Хэсэгтээ гацаанд байсан орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн орчин нь хэдий бүрдсэн ч гэлээ иргэд өнөөдрийг хүртэл зээлээ хэвийн авч чадахгүй байгаа билээ. Энэ талаар УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаагаас тодруулахад ийн хариулт өглөө.
"Ипотекийн зээлийн хөтөлбөр маань 2013 оны зургадугаар сараас эхэлж хэрэгжсэн. Энэ хугацаанд нийтдээ 77 мянган өрх 8 хувийн хүүтэй зээлээр байр шинээр авсан болон өмнө нь 18 хувийн хүүтэй банкны зээлээ мөн шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулснаар Ипотекийн зээл түр хугацаанд зогсох нөхцөл үүссэн. Үүнийг Улсын Их Хурал болон холбогдох ажлын хэсгийнхэн хянаж үзээд зайлшгүй буцааж олгох ёстой гэдэгт санал нэгдсэн. Ингээд нэгдүгээр сарын 9-нд дээрх хуульд орсон заалтыг нь буцааж, ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгох явц хэвийн үргэлжлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа. Иргэний тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт орсон байгаа. Ингэснээр хууль эрх зүйн орчин нь цогцоороо бүрдсэн.
Мөн арилжааны банкуудаас хувь хүнд найман хувийн зээл олгох техникийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар бүрэн дүүрэн хангагдаад байна. Иргэд маань фэйсбүүк болон твиттерээр энэ зээл яг банкин дээр очихоор олгогдохгүй байна гэж гомдоллож байна л даа. Яагаад олгогдохгүй байна гэхээр ипотекийн зээлээр баталгаажсан бондын санхүүжилтээр энэ зээл маань зөвхөн орон сууцны санхүүжилтээр босгосон бондоор хэрэгжээд явах учраас бондын нийлүүлэлт, зохицуулалт нь бүрэн дүүрэн хийж чадаагүй байсантай холбоотой. Өнөөдөр бид зээлийн хүүг таван хувь болгох талаар ярьж байна. Бид анх 2013 онд ипотекийн зээлийг гаргахдаа инфляцын түвшинтэй уялдуулаад наймандээр нэмэх, хасах 1 гэсэн нөхцөлтэйгээр хийсэн. Тухайн үед инфляцын түвшин 14 хувьтай байсан бол өнөөдөр 3 хувьтай байна. Тэгэхээр инфляцын түвшин буусан тохиолдолд бид хувь, хүүгээ бууруулаад явах боломжтой юм гэсэн тооцоо судалгаа гаргасны үндсэн дээрээс өнөөдөр таван хувийн зээлийг ярьж байна. Хүүг таван хувьд хүргэхэд холбогдох гэрээ, хэлцэл, журам гээд нийтдээ 14 нэр төрлийн холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, шинээр хийх нөхцөл байдал үүсэж байгаа" гэлээ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ХАРИН ТИЙМ ЭЭ