...
...

МАХН-аас хэн хэн ямар албан тушаалд хүрэх вэ?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын байгуулсан МАХН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нэгдэв.

Улс төрийн хүрээнд өрнөсөн энэ үйл явдлыг ажиглагчид МАХН-ын дарга С.Энхбаяр эрх баригч МАН-ын удирдлагуудтай тодорхой албан тушаалын тохиролцоотойгоор хийсэн үйлдэл гэж харж байв. Үүнийг нотлох мэт 10 сард болох УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг 95 хувийн саналаар дэмжихээр болсон байна.

Үнэндээ Н.Энхбаярын байгуулсан МАХН-ыг ганц хүний эрх нам гэж хэлж болох хэдий ч Н.Энхбаярыг улстөрд өдийг хүртэл “бөх амьтай” байлгахад зүтгэсэн хэд хэн хүмүүс бий. Тэднийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлж байсан ч мань эр өнгөрсөн хавар МАХН-аас гарч, АН-ын гишүүн болсноор “сураг алдарсан”.

Тэгвэл МАХН-ын дарга асан Н.Энхбаяр МАН-тай нэгдсэнээр, өөрийг нь өдийг хүртэл дэмжиж, хамт зүтгэж ирсэн намынхаа журмын нөхдөөс хэн хэнийг албан тушаалд хүргэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, ШӨХТГ-ын дарга асан Д.Мөнхтөр, Түмтийн дарга С.Ононбаяр нар эхний ээлжинд албан тушаалд очих болов уу гэсэн таамаглал байна. Эдгээр залуус МАХН-ыг байгуулсан цагаас хойш өдийг хүртэл намдаа, даргадаа үнэнчээр зүтгэсэн.

Харин Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нарын хувьд албан тушаалд хүрэх хоёрдугаар эгнээнд тавигдаж байгаа бололтой. Тэдний тухайд өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсны зэрэгцээ нас намба, ажлын ачаалал даах талаасаа ингэж үнэлэгдэж байгаа гэнэ.

Тэгэхлээр МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, эрх баригч МАН-аас эхний ээлжинд нэр дурьдагдсан өөрийн намын Б.Тулга, Э.Эрдэнэжамьян, З.Баянсэлэнгэ, Д.Мөнхтөр, С.Ононбаяр нарыг сайд, дэд сайд, агентлагийн даргаас доошгүй албан тушаалд томилуулахаар зүтгэх нь тодорхой.

МАН-ын удирдлагууд Н.Энхбаярын тавих дээрх хүсэлтийг ямар нэг аргаар шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Эс бөгөөс Н.Энхбаяр МАН-аас гарч, МАХН-аа сэргээж, МАНАН-ийн эсрэг гудамжны “тэмцэл”-ээ үргэлжлүүлнэ гэж “сүрдүүлэх” нь тодорхой юм.

Ямартай ч энэ намар Намбарын Энхбаярын улс төр хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

Эх сурвалж: FACTNEWS.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ