Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 2015-2021 оны хооронд нийслэлд 16 мянган өрхийг, орон нутагт 4 мянган өрхийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэж тусгасан байдаг. Эхний ээлжинд ТОСК-ийн хөдөө орон нутаг болоод Улаанбаатар хотод барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Үүнээс нийслэлд 350, хөдөө орон нутагт 579 айл тус тус дээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Тэгвэл Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бүртгэхээр боллоо.Харин орон нутагт бүртгэлийн хугацаа өөр өөр байх юм байна. Тодруулбал, Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийнэ.
Мөн “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэлийг хийх аж.
Түрээсийн орон сууцны журамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулахаар юм байна.
Хэрэв, хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой аж. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/, өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа, байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна гэж журамдаа тусгажээ.
Ийн хэдэн сар дуншин байж батлагдсан тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх нь дамжиггүй боллоо.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn