...
...

Монголын залуу эрдэмтэд хөгжлийн ирээдүйг тодорхойлно

Дижитал шинэчлэл, салбар дундын судлал эрчимтэйгээр хөгжиж буй энэ үед Монголын залуу эрдэмтдийн холбооноос (МЗЭХ) зохин байгуулдаг “Хүрэлтогоот” нийгэм, хүмүүнлэгийн салбарын эрдэм шинжилгээний хурлыг “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “Биологи-Хөдөө аж ахуй”, “Эдийн засаг-Бизнес”, “Технологи-Инноваци” гэсэн 7 салбар холбооны хүрээнд БШУЯ, ШУА, ШУТСан  болон  их, дээд сургуулиудтай хамтран 11-р сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг, АШУҮИС, ШУА-ын төв байранд тус тус зохион байгууллаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд нийт 177 судалгааны бүтээлээс шалгарсан 77  илтгэлийг хэлэлцүүлж, Боловсрол, шинжлэх ухаан сайдын нэрэмжит грантын эздийг тодруулсан. Энэ жилээс шалгарсан бүтээлд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн юм.

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох улмаар дэмжлэг хүртэх тус салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх үйл явцыг дэмждэг үндэсний хэмжээний арга хэмжээ юм.

Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд асан, эдийн засагч, доктор С.Амаржаргал, археологич, доктор, профессор Д.Эрдэнэбаатар болон их, дээд сургуулийн эрдэмтэн докторууд хүндэт зочноор уригдан оролцож, хүндэтгэлийн илтгэл хэлэлцүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэд “Залуу судлаачдын олимп  хэмээн нэрлэгдэх болсон нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хуралд оролцон мэдлэг оюунаа уралдуулж буй эрхэм залуу судлаачдын  хийж буй эрдэм шинжилгээний судалгаа, бүтээлүүд улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлно” гэдгийг хэлж эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлыг онцлон хэлж байлаа. Мөн хурлыг зохион байгуулагч МЗЭХ-ны ерөнхийлөгч, доктор, дэд профессор С.Бямбахорлоо “Бид цаашид инновац хөгжүүлэгч, энтрепренер сэтгэгч, нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэгч залуу эрдэмтэн судлаачдын хамтрах талбар байхын төлөө ажиллах болно” гэж ярьсан юм.

Энэ оны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс дурдвал “Монголын эртний хүний гавлын ясан дээрх нүхжилтийн эмгэгийн судалгаа”,“Элэгний хорт хавдрын эсийн CMNNB1 генийн мутаци ба бета-катенин уургийн нийлэгжилтийн хамаарал”, “Газар хөдлөлтийн урьтал байж болох цахилгаан соронзон орны үзэгдэл шинж”,“Улаанбаатар хотын үерийн эрсдэл, үнэлгээ”, “Улаанбаатар хот орчимд хөлдөлтийн зоорь барихад тохиромжтой газруудыг тодорхойлох судалгаа”, “Хүнсний хордлого үүсгэгч нянгуудыг ялгаах, таних латокст-эсрэгбиеийн технологи, чанарын хяналт” зэрэг сэдвүүд нь цаг үеэ олсон, сонирхолтой судалгааны ажлууд болсон.

Эдүгээ дэлхийн хөгжингүй орнууд мэдлэгийг эрхэм болгож шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн хандлагаар хөгжиж байна. Энэхүү хөгжлийн хандлагыг бий болгохын тулд Монгол залуус өөрсдөө бүтээгч, нийгэмд нөлөөлөгч, хамтарсан хүчийг бий болгож улмаар Монгол оюун ухаан шингэсэн баялгийг Монголдоо бий болгох ёстой гэдгийг залуу эрдэмтэд онцлон хэлж байлаа.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ