Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд асан, Монгол Улсын гавъяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор, профессор, сурган хүмүүжүүлэгч Балдангийн Долгормаатай уулзлаа. Сангийн яамны төмөр хатагтай гэж хүндэтгэж ирсэн түүнтэй гал мичин жилийн цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэсэн болон Монголын эдийн засаг сэргэхэд ямар чиг хандлага ажиглагдаж байгаа талаар товч ярилцлаа.
Тэрээр Монголын санхүү, эдийн засгийн албанд домог болон бичигдэж, хөдөлмөр зүтгэл, ажил үйлсээрээ Монголын түүхэнд гайхамшигт эмэгтэй хэмээн хүндлэгддэг юм. Төр нийгмийн зүтгэлтэн, Б.Долгормаа улс эх орондоо 40 гаран жил үр бүтээлтэй ажиллаж, үүнээс 20 жилийг Сангийн яамны орлогч сайдаар тасралтгүй ажилласан байна. Монголын түүхэнд хамгийн олон жил сайдаар ажилласан анхны эмэгтэй сайд, шинжлэх ухааны анхны эмэгтэй доктор,түүхэнд мөнхөрсөн төрийн төмөр хатагтай нарын нэг хэмээн хүндлэгдсэн эрхэм хүмүүн юм гэж Сангийн яамнаас тодорхойлсон байдаг. Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр хийхээс эхлээд үйлдвэрийн техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцоо судалгаа хийж, санхүү эдийн засгийн чиглэлийн бүхий л ажлыг эрэмбэлж, цэгцлэхэд үнэтэй их хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм.
-Долгормаа гуай танд гал мичин жилийн цагаан сарын баярын мэнд хүргэе. Сар шинээ сайхан тэмдэглэв үү. Энэ жилийн цагаан сарын өнгө төрх ямар байна вэ. Та сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Цагаан сараа сайхан тэмдэглэлээ. Цаг агаарын байдал их сайхан байна. Монголын ард түмэн цагаан сарыг үеэс үед хүндэтгэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн цагаан сарын өмнө хүмүүсийн хэрэгцээний зүйлс дэлгүүр, үйлчилгээний газраар элбэг байна. Ард түмэн маань цагаан сараа сэтгэл өндөр, их хөдөлмөрлөж угтаж тэмдэглэсэн байх гэж бодож байна. Тиймээс энэ гал мичин жилд бие биенээ хүндэтгэн, өмнөх жилээс илүү их ажил, амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлж байгаасай гэж ерөөж байна.
-Та 86 жилийн цагаан сарыг үзэж байгаа. Энэ хугацаанд монголчууд цагаан сараа тэмдэглэх ёс заншилдаа хамгийн онцгой ямар өөрчлөлт авчирсныг та ажиглав уу?
-Монголчууд цагаан сараа тэмдэглэх түүхэн явцад ийм, ийм өөрчлөлт гарлаа, ийм эргэлт хийжээ гэж хэлэх юм надад олдохгүй байна. Гэхдээ би онцолж нэг зүйл хэлэхэд монголын ёс заншил дотроос хүнд тус хүргэх нь илүү чухал байдаг. Монголчуудын цагаан сарын баяраа тэмдэглэх ёс заншилд өөрчлөлт орсон эсэхийг дүгнэнэ гэвэл маш том асуудал. Энэ талаар судалсан гүнзгий мэдлэг байх хэрэгтэй. Энэ сэдвийг хэн нэгэн хүн судлаад гаргавал цаашид үе дамжин хөгжих юм даа.

-Та сая хүнд тус хүргэх нь илүү чухал байдаг гэж онцоллоо. Ахмад настай, доктор хүний хувьд монголчууддаа, ялангуяа залуу үедээ хандаж ажил, амьдралын сайхан үнэт сургаал үгээ хэлнэ үү?
-Манай ард түмэн олон арван жил бэлчээрийн мал аж ахуй эрхлэж, аж ахуйгаа хөгжүүлж, амьдралынхаа хэрэгцээг хангах боломжоо жилээс жилд нэмэгдүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Ер нь монголчууд нэгд, бүтээлч, хоёрт, газар орны нөхцөл байдлыг судалж, ашиглаж, ажиллаж ирсэн ард түмэн гэж би боддог. Тиймээс гал мичин жилдээ их хөдөлмөрч байж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, ажил, амьдралаа хөгжүүлж яваарай гэж хэлье.
-Монголчууд эрт үеэс зочломтгой, хүнлэг заншилтай ард түмэн. Энэ бол хүний ёсны эрхэм сайхан харилцаа юм. Гэхдээ хөгжлийнхөө явцад өнөөдөр энэ сайхан харилцааны соёл хэрхэн уламжлагдаж ирсэн гэж та үздэг вэ?
-Монголын ард түмэн нутаг усаараа танилцаж, бие биендээ түшиг болж ирсэн. Нутаг усаараа эрхэлж байгаа аж ахуйгаараа төрөлжиж, зохицуулж ирсэн түүхтэй. Монголын судлаачид энэ чиглэлээр нарийн судлах хэрэгтэй.
-Монгол Улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдрал сүүлийн хоёр жилд нэлээд хямарлаа. Гэвч гал мичин жил их сайхан эхэллээ. Уулзаагүй он жил болсон хүмүүс, садан төрөл, найз нөхдийг уулзуулж, ойр дотно болгож эхэлсэн баялаг жил болж байна гэж хүмүүс ярьж байна. Тиймээс энэ жилд улс орны эдийн засаг сэргэж, иргэдийн амьдрал өөдлөх болов уу. Таны ажиглаж байгаагаар ямар чиг хандлагатай байна вэ?
-Би санхүү, бүртгэлийн мэргэжилтэй хүн. Мэргэжлээрээ л хөдөлмөрлөж явсан. Энэ мэргэжлээрээ багшилж үзлээ, Олон улсын байгууллагад ажиллаж байлаа. Тиймээс би ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан туршлага судалдаг журмыг идэвхтэй хүлээн авч, харилцан тусалж хөгжих хэрэгтэй гэж хэлмээр байна. Шинэ он гараад хоёр дахь сардаа явж байна. Сонин, хэвлэлээс харж байхад цаг агаарын байдал их сайхан байна. Мөн ерөнхийдөө ард түмний амьдрал, улс орны эдийн засагт их тааламжтай жил болж байна. Гэхдээ хаврын мал аж ахуйн тэжээлийн салбарт анхаарч, зохицуулбал мал өсч, ахуй хэрэгцээ, амьжиргаа дээшилж, ард түмэн сэтгэл амгалан байх болно. Хүмүүс хөдөлмөрийнхөө үр дүнд сэтгэл хангалуун амьдрах нь чухал юм. Цагаан сараар тавьсан зорилгоо цагаан сараас хойш биелүүлэхийн тулд хөдөлмөрийнхөө эрч хүч, мэдлэг, бүтээлийг чанаржуулах хэрэгтэй. Энэ жилийн олсон амжилтаа цааш нь хадгалахын төлөө залбирч яваарай. Бид байгалийн нөхцөл байдлаас их хамааралтай учир цагаан сараа их бэлгэдэж тэмдэглэдэг ард түмэн. Мөн манай улс улирлын чанартай эдийн засагтай. Тиймээс шинэ он эхэллээ, сайхан жил гараасай гэж залбирдаг. Сүүлийн жилд эрдэм шинжилгээний судлаач, шинжээчид их болсон учир оройдоо сараа харж, шинжиж ард түмэндээ мэдэгдэж байх нь чухал.
-Та оройдоо сараа харж, залбирдаг уу?
-Би орой бүр сар хардаггүй. Гэхдээ хааяа оройдоо сараа хардаг юм. Ер нь нар, сар хоёрыг монголчууд ажил, амьдралын эвтэй нөхцлийг хангахад байгалиас заяагдсан гэж үздэг. Тиймээс зун, намар, хавар, өвөл гэсэн дөрвөн улиралд нар сарандаа зохицон, эргэлдэж амьдарч байгаа шүү дээ.
-Танд гал мичин жилдээ энх тунх байхыг хүсэн ерөөе.
Ярилцсан Б.БАЯРМАА
Эх сурвалж: www.breakingnews.mn