...
...

Дээл хэмээх гоёл

Дээл бол үндэсний хэв маяг, амьдрал ахуй, зан заншил, түүхийн толь юм. Дээлийн түүх ч олон янз, тайлбар сэлт ч олон янз. Уугуул Монголчуудын дээд өвөг Байгаль нуураас өмнө, Тэнгэр уулаас умард зүгт нүүдэллэн амьдрах “ХУ” нараас  үүдэлтэй. Чухам тэр үеэс байгаль цаг уур, ахуй амьдралд зохицсон хувцас хэрэглэл буюу өнөөгийн Монгол дээлийн ерөнхий загвар үүссэн байдаг. Нүүдлийн соёл иргэншлийн хөлд бидний биет соёлын өвийн үүсэл хөгжлийн түүх тэр бүрий үлддэггүйн тод жишээ дээлийн тухай нарийн тодорхой мэдээ баримт, олдвор ховор байдгаас харагдана. 1920-оод онд өнөөгийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулаас анхны “Хүннү” дээл олдсон байдаг. Хоёр янзын дээл байсны нэг нь урдуураа задгай энгэртэй нүүдэлчин дээл байсан бол нөгөө нь ташуу энгэртэй дээл байсан нь өдгөө ОХУ-н Санкт-Петербург хотноо Эрмитаж-д хадгалагдаж байна. Харин өнөөгийн бидний “Хүннү” дээл хэмээн нэрлээд байгаа дээлтэй ижил загварын дээл нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас олдсон 13-14-р зууны Монгол язгууртны дээл юм. Яг энэ дээлтэй төстэй зураг Рашид Ад Дин “Судрын чуулган”-ны чимэглэлд байдаг. Тэгэхээр “Хүннү” хэмээгдэн нэрлэгдсэн дээл нь 13-р зууны үеийн чиг хандлага гэж ойлгож болно. Харин зарим хүмүүсийн Манж, Хятад хэмээн ад үзэх босоо захтай дээл нь Киданы үеэс эхтэй бөгөөд Нирун, Хамаг Монгол, Их Монгол, Бага хаадын үеийг дамжин Монгол, Манж, Киргиз үндэсний хувцас хэрэглэлд нэвтэрсэн загвар. Ер нь нүүдэлчдийн хувцас хэрэглэлийн олон деталь Хятад, Солонгос, Япон тэр бүү хэл Слав үндэсний хувцасны соёлд ул мөрөө үлдээсэн байдаг. Мөн энд дээлийн нударга нь ахуйн шаардлагаар үүсэж бий болоод улмаар зэрэг зиндаа, бэл бэнчинг илэрхийлэх чимэглэл маягаар Монгол, Манж үндэстний дээлийн загварт үлдсэн байна. Нударгатай дээлийг Манж нар, Монголчуудыг мал мэт сөгдүүлэх далд санаа гэдэг ойлголт нь үндсээрээ буруу бөгөөд Манжийн эзэн хаад, түшмэд хүртэл нударгатай дээл өмсдөг байсан. Дээлийн хэрэглээ 1960-аад оноос хот суурин газар эрс буурсан нь тухайн үеийн соёлын хувьсгалын бодлоготой шууд холбоотой. Харин 1990-ээд оны эхэн үед шинэ тутам улс төрч, улс төрийн намуудын дунд Монгол дээл ихээхэн “Моод” болж үндэсний хувцасны хэрэглээ эргэн сэргэсэн байдаг. Үүнээс гадна манайхны дунд дээлийн загвар, ярианы аялга зэргээр өөр олон ястныг бие даасан үндэстэн хэмээх ойлголт байдаг нь мөн түгээмэл алдаа юм. Тухайлбал Манжийн эрхшээлийн үед хэсэг Монголчууд “Манжийн боол байснаас, Оросын зарц байсан нь дээр” хэмээн салж одсон гэх домогтой бөгөөд, тэднийг бусад Монголчууд буруу зүйл хийлээ хэмээн үзэж “Буруутнууд” хэмээн дуудаж байсан нь цагийн уртад Буриад хэмээн сунжирсан гэх домогтой билээ. Буриад, Дөрвөд, Барга, Үзэмчин, Халх гэх мэт нь бүгд Монгол үндэстний салбар ястан юм. Харин Хасаг бол тухайлан бие даасан түрэг гаралтай үндэстэн билээ.

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ