Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг барих ажил 2013 оноос яригдаж эхэлсэн. Тэгвэл энэхүү ажлын эхлэл тавигдаж, Тавантолгойн цахилгаан станцыг барих гүйцэтгэгч компани шалгарсан байна. Тодруулбал, Төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор дэлхийд нэр хүнд бүхий бие даан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP-Independent Power Producer) 25 компанид санал хүргүүлснээс 10 компани төсөлд оролцох сонирхолоо илэрхийлж нэр бүхий 4 компанид Техникийн болон Арилжааны ажлын даалгавар хүргүүлжээ. Үе шаттай сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр Японы "Mарубэни" корпорацийг “Шалгарсан хөрөнгө оруулагч”-аар 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Тавантолгой Цахилгаан станц төслийн Удирдах хороо хуралдаж тодруулсан байна. Төслийн техникийн зөвлөхөөр Австралийн "WorleyParsons", Санхүүгийн зөвлөхөөр Японы "Sumitomo Mitsui Banking Corporation" , Хуулийн зөвлөхөөр АНУ-ын "Shearman & Sterling", Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг Английн "Mott MacDonald" компаниуд хийж гүйцэтгэсэн байна.Мөн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллажээ. Төсөлд шалгарсан "Марубэни" корпорацийн тухай “Дэлхийн 22 оронд нийт 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч компани” гэснээс өөр мэдээлэл олон нийтэд байхгүй юм. Тийм учраас “Марубэни” корпорацийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорилоо.
Тариачин залуугийн даавууны бизнес “Марубэни” корпорацийн суурийг тавьжээ
“Марубэни” корпорацийг үндэслэгч нь Ито Тюбэй нэртэй тариачин гэж үздэг ажээ. Тэрээр 1858 онд 16 настайдаа амьдралдаа тун чухал алхам болсон гэрээг хийжээ. Тюбэй маалинган даавуугаар хийдэг хувцасны үйлдвэрийг худалдаж аваад Осакад заржээ. Гэрээ амжилттай болж тэр зургаан алтан зоостой болсон гэдэг. Энэ нь шинэ бизнест нь анхны хөрөнгө оруулалт болсон юм. Тюбэй янз бүрийн даавуу худалдаж авна. Кимоно, шумуулын тор гэх мэт. Тэрийгээ залуу эр том хотуудад зардаг байв.
1872 онд Осака хотын худалдааны төвд Ито Тюбэйн анхны дэлгүүр нээгдэв. Харин 1883 оноос компани «Марубэни» нэртэй болжээ. Амжилттай бизнес нь Тюбэйд АНУ-д нэхмэл экспортлох боломж олгосон байна. Бүр дэлгүүрийнхээ багахан салбарыг Сан-Францискод нээв.
Ито Тюбэйн үндэслэсэн компани сайн удирдагч нарын болон тэдний үе залгамжлагчдын ачаар өргөжиж дотоод, гадаадын зах зээлд байр сууриа бэхжүүллээ. «Марубени» нэртэй худалдааны газар болж, Хятад, Солонгост даавуун бүтээгдэхүүн хийдэг болов.
Дэлхийн хоёрдугаар дайны өмнө «Марубэни» компани тод ялгарч, зөвхөн даавуун бүтээгдэхүүн бус хоол хүнс, эм хийх болж, Хятад, Манжуур, Солонгост нийлүүлж байв. АНУ-ын цэргийн ажиллагаанаас болж 1945 онд олон улсын нийлүүлэлт түр зогсжээ. Компани худалдааны хоёр, үйлдвэрлэлийн хоёр фирм болж хуваагдах хэрэгтэй болов. Үйл ажиллагаагаа өөр хүрээнд аваачих шаардлага ч тулгарав.
Харин дараагийн сэргэлт нь 1950-иад оны дундуур болов. «Марубэни» компани олон төрөлт худалдааны компани болж, Японы баруун урд хэсэгт, Осакагийн төвд хөгжив.
Ингэсээр 1966 онд «Марубэни»-ийн бүрэлдэхүүнд «Тоцу Ко., Лтд.» фирм орж иржээ. Энэ мэт цааш олон компаниар өргөжжээ.
1993 онд «Марубэни Авто» ХХК «Nissan»-тай хамтарч ажиллах болсон байна. Ингэж хөгжсөөр 1996 онд «Марубени Авто» Орос дахь Японы «Nissan»-ы тэргүүлэх дистрибютор болжэээ
1990-ээд онд «Марубэни Фото» байгуулагджээ. Энэ нь Японы Фүжифилм компанийн Орос дахь дистрибютор юм.
2002 оноос энэхүү компанийн Орос дахь салбар албан ёсоор «Марубэни Авто болон Барилгын Техник» болжээ. 2004 онд компани хөнгөн автомашины нийлүүлэлтээс татгалзаж, бүхэлдээ хүнд техник, тусгай тоног төхөөрөмж нийлүүлэх болсон байна.
2006 оны тавдугаар сараас «Марубэни Авто болон Барилгын Техник» компани «Комацу СНГ» фирмтэй хамтарч ажиллах болжээ. Энэхүү фирмийн албан ёсны дистрибюторын хувиар Приволжский, Хойд Кавказ, ОХУ-ын Холбооны өмнөд тойргуудад бульдозер, экскаватор, ачааны төрөл бүрийн машинууд, самосвал, автогрейдер, кранууд, тэрчлэн бусад “Komatsu”-гийн коммунал, зам-барилгын, уулын болон нефть газ нийлүүлэх төхөөрөмжүүд Оросын үйлдвэрлэлд нийлүүлэх болсон. Энэхүү компани Орост 14 салбартай. Эдгээр нь Краснодар, Пермь, Киров, Пятигорск, Сочи, Волгоград, Нижний Новгород, Саранск, Чебоксары, Саратов, Самара, Уфа, Казань, Ижевскт байдаг ажээ.
С.Баяр
Эх бурвалж: breakingnews.mn