БХБЯ-ны сайд З.Баянсэлэнгэтэй иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам болон Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох асуудал ямар шатанд яваа зэрэг асуудлаар ярилцлаа.
-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам хэзээ эцэслэн батлагдах уу, Ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Манай улсын нийт өрхийн гуравны нэг нь 500.0 мян. төгрөг хүртэл орлоготой бөгөөд орлогынхоо 80 гаруй хувийг зөвхөн хүнсэнд зориулж хоногийн хоолоо залгуулж амьдардаг тэдгээр өрхүүдийн хувьд халаалттай тохилог орон сууцанд орно гэдэг холын хол мөрөөдөл. Төрийн орон сууцны хамгийн бага талбайтай орон сууцаар тооцоход (34 м2, 1 м2=1350.0 мян.төг) 46 сая төгрөг байгаа нь тэдгээр өрхүүдийн жилийн орлогоос 7,7 дахин их байгаа юм. Эндээс тооцоход тэдгээр өрхүүдийн хувьд байр худалдан авах ямар ч боломжгүй бөгөөд урьдчилгаа 30 хувь болох 13.8 сая төгрөгийг ч хуримтлуулах чадваргүй байгаа юм. Нийгмийн эмзэг бүлэг рүү гулсахад бэлэн байгаа ийм өрхийн тоо нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж байна. Иймд эрсдэлд өртөх магадлалтай, нийгмийн бага дунд орлоготой иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа бөгөөд дээрх асуудлыг шийдэх гол гарц нь Түрээсийн орон сууц хөтөлбөр юм. Мэдээж өөрийн өмчлөлийн орон сууцтай иргэд олон байх тусмаа сайн боловч түрээсийн орон сууцны зах зээлийг тодорхой хэмжээнд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Тэгвэл ”Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Тус хөтөлбөрийн журам үндсэндээ боловсруулагдаад дуусч байна. Иймээс Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр журмыг олон нийтэд албан ёсоор зарлана.
-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд олон байна. Үүнээс эхний ээлжинд хэчнээн иргэн хамрагдах боломжтой вэ?
-Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоол баталж, үүний дагуу тус хөтөлбөр 2015-2021 оны хооронд нийслэлд 16 мянган өрхийг, орон нутагт 4 мянган өрхийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэж тусгасан. Иймээс эхний ээлжинд бид ТОСК-ийн хөдөө орон нутаг болоод Улаанбаатар хотод барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Үүнээс нийслэлд 350, хөдөө орон нутагт 579 айл тус тус дээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой. Түрээсийн нэг сарын төлбөр нь нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.
-Тус журамд тавигдах шаардлагын тухайд?
-Эрхзүйн чадамжтай 21 хүрсэн иргэн байх
-тогтмол орлоготой,
- нийгмийн даатгалын шимтгэл төлдөг,
- тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаагаар амьдарсан,
- төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байх зэрэг шаардлагуудыг тусгасан. Эхний ээлжинд тухайн иргэн таван жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулна. Дараа нь ТОСК-тай ярьж байгаад хугацаагаа сунгуулж болно.
-Тухайн иргэн орон сууцаа түрээслэнгээ урьдчилгаа төлбөрөө төлж өөрийн болгох боломжтой юу?
-Аль болох энэ боломжийг бүрдүүлэх тал дээр судалж байна. Тухайлбал нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэдэд 0 түрээс буюу зөвхөн ашиглалтын зардлаа төлөх, 5+2 жилийн хугацаатай түрээслэх байрны түрээсийн хөлсөн дээрээ ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нэмж, тусгай дансанд төвлөрүүлж, түрээслэнгээ байраа зээлээр авах боломжтой болох, түрээсийн байрыг иргэдэд өмчлүүлэхдээ 10 жилийн хугацаанд түрээслээд хөнгөлөлттэй үнээр худалдан авах, ингэхдээ тухайн байрны баригдсан өртгийн үнэ буюу стандарт үнийг санал болгох зэрэг хувилбаруудыг бодлогын түвшинд судалж байна.
-Нийслэлд хэчнээн иргэн түрээсийн орон сууцанд амьдарч байна вэ?
-Манай яамны судалгаагаар 2013 онд 17800 өрх түрээсийн орон сууцанд хамрагдах санал өгсөн, 2014 онд 22 мянга байсан. Харин 2015 онд ойролцоогоор 27-28 мянган айл өрх түрээсийн орон сууцанд хамрагдах саналаа илэрхийлсэн байгаа.
-Сүүлийн үед иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй нэг зүйл Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох эсэх асуудал байна. Салбарын сайдын хувьд үүнд хариулт өгнө үү?
-Энэ асуудалд манай яам болон миний зүгээс анхаарал хандуулсаар л байна. Энэ ч үүднээс яамны зүгээс УИХ, Монгол банк, Засгийн газарт холбогдох мэдээллээр хангаж ирсэн. Ипотекийн зээлийн хүү 5 хувь руу шилжих нь тодорхой. Бид арилжааны банкны захирлуудтай уулзсан. Тэдний зүгээс ч зээлийн хүүг таван хувь болгох боломжтой гэж үзэж байгаа. Төр нэг хувийнхаа эх үүсвэрийг олгочих юм бол арилжааны банкууд өөрсдийнхээ үйл ажиллагааны зардлыг нэмээд таван хувь болгоход асуудал байхгүй гэж үзэж байгаа.
-Тэгэхээр тус асуудал Төрөөс шийдлээ хүлээж байна гэж ойлгож болох уу?
-Яг тэгж ойлгож болохгүй. Эхний ээлжинд Монгол банк дээр судлагдаад явж байна. Монгол банк журамдаа өөрчлөлт оруулсан нөхцөлд зээлийн хүү 5 хувь болно.
-Хэрэв зээлийн хүү 5 хувь болбол өмнө нь 8 хувийн зээлд хамрагдсан иргэд 5 хувь руу шилжих үү?
-Тийм ээ. Хуучин зээлдэгчид ч зээлийн хүүгээ 5 хувь руу шилжүүлэх бүрэн боломжтой.
-Зээлийн хүү буурлаа гэхэд байрны үнэ өсөх үү, үүнийг салбарын яам хэрхэн харж байна вэ?
-Байрны үнэ өсөхгүй. Яамны хийсэн судалгаагаар Ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 77 мянга орчим тус зээлд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, дунджаас дээш орлоготой иргэд дээрх зээлд хамрагдсан гэж ойлгож болно. Харин одоо бага, дунд орлоготой иргэдээ хамруулахын тулд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн гол зорилго нь оршино. Одоогийн байдлаар 63 мянга орчим иргэн шинээр Ипотеийн зээлд хамрагдах хүсэлтэй байна.
-Барилгын салбарын өнөөгийн төлөв байдалд нэг талаас зээлийн хүү 5 хувь руу шилжих хүлээлт нөлөөлж байна гэж миний зүгээс харж байна л даа. Үүнтэй санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав, гэхдээ нөгөө талаас нийгэм эдийн засгийн доройтол үүнд ихээхэн нөлөөлж байна л даа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар өрхийн сарын дундаж орлого нийслэлд нэг сая 333 мянга, орон нутагт 915 мянга байсан бол энэ хоёр сарын байдлаар өрхийн сарын дундаж орлого 12.6 хувиар буурсан байна. Тэгэхээр иргэдийн худалдан авах чадвар илт буурсныг эндээс харж болно.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn