Гадаадын улс оронд цэцгийн хэрэглээ, соёл, маш өндөр байдаг. Гэтэл манай оронд цэцгийг зөвхөн баяр ёслолын үеэр л хэрэглэдэг. Энэ тухай эгэл нэгэн залуу, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй “Цэцэгт мэндчилгээ” компаний захирал Б.Баттөртэй ярилцлаа.
- Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
- Намайг Б.Баттөр гэдэг. Би 1982 онд УБ хотод төрсөн. Хүүхэд байхаасаа л аливаа зүйлд сонирхолтой, техникт их хайртай байсан.
- Цэцэгт мэндчилгээ сүүлийн үед хүн болгоны мэддэг үйлчилгээ болсон. Хүмүүсийг баярлуулдаг ажлын ард эрэгтэй хүн байдаг гэхээр их сонин байна. Ямар учраас цэцэгтэй амьдралаа холбож бизнесээ эхлүүлсэн бэ?
- Би хувь хүнийхээ хувьд гэгээлэг бодолтой, тайван хүн. Энэ нь магадгүй нөлөөлсөн байх. Миний амьдрал бол цэцэгтэй ойр, яагаад ч юм цэцэг надад тэс хөндлөн зүйл шиг санагдаагүй. Тийм ч учраас энэ бизнесийг эхлүүлэхэд түлхэц үзүүлсэн байх.
- Энэхүү бизнесийг эхлүүлэх санаа анх яаж төрсөн бэ?
- Би их сургууль төгсөөд олон жижиг бизнес хийж байсан. Найз нартайгаа ямар бизнес хийвэл зүгээр вэ гэж байнга ярьдаг байлаа. Тэгж байтал цэцгийн бизнес хийх санаа төрсөн. Манай нэг ах Хөвсгөлөөс олон цэцэг захиалж надаар авахуулсан. Тэгээд авсан цэцгээ явуулах онгоцноосоо хоцорчихсон. Тэр өдөр багш нарын баяр болж байсан учир цэцгээ үхүүлэхгүйн тулд зарж ашгаа олж авч чадсан. Үүнээс үүдэн цэцгийн бизнесийг хийж болмоор юм байна гэж ойлгосон. Гэхдээ яг яаж хийхээ мэдээгүй. Тэр үед зөвхөн пицца хүргэлтүүд л гэж байсан. Цэцгийг лангуун дээрээс худалдаалах биш хүргэж үйлчилж болох юм гэсэн санааг олсон. Цэцэг хүргэх үйлчилгээгээ 2007 оноос эхлүүлсэн.

- Одоогоор хэдэн нэр төрлийн цэцгийг хүмүүст хүргэж байна вэ?
- Ер нь энгийн өдрүүдэд 20-30-аад нэр төрлийн цэцгийг, баяр ёслолын үеэр бол шинэ өвөрмөц цэцгийг түлхүү оруулж ирдэг. Цэцэг захиалдаг хүмүүс маш олон байдаг.
- Анх энэ бизнесийг хэдэн хүнтэй эхэлж байв? Өөрөө л хамаг зүйлээ хийдэг байсан байх?
- Саяхан л даа. Анхнаасаа л өөрөө бүх зүйлийг хийж ирсэн. Би цэцгийг өөрөө арчилж, ургуулж, дизайныг нь гаргах болон хүргэлт, бараа авах гэх мэт зүйлийг хийдэг байсан. Харин бүх зүйлийг өөрөө сурсны дараа хүн ажиллуулах боломжтой болсон. Одоо ч гэсэн хийх дуртай хийж л байдаг. Цэцгийн гоо сайхныг маш их биширдэг. Тэр үед гурвуулаа ажилладаг байлаа. Нэг хүргэгч, нэг цэцэгчин, би өөрөө. Одоо оператор, хүргэгч, дизайнерууд гэх мэт өнөр олуулаа болсон. Тухайлбал, сагс сүлждэг хүн хүртэл байгаа. Сүүлийн үед 10-аад нэр төрлийн цэцгийг өөрсдөө тарихаар 1400 метр квадрат талбайд цэцэгний хүлэмж байгуулсан. Одоогоор үйл ажиллагаа 70-80 хувьтай явж байна. Энэ зуны эхэн сар гэхэд өөрсдийн газар шороон дээрээ тарьсан шинэхэн цэцгээр ард түмнээ баярлуулахаар зорьж байна.
- Монголд ургах боломжгүй, заавал гаднаас авчирдаг цэцэг байдаг уу?
- Байлгүй яахав. Тухайн орондоо дасан зохицсон ургамал цэцгийг бид өөрсдийн газарт ургуулах гэж байна. Хэрэглэгчид маань импортийн цэцгэнд дассан байдаг. Гэтэл бид өөр цэцэг тарих шаардлага гардаг гэх мэт борлуулалтын асуудал үүсдэг. Ер нь Монголд тарих боломжтой цэцэг олон байдаг. Тухайлбал, лилигол, алтанзул, чампайн рөүс, роза, калалил, дэсантус гэх мэт. Эхний ээлжинд үр өгөөжөө авна. Дараа нь нарийн нарийн цэцгийг тарьж эхлэх төлөвлөгөө бий.

- Аль орноос бүтээгдэхүүнээ импортолж байгаа вэ, дэлхийд цэцэгний орон гэж ямар улс байдаг вэ?
- Нэгдүгээрт Хятад улсаас, хориод хувийг Солонгос улсаас нийлүүлдэг. Шаардлагатай үед Орос, Вьетнам улсаас авдаг. Цэцгийн улс гэвэл Европын орнууд байна. Тэр дундаа Голланд, Герман, Чех гэх мэт улсууд байдаг. Эдгээр улсууд нь маш сайн цэцэг тариалдаг бөгөөд бирж байгуулан цэцгээ гадагш гаргадаг. Мөн Эквадор гэж цэцгийн орон байна.
- Цэцгийн соёлын тухайд?
- Улс орон бүр өөр өөрийн гэсэн цэцгийн соёлтой байдаг. Манай Монголд цэцгийн соёл сайн дэлгэрээгүй. Сүүлийн 15 жилийн хугацаанд л эрчимтэй хөгжиж байна. Хүмүүс цэцгийг одоо л хэрэглээндээ оруулж байна. Гоёлын цэцэг бол тансаг хэрэглээ хэвээр байгаа. Цэцгийн хэрэглээ маш бага, төрсөн өдөр, хурим, баяр ёслол гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд л авч хэрэглэдэг. Гэтэл бусад улс оронд гоёлын цэцэггүй зүйл гэж байдаггүй. Тиймээс цэцгийг бүх зүйлд хэрэглэж заншаасай гэж хүсч байна.

- Хүмүүс яагаад бие биедээ цэцэг бэлэглэдэг вэ. Үүний утга учир нь?
- Цэцгийг харсан хүнд эерэг энерги бий болоод зогсохгүй тэр энерги нь долоо хоног биед нь хадгалагддаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Тиймээс цэцэг нь хүнд энерги өгөхөөс гадна хүний бодлыг цэвэршүүлдэг ач холбогдолтой. Хүмүүс бие биедээ цэцэг бэлэглэх нь байгалийн гоо сайхныг ашиглан энерги хайрыг бэлэглэж байгаагаас өөрцгүй.
- Цэцгийг яагаад баглаж, боож хүмүүст бэлэглэдэг вэ?
- Цэцгийн баглаа, боодлын тухайд маш олон төрөл байдаг. Хүн бүр л өөр өөрийн гэсэн дизайныг ашиглан багладаг. Цаас, баглаа боодолд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Хүнд ямар баглаа, боодол өгч байгаа биш цэцэг л өгч байгаа. Тиймээс бид цэвэрхэн баглаа боодлыг эрхэмлэнэ. Ер нь манай цэцгийг харахад энэ байдал ажиглагдана.

- Зарим нэг хүмүүс хайртай хүндээ 999 сарнай гэх мэтээр бэлэглэдэг. Ингэж олноор нь бэлэглэх хэрэг байна уу. Энэ тал дээр?
- Миний бодлоор 999 сарнай бол чухал биш. Үүний оронд маш сайхан дизайн гаргаад, ховор цэцгийг авчруулаад бэлдээд өгвөл илүү зүгээр. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ зөвлөгөө авч өгөх хэрэгтэй.
- Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс хамгийн түрүүнд юуг их асуудаг вэ?
- Анхан шатны мэдлэггүй хүмүүс их орж ирдэг. Ямар цэцгийг ямар бэлгэдлээр бэлэглэдэг гэх мэт зүйлийг их асууна. Тэр болгонд нь бид маш сайн мэдээллийг өгдөг. Мөн хүргэлт үйлчилгээний талаар асуудаг. Манай хүргэлтийн талаарх бүх мэдээлэл flower.mn сайт дээр байршсан байдаг. Захиалга өгөхөд маш амархан хоёр, гуравхан товч дараад л захиалга өгч болно. Манай сайтаас мэдээллийг аваасай гэж хүсч байна.

- Цэцгийн соёлыг дэлгэрүүлэхэд тулгарч байгаа зүйл байна уу?
- Монголчуудаа цэцгийн тухай мэдээллээр хангая гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн орон зай хэтэрхий хумигдмал. Бид өөрсдийн нөөц боломжийг ашиглан сошиалаар л мэдээллийг түгээж байна. Мөн утсаар хүмүүст мэдээллийг өгдөг. Цэцгийн үйлчилгээг зөвхөн манай компани үзүүлж байгаа юм биш. Маш олон газрууд бий. Ер нь таван жилийн дараа гэхэд цэцгийн өндөр хэрэглээ үүснэ гэж харж байна. Гэртээ, ажлын ширээ дээрээ цэцэг тавих, зочид буудал зааландаа цэцэг тавих гэх мэтээр. Бид томоохон арваад зочид буудалтай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь цэцгийн хэрэглээ хурдан өснө гэдгийг харуулж байх шиг. Гагцхүү бид хурдацтай ажиллах хэрэгтэй. Одоогоор бид олон зүйлийг хийхээр төлөвлөж байна
- Танайх үйлчилгээгээ хүмүүст хүргэх гэж зохиодог үйл ажиллагаа бий юу, цаашдын зорилго тань?
- Одоо зун болохоор маш олон үзэсгэлэн зохиогдоно. Тухайлбал, Улаанбаатар цэцэрлэгийн өдөрлөг гэх мэт үзэсгэлэнд цэцгийг сурталчлан таниулах зорилгоор оролцоно. Хэрэглэгч нараа сургахад чиглэсэн олон олон менежментийг хийхээр төлөвлөсөн.
- Оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ яаж арчилж, ямар орчин нөхцөлд хадгалж, хамгаалж байна вэ?
- Энэ бол анх бизнес эхэлснээс хойш хамгийн их тулгарч тулгамдаж байгаа асуудал. Импортын цэцэг бол тодорхой хугацаанд амьдардаг. Тиймээс удаан амьдруулахын тулд тодорхой орчин нөхцөл, нарийн температурт хадгалдаг.
- Ямар цэцэг хамгийн үнэтэй зарагддаг вэ?
- Ховор цэцэг нь үнэтэй. Түгээмэл цэцэг нь хямд байдаг. Тухайлбал бидний мэдэх сарнай гэхэд зах зээл дээр их байдаг учир хямдхан. Харин ховордоод ирвэл мөн л үнэд орж эхэлнэ. Эрэлт нийлүүлэлтээрээ үнэ нь зохицуулагдана. Мөн тогтмол үнээ алддаггүй цэцэг гэж байна. Адринжа гэдэг хүмүүсийн хуриманд бэлэглэдэг, гоо даль ховор хирнээ чамин гэх мэт.

- Зөвхөн танай компани оруулж ирдэг ховор цэцэг гэж байдаг уу?
- Яг одоогоор тийм цэцэг байхгүй. Гэхдээ хэрэглэгчийн хүсэлтээр ховор цэцгүүдийг оруулж ирдэг. Хэрэглэгч ямар цэцгийг хүснэ бид хаанаас ч байсан оруулж ирж чадна. Гадаадын хэд хэдэн том биржтэй манайх хамтран ажилладаг. Манай монголчууд зөвхөн баяр ёслолоор гэлтгүй, энгийн ердийн үед ч цэцгийн хэрэглээг амьдралдаа хэвшүүлээрэй гэж уриалж байна.





Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
sn bn amjilt ulam ilvv ihiig hiij bvteegeerei ahaa
Цэцэг 2хоногийн настай монголчууд хэзээ ч ундсээр нь тастдаггуй байлаа
amjilt.hvsiyee ta bol ih mundag hvn shvv ajild n unduruus undur.amjilt hvsey bayar bolhon az jargal bvriig tsetsegeer tusuulkvi baihiin araggvi mongoldoo number one shv tsetsegt mendchlgeenii hamt olon
Mundag zaluu bna chadjaagaa ymand
сайн байна. чадаж байгаа зүйлд арга байхгүй. ямар хулгай хийж, 76 шиг луйвардаж мөнгө олж байгаа биш
энэ ч чаддаг хүнд мөнгө олох амархан арга байна