...
...

Л.Халтар сайд гадарладаг болов уу!

Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон цагаас хойш сайн нэр зүүгээгүй байх. Уг нь тэр ОХУ-д Төмөр замын хоёр ч сургууль дүүргэж ирээд салбартаа цэвэрлэгчээр ажлынхаа гарааг эхлүүлж, улмаар захирал, дарга, дэд сайд, жинхэнэ сайд хүртэл дэвшин ажилласан туршлагатай хүн. Мэдэхгүй чадахгүйн зовлон гэж лав үгүй. Нөгөө талаар салбартаа нэр хүндтэй ажиллаж байсан төдийгүй өдгөө ч нөхцөл байдалд нь зохицох л гэж зүдэрч яваа нэг сайд.

Гэтэл тэр өдөр бүр муулуулж, хэвлэл мэдээллийн бай болоод байгаагийн цаана ямар нэгэн шалтгаан байж таарна гэх хардлага хэнд ч төрнө. Мэдээжийн хэрэг цар тахлын амаргүй үед хил гааль, зам тээврийн асуудал бол Л.Халтар сайд бүү хэл Монгол Улсын Засгийн газрын зангаргаас ч давсан хэрэг болоод байна.

Нөхцөл байдал ийм байхад чухам юу нөлөөлж болох вэ. Хамгийн эхний таамаг бол манай улс төрд элбэг байх албан тушаалд санаархагчдын “бууны сум”-анд өртөх явдал юм. Тэгэхээр Л.Халтар сайдын суудалд хэн санаархав гэхээр олон л таамаг дэвшүүлэх байх. Сайд, даргын суудалд санаархаж байгаа хэдэн арван нөхөд эрх баригчдын үүд сахиж байгааг бол тааж ядах юмгүй.

Харин эх сурвалжийн хэлж байгаагаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн зүгээс исгэрч байгаа “бууны сум” байж магадгүй гэх хардлага бий. Тал талаас нь хараад байхаар нэг бодитой байж шалтгаан ургаж л таарна. Тэгэхээр дэд сайд Ж.Бат-Эрдэнийн хэдэн талаас нь “юм” олох гээд үзье. Юуны өмнө Ж.Бат-Эрдэнийн дүү, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан АН-аас гэнэт гарч, МАН-ын гишүүдтэй нийлэн шударга үнэний дүрд тоглосон.

Энэхүү үйл явдлын цаана алсуураа МАН-ыг дэмжсэн байдал ажиглагдаж байсныг нуух юун. АН ч бутарч сарниад өнөөдөр ч учраа олоогүй байна. Харин энэ “тэмцэл”-ийнхээ хариуд ахынхаа цаашдын улс төрийн замыг зассан хэмээн хэвлэлүүд онцолж байсан. Өөр олон тохиролцооны талаар ярьж бичиж л байв. Даанч мэдэх юм алга.

Юутай ч тэр өөрөө Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр “амралт”-аа аваад хэл чимээгүйхэн явсан нь үнэн. “Тэмцэгч” Л.Болд, Ж.Батзандан нарын тавьсан жүжгийн цаана асар том улс төр, тохиролцоо байсан болов уу. Хардах шалтгаан нь гэвэл тэд таргийн таван ямаа, чөдрийн ганц морины төлөө нам, улс төрөө золиослох хүмүүс лав биш. Дээрх таамгыг бататгах нэг зүйл байгаа нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ олон нийтэд харагдахыг ихээхэн хүсэж байгаа төдийгүй жинхэнэ сайд болох хүсэлтэй байгааг дуулгана лээ.

Бүр ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар МАН айсуй 2024 оны сонгуульд өрсөлдөх нэр бүхий нөхдөө эртнээс дэвшүүлэн томилж, өөд татаж байгаа гэдгийг ч дуулгасан. Тэгэхээр тэр 2024 онд УИХ-ын сонгуулиар Сүхбаатар аймгаас нэр дэвших нь гарцаагүй. Бүр Сүхбаатар аймгийн МАН-ын дарга болсон гэх мэт зүйлтэй яг таг мөргөж байна. УИХ сонирхоогүй бол юунд аймгийн МАН-ын дарга болоо аж.  

Улс төр бол улс төр. Л.Халтар шиг мэргэжлийн, салбараа сайн мэддэг нэр хүндтэй гэх алдар зүүсэн сайдыг унагаах амаргүй. Өдөр бүр, цаг тутамд “сум” гарздах хэрэг гарна л даа. Өдөр бүр харлуулж байж л сая итгүүлнэ. Итгүүлж чадахгүй ч тээршаахад хүргэдэг улс төрийн тактик ч байдаг. Л.Халтарыг харлуулах зүйл олоход хэцүү ч орлуулах зүйл олон цаг үед аж төрж байна. Тээвэр зууч нь хэдийгээр Зам тээврийн хөгжлийн яамны асуудал ч гэлээ цар тахлаас үүдэлтэй чингэлэг тээвэр гацсан асуудалд түүнийг холбоно. Энд хоёр орны Засгийн газар хоорондын хамтын шийдвэр л тус болно уу гэхээс ганц салбарын сайдын шийдчих ч зүйл биш болжээ.

Өнөөдөр гэхэд Л.Халтар сайд хоёр чингэлэг орж ирж байгаа тухай мэдээлэл хийж зогсоно. Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн сайд нь хоёрхон чингэлэг орж ирж байгааг хэвлэл мэдээллээр ярьж зогсоо нь Монголын эмгэнэл болохоос бус ганц сайдын асуудал ч биш. Мөн хэдэн жил, хэдэн сайдын нүүр үзэж байгаа Дархан, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замын бурууг түүнд тохно. Сүүлдээ бүр улиг болж байна даа. Энэ мэт зүйлийг удаа дараа залхалгүй түүнд хамаатуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 

Гэтэл Л.Халтар сайдыг “балбуул­сан балбуулаагүй” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нэр бүхий сайд нарыг эргүүлэн татах мэдээлэл тэнүүчлэх болсон. Үүний дотор Л.Халтар сайдын нэр тодоос тод байгаа. Засгийн газраас хамт туугдах сайдуудын тоонд Байгаль орчин, аялалт жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шадар сайд С.Амарсайхан нарын нэрс байгааг анзаарч харах хэрэгтэй. Тэр ч бүү хэл дараагийн сайд нарын нэрс хэвлэлээр тодорч эхэлсэн нь санаандгүй хэрэг биш. Тодотговол, Зам, тээврийн хөгжлийн сайдад одоо дэд сайдаар ажиллаж байгаа Ж.БатЭрдэнийг томилохоор болсон бол Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Соёлын сайдаар дэд сайд М.Батбаяр нарыг тохоон томилуулахаар болсон гэдгийг хэвлэлүүд барин тавин дурдаж байна.

Нөгөө талаас урьж залуулахдаа тулж ирсэн Н.Энхбаярын МАХН-аас Засгийн газарт тавиул хэдэн сайд нар орж ирнэ. Тэдэнд нэгэнт гэрээлж үзэглэсэн зүйл ч бий. Нэн тэргүүнд МАХН-ын шошготой Ц.Оюунбаатар Шадар сайдад гэх мэтээр томилгоо хийх болсныг хэвлэл мэдээллээр дурдаад эхэлжээ. Энэ ч зүгээр нэг цацагдсан мэдээлэл биш л болов уу. Л.Халтарыг “балбахгүй” бол үлдчих магадлал хамгийн өндөр гэдгийг сайтар ажигласан байна. Ямар нэг улс төр явуулаад байхгүй, мэргэжлийн сайд нь гэдэг тодотголтой байсан учраас “балбах” зайлшгүй шаардлага байсан байх.

Тэгвэл Зам, тээврийн хөгж­лийн сайд, улмаар ирэх 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж байгаа дэд сайд Ж.Бат-Эрдэнэ гэгч хэн бэ гэдгийг товчхон ч атугай дурдах нь зүйн хэрэг. Тэрбээр Сүхбаатар аймгийн уугуул, ОХУ, ХБНГУ, АНУ-д тус тус боловсрол эзэмшсэн гэх сүрхий намтартай юм билээ. Энэ утгаараа хувийн хэвшлээс ажлынхаа гарааг эхлүүлж, улмаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төрийн байгууллагад ахлах мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд хүртэл дэвшин ажиллаад байгаа аж. Намтраас нь харвал түүнд одоо ухрах зам байхгүй. Нэг сайд бүү хэл нэг хэсгийг “шүршиж” байж сая зорьсондоо хүрнэ.

Тэр гурван төрд нүүртэй гэдэг шиг МАН, АН аль ч талд налж чаддаг улс төрийн зальтай нөхөр бололтой. Унаган багийн ч зан байж болно. Н.Алтанхуягийн Засгийн газарт Монголын харилцаа холбоо төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, улмаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт жин өгсөх төдийгүй айсуй сонгуулийн мандатаа өвөртөлчихөөд байна. 

Бүхэл бүтэн аймгийн МАН-ын үүрийг Улаанбаатар хот, дэд сайдын албан тушаал дээрээс авчихна гэдэг нэлээд зайтай эрийн шинж. Уг нь Сүхбаатар аймагт өдгөө алба хашиж олон л аавын хүүхдүүд байгаа даа. Ийм тактикт нэг аюул бий. Хаа хол Улаанбаатараас, их дээр суудлаас аймгийн нам удирдана гэдэг хэтэрхий их хөөс үүсгэдэг. Аймгийн МАН-ын үүрээр гүйдэл суудалтай үнэнч гишүүд болон дэмжигчдийн цухлыг төрүүлдэг. Тэдэнд цухал төрж байна гэдэг сонгогчдын тодорхой хэрэгт бухимдал бий болно гэсэн үг. Шуудхан хэлэхэд орон нутагтаа хөлгүй, Улаанбаатараас нэг их цээж толгой л сонгуульд өрсөлдөх аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ