг эх мөн хамгийн гол нь өөрийнхөө төлөө эрүүл зөвөөр амьдраасай, жоохон л хичээгээд та залхуурал болон буруу хэвшлээ засаарай л гэж хэлмээр байна. Хорвоо дэлхийд эмэгтэй хүн л өнгө, үнэр, амт оруулдаг юм шүү. Та бол түүний нэг. Тиймээс яг одооноос эхлэн тууштай байж хичээх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

Таны нүдээр фитнессээр хичээллэж байгаа болон зааж байгаа хүмүүс хэрхэн харагддаг вэ?
- Сүүлийн үед маш олон фитнесс клуб нээгдсэн. Энэ спортоор олон залуус хичээллэж байгаад баярладаг ч ихэнх хүмүүс хэрхэн яаж хурдан турах уу, яаж хурдан булчинтай болох уу гэдэг. Тэгэхээр энэ асуулт маань их буруу байгаа юм. Яахав элдэв тураах болон булчин нэмэх эм бэлдмэл хэрэглэж болно. Энэ бол таны л сонголт. Гэхдээ энэ нь эрүүл мэндээ хөнөөж байгаа хэрэг. Ер нь хурдан амархан олдсон зүйл болгон хурдан нурдаг. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд тууштай байж, цаг хугацаанд яарах хэрэггүй л гэж хэлмээр байна. Зааланд дуртай нэг нь багшилж байгаад их харамсдаг. Одоо л энэ спорт эрчимтэй хөгжиж байгаа учир мэргэжлийн багшлах заах арга зүйтэй чадварлаг багш дасгажуулагчыг бэлтгэн гаргах олон сургууль, сургалт улам хөгжих байх гэж боддог.
Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн ихэвчлэн хэрэглэдэг өөх шатаагч болон нэмэлт хэрэглээний талаар тодруулмаар байна.
- Ер нь бол тамирчдад л зориулсан гэж би боддог. Тусгай бэлдмэл уусан үедээ бид маш хүнд бэлтгэл хийгээд уусгачихдаг гэсэн үг. Тэгэхээр энгийн хүмүүс баахан юм хольж хэрэглээд бэлтгэлээрээ бүрэн шатааж дуусгаж чадахгүй тохиолдолд элэг бөөр цөсөө гэмтээж байгаа юм.
Энгийн эмэгтэй хүнээс та хэр зэрэг илүү дасгал хийдэг вэ?
- Ер нь жирийн хүнээс 3.дахин илүү гэж хэлэхэд болно.
Хамгийн сүүлд орсон тэмцээнийхээ сэтгэгдлээс хуваалцаач?
- Хамгийн сүүлд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээний өмнөх гурав хоног нэлээн айдастай байсан. Сандраад охидууд ч лаг болсон байлаа. Миний хувьд гурван жил тайзан дээр гараагүй болохоор их айсан. Харин тэмцээнийхээ өдөр үнэхээр хамгийн айдасгүй тайван хүн би байсан. Хайртай эмээгийнхээ дээлийг өмсөөд л сууж байсан. Хүмүүс гайхаад яасан амар байхын гээд л. Тэгээд тайзан дээрээ гарсандаа. Маш сайхан үнэхээр үгээр хэлэхийн аргагүй тийм гоё мэдрэмжийг авч чадсан. Аз жаргалтай тэр хэдхэн хормууд миний хувьд маш их үнэ цэнэтэй байсан.
Яагаад тэмцээнд оролгүй гурван жил өнжсөн бэ?
- Өөрийгөө голоод улам сайжирмаар санагдаад мөн хичээл ажил гээд зав гаралгүй гурван жилийн тэмцээнийг өнжсөн байгаа. Тэмцээнд бэлдэхэд бүтэн цаг зав хангалттай байж л ордог болохоор их ядардаг.

Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?
-Сургуулиа амжилттай төгсөөд гадагшаа спортын дасгалжуулагч багш болон спортын эмчээр суралцана . Тэгээд онол дээр суурилан олон улсад гарсан тамирчин болно гэж бодож байгаа.
Залуу хүний хувьд монгол улсын өнөөгийн байдлыг хэрхэн хардаг вэ?
- Хүмүүс хямраад байна, утаатай байна гээд л их стрессдээд байдаг. Миний хувьд энэ асуудлыг огт анзаардаггүй, мэддэггүй. Аль болох болж байгаа зүйлсийг л мэддэг. Манай орон гоё шүү дээ. Хүн өөрөө л хөдөлмөрлөөд явхад хаана ч сайхан амьдарна. Гоё сайханг нь л харж урагшаа тэмүүлж амьдрах хэрэгтэй юм шиг харагдаад байгаа. Боломжийг өөрөө өөртөө бий болгох хэрэгтэй. Ялангуяа залуу хүн.
Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэе.
Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн өндөр амжилт хүсэе.


А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
hicheel zutgeleeree amjiltand hursen saikhan ohind ulam ih amjilt husie
h