Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайг баталсан бөгөөд одоогийн байдлаар үндэсний 40 гаруй аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа билээ.
Бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2100 иргэн тохилог сууцаар хангагдсан юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2016 оны анхны барилга болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн 150 айлын орон сууцны ашиглалтанд орсноор 65 айл орон сууцныхаа түлхүүрийг гардан аваад байна.
Тэгвэл өнөөдөр “Ил тод нээлттэй Улаанбаатар” -1000 сэтгүүлчийн форум болж энэ арга хэмжэээний үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнаас хэрэв байр авч, Ипотекийн зээлд хамрагдсан тохиолдолд зээлийн хүү найм биш таван хувь руу шилжих боломжтой гэдгийг” онцлон хэллээ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Mash heregtei medeelel bn bayarllaa