Өнгөрсөн оноос эхлээд барилгын салбарт яригдсан томоохон сэдвийн нэг нь орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгон бууруулна хэмээн ярьснаар, байртай болох хүсэл тээн ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон арван залуусын сэтгэл зүрхээр хэсэгтээ л даажигнасан сар өдрүүд байлаа. Мэдээж үүнийг дагаад иргэдийн дунд хэдийнэ хүлээлт бий болсон ч, хариу нь гардаггүй бодлого шиг уг асуудал хоёр ч сайдын нүүрийг дамнан эцэстээ шийдэлд хүрэлгүй, чимээ тасарсан.
Тэгвэл мөн л өнгөрөгч оны сүүлээр Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээр Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан Арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ хэсэгтээ л зогсоож иргэдийн хүсэл зоригоор мөн л даажигнасан. Аз болж, энэ жил сонгуулийн жил тохиож байгаа учир эрх баригчид үүгээр популист хийх нь анхнаасаа дамжиггүй байсан. УИХ-аас ажлын хэсэг гарган иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг зогсоохгүйн тулд хуулийн төсөл боловсруулан мөн энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболд анхаарлаа хандуулснаар сар шинээс өмнө ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэн олгож эхэлсэн юм.
Ипотекийн зээл салбартаа төдийгүй, эдийн засгийн эргэлтэнд орж байдаг
Ипотекийн зээл олгож эхлэхээс өмнө буюу 1921-1990 оны хооронд 100 мянган өрх орон сууцтай болж байсан бол Ипотекийн зээл олгож эхэлсэн гурван жилийн хугацаанд 25 мянган өрх орон сууцтай болсон байна. Үүгээр зогсохгүй 2000-2012 онд жилд 367 мянган м2 орон сууц шинээр ашиглалтад ордог байжээ. Харин ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн 2013-2015 онд нэг сая 322 мянган м2 орон сууц ашиглалтад орсон гэх тоон судалгаа ч бий. Эндээс барилгын салбарын хөгжлийн гол хөшүүрэг нь яах аргагүй ипотекийн зээл олголт гэдэг нь харагдаж байна. Цаашлаад ажилтай, орлоготой иргэнийг мөнгөн хуримтлалд сургаж, нийгмийн дундаж давхаргын хүрээг тэлж, иргэдийн ухамсар, хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх, дотоодын үйлдвэрлэл, тогтвортой ажлын байр бий болгох, эдийн засгаа дэмжих зэрэг олон давуу талыг ипотекийн зээлд хамааруулж болно.
Түүнчлэн сард дунджаар 1300 өрх, жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой гэх тооцоолол хүртэл бий. Ийн орон сууцны ипотекийн зээл хумигдаж орон сууцны борлуулалт үгүй болж барилгын салбар дүн өвөлтэй зэрэгцэн зогсонги байдалд орлоо.
Иргэнээ алагчилсан 5 хувь
УИХ-аас ипотекийн зээлийн шинэ эрх зүйн орчинг бүрдүүлснээр зээлийн хүүг найм биш тав болгож бууруулах боломжтой гэж үзсэн. Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Инфляци 14 хувьтай байхад ипотекийн зээл 8 хувийн хүүтэй хэрэгжиж чадсан. Харин одоо инфляци 2.9 хувь болж буурсан энэ үед ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой” гэж мэдэгдэж байсан ч удаатай. Зээлийн хүү таван хувь болно гэх сургаар иргэдийн дунд хүлээлт үүсч нөгөө талд барилгын салбарт эзнээ хүлээсэн байр нэмэгдсээр л.
Тэгвэл Засгийн газар өнгөрөгч баасан гарагт хуралдсан ээлжит бус хурлаар ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай журмыг гаргасан. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан юм.
Үүнд Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэдээ алагчилсан дээрх шийдвэрээ эрх баригчид эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.
Эл асуудалд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Ипотекийн 5%-ийн хүүтэй зээл гэдэг бол үндсэндээ таван хувийн хүүтэй зээл л өгнө гэсэн үг шүү дээ. Таван хувийн хүүтэй мөнгийг өнөөдөр Монголд ер нь хэн өгөх юм бэ, Ямар тийм банк байна. Таван хувийн хүүтэй зээл өгчихөж чадах ямар газар байна. Тийм банк байна уу, гараа өргө дөө, байхгүй шүү дээ. байхгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Ийн олон нийтэд горьдлого төрүүлээд байсан таван хувийн асуудал иргэдээ “алагчилсан” шийдвэрээр дуусгавар болж байгаа бололтой.
Ш.Адъяамаа
Эх сурвалж: Breakingnews.mn