...
...

“Дан дээл”-тэй даарав уу, дараагийн ээлж яарав уу

УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу “Давхар дээл”-ний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үүний дагуу холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хийхээр товложээ.

“Давхар дээл”-ний асуудлыг сүүлийн хориод жил бултаараа шүүмжилж байж өнгөрөгч 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цэгцэлсэн. Гэтэл өдгөө УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, Я.Доржханд нар энэхүү өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгчээ.

Шалтгаан нь 2019 онд МАН-ын дангаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох” тухай Үндсэн хуулийн 39.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээ дурдсан.

Сүүлийн 20 жил шүүмжилж, олноороо хэлэлцэж байж оруулсан өөрчлөлтийг хашир бурхинууд ил буруутгахгүй байна. Яагаад гэхээр үнэхээр буруу яваад байсныг мэдэж байсан учраас тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийж байхад чимээгүй дэмжиж байв. Гагцхүү эрх ашгийнхаа төлөө араас нь турхирч байгааг өнөөдрийн үйл явцаас харж болно.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг санал нэгтэй баталж байхад Цэцэд гомдол гаргаад байгаа нөхөд хэрхэн ямар аргаар парламентад орж ирэх тухай толгой гашилган мөрөөдөж байснаас хууль гэж юу байдгийг ч мэдээгүй байх. Мэдэх ч шаардлагагүй амьдарч байв. Тодотговол,  Ш.Адьшаа мэтийн нөхөд шүүх цагдаад шалгагдаж, Я.Доржханд намын наймаа хийж, Н.Ганибал Сүхбаатар аймагт бизнесээ хөгжүүлээд сураггүй явж байсан үе санж. Харин өнөөдөр хэн нэгний захиалгаар хууль мэддэг хүмүүс болж яваагаас өөрцгүй.

Тэд хэлэхдээ “Давхар дээлнээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” хэмээн халаглах болов.

Уг нь өчигдөрхөн Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлж байгаа нь шууд УИХ-аас хамааралтай Засгийн газар ажилладаг. Тэгэхээр гүйцэтгэх засаглал нь парламентынхаа аманд орчихоод ажил хийхгүй байна” гэх шүүмжлэл дагуулж ирсэн санагдана. 

Монголын төр, УИХ тийм ч ой санамжаа алдчихсан гэж бодохгүй байна. Хэн дуртай нэг нь, аливаа нэг бүлэглэлийн хүсэл тачаалаар Үндсэн хуулиа өөрчлөөд байвал юу болох вэ. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэг ч санал нэмэрлээгүй шинэхэн гурван гишүүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаагийн цаана юу байна вэ гэхээр тэс өөр ажиллагаа байна. Магадгүй, гуравдугаар ээлжийнхэн хоолонд орох, эсвэл байгаа нөхөд нь хүчээ нэмэх гэсэн санаа л цухалзана. Түүнээс бус УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, Я.Доржханд нар ийн хөдлөх хүмүүс биш. Эцэг хуульд ойр ойрхон гар хүрэх нь тийм ч сайн зүйл биш гэдгийг хуульчид байнга сануулж ярьдаг.

Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өөрчлөлтийг хүсэж байгаа нөхөд өөрсдөө мэдээлэл бариад гүйх нь шившигтэй байсан учир нэр төрд гарз болохгүй,  гарзанд гарсан нөхдийг ашиглахаар шийдсэн нь АН-аас сонгогдсон, “Женко”-гийн квотоор УИХ-д нэр дэвшиж, түүний төлөө УИХ-д суусан хоёр нөхөр эзэндээ өрөө төлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт руу гар далайсан” хэмээн бичиж онцлох болов.

Хуулийн шахалт, намын шахалт гээд олон шахалтаас болон, улс төрөөс арчигдаад байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга юу ч хийхээс буцахгүй байгаагийн нэгэн жишээ энэ гэх нь ч бий. Түүнд эрх мэдлээс илүү чухал зүйл байхгүй нь үнэн.

Нөгөө талаар Монгол Улсын толгой баячуудын нэг “Женко”-гийн хөрөнгийг төрийн оролцоо, эрх мэдэлгүйгээр төсөөлөх аргагүй нь ч бас үнэн. Ингэхээр цааш хэрхэн өрнөхийг таашгүй ч энд өөр зүйл бий. Бидний сайн мэдэж байгаагаар бол Х.Баттулга 2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа “Давхар дээлтэй байж чадахгүй. Парламентдаа бариулсан Засгийн газар ажлаа явуулах боломжгүй байна” хэмээн Засгийн газраас гарахаа мэдэгдэж байсан санагдана.

Бүр тодотговол Н.Алтанхуягийн Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа давуу эрхээ ашиглан “Үнэ тогтоворжуулах хөтөлбөр”-өөс 67 тэрбум төгрөг авчихсан байхдаа ийм зүйл яриад зогсож байсан гэдгийг дуулгая. Тэгэхээр бусдын хардаж байгаа шиг Ерөнхийлөгч асан Х.Баттулга биш байх гэж найдъя.

Харин дараагийн ээлжинд орох аргагүй болсон нөхдийн арга тасарсан ажиллагаа болов уу. Хуульчдын тайлбарлаж байгаа нэг зүйл гэвэл Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй” гээд цагаан дээр хараар биччихсэн бий. 1992 онд баталсан Үндсэн хууль болон 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт хоёр яг адил хүчин чадалтай. Тэгэхээр Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзэх хуулийн боломжгүй” гэж байна. Эрх биш хуульчид ямар нэгэн зүйл харсан байх.

Түүнээс бус 20 жил ярьж байж буруу тогтолцоогоо заслаа хэмээн “Давхар дээл”-ийг хоёрхон жилийн өмнө тайлсан.

Үүний дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулаад чамгүй хугацааг өнгөрөөв. Шинэ тутам зүйд дасан зохицож байна, нөгөө талаар УИХ-ын гаднаас томилсон сайд нар ч чамгүй л ажиллаж байна. Үүнээс илүү гарц одоогоор алга. Цар тахлаас үүдэлтэй бүтэн хоёр жил хөл хорио болон бусад олон зүйлд бүрэн дүүрэн ажиллах боломж байсангүй. Тэгээд ч гүйцэтгэх засаглал өөрийнхөө хүрээнд ажлаа явуулж, өөрөөсөө хальсан асуудал УИХ-аар хэлцэгддэг жамтай. Энэ дагуу л ажил үүргээ гүйцэтгэж ирсэн.

Урьд өмнө буюу “Давхар дээл”-тэй байх үед парламентаас 17 сайд Засгийн газарт давхар алба хашчихаад дуртай асуудлаа парламентаар батлуулж байв. Энэ нь нэг талдаа буруу зүйл байсан. Яагаад гэхээр Засгийн газарт багтаж байгаа 17 сайд бүлэг фракцын ашиг сонирхлоор буруу, зөв ажлаа баталгаажуулж ирсэн түүхтэй.

Өнөөдрийн хувьд Ерөнхий сайдтайгаа нийлээд парламентаас таван сайд Засгийн газарт бий. Үүнээс харахад 17 сайд, таван сайд хоёрын дунд асар том ялгаа гарна. Өөрөөр хэлбэл бүлэг фракцаар хуваагдах боломж тун хомс. Бүлэг фракцын хар хорыг ч ялгахгүй хүмүүс сайдаар ажиллаж байгаа нь сайн хэрэг. Энэ бол давуу тал. Тэд ажлаа мэдэхгүй гэсэн үг биш. Тэнд улс төр бизнес бүлэглэлийн хар хорыг мэддэг гэхээсээ илүүтэй хариуцсан салбараа сайн мэддэг хүмүүс л хэрэгтэй. “Давхар дээл”-ийн хууль үйлчилж байх үед тогтолцоо шиг муу зүйл байхгүй л байсан. Одоо чухам юу болов гэдэгт хамаг учир бий. Ганцхан жишээ дурдъя.

Саяхан даа, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Энэ засагт хариуцлагагүй хүн олон байна. Зарим дарга, сайд нар ажлаа хийж чаддаггүй, эднийг халаад өгөөч, Ц.Нямдорж таныг зангарагтай туршлагатай гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болгосон. Энэ Засгийн газар хариуцлагаа тооцож ажиллаач. Бичиг үсгийн чадваргүй ч хүн байна” хэмээн чуулганы танхимд нэлээд шунангуй дайрч байхад баргийн хүний сав хоосон буцаадаггүй Ц.Нямдорж “Энэ Засгийн газар амаргүй үед ажиллаж байгаа, 1990 оноос хойш ийм хүнд үе тохиож байгаагүй.

Цар тахал гээд яам тамгын газар бүгд тал хувиар ажиллаж ирсэн. Энэ шинээр томилогдсон сайд, дарга нар чинь одоо л нэг ажлаа мэддэг болж байна. Тун хүнд үед ажиллаж байгаа шүү” хэмээн нэлээд хүлцэнгүй хариулж байгаа харагдсан. Ц.Нямдорж бол Т.Аюурсайхан шиг нөхрөөр боорлуулж суух хүн биш. Т.Аюурсайхан ч Ц.Нямдоржийг боорлох хэмжээний нөхөр биш гэхээр чухам цаана нь ямар асуудал өрнөөд байгааг ойлгож ядах юмгүй.

Шуудхан хэлэхэд Т.Аюурсайхан өөрөө дараагийн ээлжний тэргүүн эгнээнд байгаа гэдэг нь харагдаж байна. Тэр өөрийнхөө эрх ашгийн төлөө ийм л зүйл хийж байгаа байх. Үүнээс гадна улс төрийн гал тойрсон үйл явдал дан, давхар дээлний асуудал л ярьж байгааг анзаарч байгаа биз ээ. Өөр ч олон асуудал өрнөж таарна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ