Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны нэгдүгээр сарын байдлаар ямар үзүүлэлттэй байгаа талаар өнөөдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг, Үндэсний тооцооны хэлтсийн дарга Б.Баярмаа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгтэй нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлттэй холбоотой сэдвээр ярилцлаа.
-Иргэдийн цалингийн хэмжээний талаар ямар судалгаа гарсан бэ?
-Хамгийн сүүлийн буюу 2015 оны гуравдугаар улирлын байдлаар цалингийн хэмжээг тогтоосон судалгаа бий. Улсын хэмжээнд ажиллагсдын цалингийн хэмжээ дундаж нь 853 000 төгрөг байгаа. Энэ бол нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 33 000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын дундаж цалин юм. Дотор нь бүлгээр авч үзвэл 192 000 төгрөгнөөс доош цалин авдаг, 192 000-300 000 төгрөгний цалинтай, 300 000-500 000 төгрөгний цалин авдаг ажиллагсад байна гэж есөн ангиллаар авч үздэг. Эндээс онцолж хэлэхэд 500 000 төгрөгнөөс доош цалин авч байгаа ажиллагсад 40 орчим хувийг эзэлж байна. Харин 500 000-700 000 төгрөгний цалин авдаг ажиллагсад 30-аад хувьтай байна.

-Монгол орны нийгэм, эдийн засаг уналттай байгаа энэ үед гэмт хэргийн байдал ямар байна вэ?
-Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 2050 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулах юм бол 13,9 хувиар буурсан гэсэн дүн гарсан. Гэмт хэргийг бүлэг, зүйл ангиар нь авч үзвэл хүний амь, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг, зам тээврийн ослоос шалтгаалсан гэмт хэрэг буурсан. Харин малын хулгайн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 3,7 хувийг эзэлдэг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өссөн гэсэн дүр зурагтай байгаа.
- Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад хэр өссөн бэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн гэмт хэрэг улсын хэмжээнд 128 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулах юм бол 38 хэрэг буюу 42,2 хувиар өссөн байна.
-Хулгайн гэмт хэрэгт төрөл гэж байдаг байх. Чухам ямар хэлбэр нь сүүлийн дүнгээр давамгай байсан бэ?
-Халаасны хулгай дийлэнх хувийг эзэлдэг. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын байдлаар 873 хулгайн хэрэг бүртгэгдсэн. Гэвч өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12,1 хувиар буурсан. Ер нь хулгай, дээрэм, булаалт бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт багтдаг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бол өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулбал 196-аар буурсан. Энэ нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлсөн гэж үзэж байгаа.
-Хулгай, булаалт, залилангийн хэрэг гэх мэт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг Монголд үйлдэгдээд байгаа нь ажилгүйдэлтэй холбоотой гэж хэлж болно. Тэгэхээр ийм гэмт хэргийг ямар түвшний боловсрол, мэргэжлийн хүмүүс үйлддэг юм бэ. Ер нь Монголд ажилгүйдлийн түвшин сүүлийн байдлаар ямар үзүүлэлттэй гарсан бэ?
-Манайх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг мэргэжил, боловсролын түвшингээр гаргадаггүй. Цагдаагийн ерөнхий газраас дэлгэрэнгүй гаргана. Ер нь улсын хэмжээнд байгаа ажилгүйдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан болж байгаа нь үнэн юм. Улсын хэмжээнд ажиллах хүчний байдал ямар байгааг авч үзэхэд, 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 96,500 иргэд ажилгүй байна. Энэ судалгааг 13 000 өрхийг хамруулан явуулсан. Энэ судалгаагаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх үзүүлэлтийг гаргаж байгаа юм. Улсын хэмжээнд эдийн засгийн 15 ба түүнээс дээш насны идэвхтэй хүн ам бол 1164,1 мянга байгаа. Эдийн засгийн идэвхгүй хүн бол 761 мянга байна.

-Эдийн засгийн идэвхгүй хүн амд ямар хүмүүс багтдаг юм бэ?
-Энэ бүлэгт гэрийн ажилтай, суралцаж байгаа, гэрийн үйлчлэгч, өндөр настай хүмүүс багтдаг. 96,5000 иргэдийн 34,600 иргэд нь Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн байдаг. Эдгээр ажил хайж байгаа иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 46 хувь нь суурь боловсролтой буюу ерөнхий боловсролын сургууль, 10-12-р анги төгсөгчид, мөн бакалаврын боловсролтой дээд мэргэжилтэй хүмүүс эзэлж байна.
- Сүүлийн хоёр жилд нийгэм, эдийн засаг хямарлаа гэж шуугисан. Тэгвэл өмнөх Засгийн газрын нийгэм, эдийн засгийн бодлогыг одоогийн нийгэм эдийн засгийн бодлоготой харьцуулахад ямар ялгаа байна вэ. Саяхан мичин жил гарлаа. Эдийн засаг сэргэж магадгүй гэсэн таамаглал байна. Танай судалгааны дүгнэлтээр Монголын эдийн засаг ямар шалтгаанаар унасан үзүүлэлт гарсан юм бэ?
-Би нийгэм талаас нь хэлье л дээ. Монголын хүн ам жилийн эцэст өсч 3 сая 61 000 хүрсэн. 2015 оны жилийн эцэст төрөлт 80 000 хүрсэн ч 2014 оныг арай гүйцээгүй. Гэхдээ төрөлт өндөр байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Нийгмийн үзүүлэлтүүдийг авч үзвэл өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг өрхийн хэмжээнд зохион байгуулдаг. Энэ судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 849 000 төгрөг, зарлага нь 857 000 төгрөг болсон байсан. Нэг өрхийн сарын дундаж орлого, зарлагыг өмнөх оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 12-13 хувиар өссөн. Бодит мөнгөн орлого өөрөөр хэлбэл, инфляци, үнийн өсөлтийг тооцоход мөн адил 14 хувийн бууралт өмнөх онтой харьцуулахад гарсан. Нэг өрхийн дундаж орлого, зарлагыг авч үзэхэд буурсан дүн гарсан. Ямар орлого буурсан бэ гэвэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого буурсан нь өрхийн орлого буурахад голлож нөлөөлсөн. Харин өрхийн нэг сарын зарлага буурсан нь хүнсний бус бараа үйлчилгээний үнэ буурсантай холбоотой.
Ярилцсан Б.БАЯРМАА
www.breakingnews.mn
Hudal dun medeelehee boliochee. 300.000-600.000 hoorond l tsalin avch bgaa sh dee.Orhiin orlogo ch gesen iimerhuu l ba golduu aild 1 ni ajiltai bgaa sh dee.2ulaa ajil hiideg ni 800.000 hureh bh
Hudlaa shyy.Ulsiin hemjeend tsalingiin dundaj 500.000-600.000 tug l baigaa.