...
...

Аж ахуйн нэгжүүд татварын өртэй, хоорондоо бараа бүтээгдэхүүнээ солилцож байна

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин  Засгийн газрын мэдээ сонины хоёрдугаар сарын 15-ны өдрийн № 031, 032 дугаарт ярилцлага өгөхдөө “Татварын ачааллыг хувийн хэвшлийнхэн удаан тэсвэрлэхгүй” хэмээн онцолжээ. Тэрээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн чиг хандлага, аж ахуйн нэгжид ижил, тэгш боломж хэрхэн олгогдож байгаа талаар ярихдаа “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр өмнө нь бий болсон байсан хөрөнгө албан ёсоор бүртгэгдлээ. Ингэснээр энэ хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдэд албан болон албан бусаар ирдэг дарамтууд тодорхой хэмжээгээр алга болсныг үгүйсгэхгүй. Хууль батлагдсан нь сайн боловч үүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсан уу гэвэл эргэлзээтэй. Бизнес эрхлэгчийн хувьд татвар төлөх нь ойлгомжтой” гэжээ.

Мөн цааш нь манай улсын татварын хувь хэмжээ болон дарамт нь хөгжиж буй бусад оронтой харьцуулахад хэр өндөр байдаг талаар “ Хувь хэмжээ бага гэх боловч давхцсан өндөр татвартай байж боломгүй. Энэ байдал нь эргээд татварын бодлого алдагдах, далд эдийн засаг бий болгоход хүргэж байна. Манай улсын хувьд татварын ачааллаа ажлын байр бий болгож буй 100 хүрэхгүй аж ахуйн нэгжийн нуруун дээр тавьчихдаг. Ийм байдлаар удаан явж чадахгүй. Хөгжиж буй болон хөгжингүй орныг аваад үзвэл татварын орлогын дийлэнх хувийг иргэд нь бүрдүүлж байна. Тэгэхээр манай улсын хувьд иргэдээ ажилтай, өндөр орлоготой байлгахын тулд дотоодын хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Тухайн бизнесийн байгууллага нийт орлогынхоо 34-35 хувийг татварт төлж байна. Үүний цаана зардал гэж бий. Энэ бол өндөр дүн. Бизнес тогтвортой, хэвийн байгаа үед энэ хэмжээний татварыг төлөөд явж тэсвэрлэнэ. Түүнээс одоогийн нөхцөлд ийм татвар төлнө гэвэл хувийн хэвшил улам эрсдэлд орно. Өнөөдөр дийлэнх аж ахуйн нэгж татварын өртэй, хоорондоо бараа бүтээгдэхүүнээ солилцож байна” гэж тайлбарласан байна.

 

Б.БАЯРМАА

Эх сурвалж:  www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ