...
...

Д.Алтанхуяг​: Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй

Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор  батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд  2015-2021 оны хооронд нийслэлд 16 мянган өрхийг, орон нутагт 4 мянган өрхийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэж тусгасан байдаг. Эхний ээлжинд  ТОСК-ийн хөдөө орон нутаг болоод Улаанбаатар хотод барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Үүнээс нийслэлд 350, хөдөө орон нутагт 579 айл тус тус дээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг  баталснаар  хэрэгжүүлэх ажлыг ТОСК хүлээн авсан билээ. Иймээс “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай ярилцлаа.

-БХБ-ын яамнаас “Түрээсийн орон сууц”” хөтөлбөрийн журмыг баталж олон нийтэд танилцууллаа. Ингэснээр танай корпораци нь  мөн гүйцэтгэх дотоод журмаа баталснаар  тус хөтөлбөр бүрэн хэрэгжих учиртай. Хөтөлбөрийн дотоод журам хэзээ батлагдах вэ?

-Засгийн газрын тогтоолоор Төрийн орон сууцны корпораци нь Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. БХБ-ын яамнаас тус тогтоолын дагуу журмыг баталснаар өчигдөр эцсийн байдлаар манайх хүлээн авлаа. Тиймээс бид яамны журамтай уялдуулан тус хөтөлбөрийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг тусгасан дотоод журмаа боловсруулж байна. Өнөөдөр гэхэд, дотоод журмыг боловсруулан дуусгаж холбогдох дээд газартаа  хянуулаад ирэх Даваа гарагт иргэдэд танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Дотоод журамд тусгагдах гол зүйлийн тухайд?

-Яамнаас гаргасан журам дээр нэмэлт зүйл оруулахгүй. БХБ-ын яамны сайдын баталсан тэр журмын дагуу л  холбогдох материалуудыг нь иргэдээс шаардаж, шалгаж оруулна гэж ойлгох хэрэгтэй. Журамд заасанчлан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх гэхээр яг юуг хэлэх юм, мөн орлоготой байна гэхээр  юуг нь үндэслэж тэр хүнийг орлоготой гэж үзэх юм гэх асуудлыг  журамд тодорхой нарийвчлан тусгана. Түүнээс гадна  түрээслэгч үл хөдлөх хөрөнгө болон орон сууцгүй байна гэсэн шаардлагыг тавьсан байгаа.  Энэ нь огт орон сууцгүй  байхыг хэлэх юмуу эсвэл орон сууцтай байж байгаад байхгүй болсныг хэлэх юмуу гэдгийг нь бас нарийвчлан тодруулах шаардлагатай байна. Жишээ нь өөрийн орон сууцаа арав хоногийн өмнө зарчихсан байж болно, эсвэл аав, ээжтэйгээ хамт орон сууцтай байсан ч юмуу  зэрэг нарийвчлан тусгах асуудлууд олон байна. 18 нас хүрэхээсээ өмнө аав, ээжийнхээ эзэмшиж байгаа орон сууцанд бүртгэлтэй байсан иргэдийг бид орон сууцтай байсан гэж авч үзэхгүй. Яагаад гэвэл тухайн иргэн эрхзүйн чадамжгүй  байсан гэсэн үг.

 -“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах гэсэн хүсэлтэй иргэд танай корпорацид хандан бүрдүүлэх материал болон өргөдлийн маягтыг ихээхэн сонирхож байгаа нь үүдээр орж ирэхэд ажиглагдлаа? 

   -Тиймээ, иргэдийн зүгээс бүрдүүлэх бичиг баримтын тухайд гэвэл

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт / тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байх/
  • Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/
  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх шаардлагатай.   Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах иргэдийг гуравдугаар сарын 1-нээс бүртгэж эхэлнэ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

-Орох хүсэлтэй иргэн олон байгаа нь мэдээж. Энэ дундаас сонгон шалгаруулалт яаж явагдах вэ?

-Сонгон шалгаруултын үйл явц ч гэсэн мөн адил дотоод журамд тодорхой тусгагдсан байх болно. Журамд тусгагдсан шаардлагын дагуу материлаа шалгана. Бид  аль болох ил тод, шударга байдлаар тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг явуулна. Өмнө нь Буянт-Ухаа-1 хороолол дээр 1764 айлын сонгон шалгаруулалтад 13 мянган иргэн хүсэлтээ явуулсан байдаг. Эдгээр дотроос бид  сонголтоо зөв хийж, шалгаруулалтыг шударга явуулж  байсан  туршлага байгаа учир  энэ хөтөлбөр дээр ч энэ дагуу явагдана.

-Түрээсийг сар сард нь авах уу?

 -Журмын дагуу иргэд түрээсийг бөөнд нь биш  тухайн сар сард нь төлнө. Жишээ нь гуравдугаар сар гарах гэж байгаа бол гуравдугаар сарын түрээсийн төлбөр нь  урд сарын 25-ны дотор төлөгдөх ёстой.  Түрээсийн нэг сарын төлбөр нь нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна.

-Хугацаа хоцорсон тохиолдолд яах вэ?

-Тэгэхээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд маш хариуцлагатай байх ёстой. Яагаад гэвэл үүний цаана орох хүсэлтэй олон мянган иргэн байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та түрээсийн төлбөрөө гэрээнд заасанд хугацаанд төлөөгүй бол нэг сануулга авна, хоёр дахь боломж байхгүй. Энэ бүгдийг дотоод журамдаа нарийн тусгана. 

  -Байраа түрээслэнгээ урьдчилгаа төлбөрөө төлж өөрийн болгох боломжтой эсэхийг иргэдийн зүгээс их сонирхож байна. Энэ тухайд?

-Өмчлөх асуудлыг энэ удаагийн журамд бид тусгаагүй. Тухайн түрээсийн мөнгө нь тусгайлсан дансанд төвлөрнө. Тэр мөнгө нь ирээдүйн хуримтлалын санг бүрдүүлэх юм л даа.  Өөрөөр хэлбэл, энэ санд цугларсан мөнгөөр дараа дараагийн орон сууцтай  холбоотой хийгдэх ажлуудад зарцуулагдах юм.  Хэрэв өмчилж болноо гэсэн журам нь батлагдлаа гэж үзвэл  сарын түрээсийн мөнгөө төлөөд дээр нь урьдчилгаа хэдэн хувь байна тэр хэмжээний мөнгийг тухайн жилдээ хуваагаад сарын түрээсийн төлбөр дээрээ нэмж төлнө. Ингэж байж 30 хувийн урьдчилгаа төлбөр бүрдэнэ.

-Нөгөө талаас нийслэлд оюутны байр хангалттай хүрэлцдэггүй учир оюутнууд өндөр түрээсээр байр түрээслэж суудаг. Цаашдаа энэ тал дээр ТОСК Их дээд сургуулиудтай хамтран ажиллах уу?

-Энэ бол өөр асуудал. Яагаад гэвэл манай байгууллага төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөг авдаггүй. Засгийн газрын үнэт цаас, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр энэ бүгдийг барьдаг болохоор дээрх мөнгө заавал төлөгдөж байх ёстой. Гэхдээ бид ААН-үүдтэй өрсөлдөхгүй, МУЗГ-аас хэрэгжүүлж буй иргэдээ хямд өртөгтэй орчин үеийн чанарын стандартын шаардлагад нийцсэн орон сууцаар хангана гэсэн төрийн бодлогыг л манайх хэрэгжүүлнэ гэсэн үг. 

Ярилцсан Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ