...
...

Хугацаа хэтэрсэн зээл 34.1 хувиар ӨСЖЭЭ

 

Монгол Улсын эдийн засагт COVID-19 цар тахал оны эхний зургаан сард хэрхэн нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд тулгуурлан авч үзье. 

 

Эдийн засгийн үзүүлэлтүүд оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс ингэж өөрчлөгджээ. 

 

  • Жуулчдын тоо 79.9  хувь
  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 26.9 хувь
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.7 хувь
  • Экспорт 28.2 хувь
  • Импорт 15.0 хувь
  • Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 21.4 хувиар  тус тус БУУРЧЭЭ
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.8 хувь
  • Улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 33.8 хувь
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 34.1 хувиар тус тус ӨСЖЭЭ.

 

Статистикийг ТОДОТГОХ НЬ 

 

  • Коронавирус цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн.

 

  • Инфляцын түвшин 2020 оны зургаадугаар сард 2.8 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.5 пунктээр буурсан байна. Инфляц төв банкны зорилтод түвшнээс (8%) буурч байгаа нь эдийн засгийн идэвх суларсныг илтгэв.

 

  • Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2020 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.7 хувиар, юаньтай харьцах сарын дундаж ханш 1.0 хувиар, рубльтэй харьцах сарын дундаж ханш 5.9 хувиар суларчээ.

 

  • Улсын төсөвт төвлөрч буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын орлого энэ оны эхний хагас жилд өмнөх оноос буурч байгаа нь дотоодын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд доголдол учирсныг харуулж байна.

 

  • Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр тус тус өссөн байна.

 

  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2020 оны эхний хагас жилд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар буурсан бол дотоод худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний таван сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар буурчээ.

 

  • Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарын орлого гадаадын жуулчдад үзүүлж буй үйлчилгээний хөлс дээр тогтдог. Дотоодын аялал жуулчлал хөгжөөгүй манайх шиг орны хувьд хил хаалттай байх нь энэ салбарыг шууд зогсонги байдалд хүргэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад аялахаар ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 79.9 хувиар буураад байна.

 

  • Мөн аялал жуулчлалын салбар агаарын тээвэртэй салшгүй холбогддог ба манай улсын хувьд ОХУ, БНХАУ, БНСУ-ын нислэгүүдээс ихээхэн хамаардаг. Хил хааж, жуулчдын хөдөлгөөн хязгаарлагдсанаас болж үндэсний агаарын тээвэрлэгчид хамгийн их хохирол амсаад байна.

 

  • Үндэсний агаарын тээврийн орлого 2020 оны эхний хагас жилд 70.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 138.7 (66.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

 

  • Коронавируст халдварын тархалт цаашид хэдий болтол үргэлжлэх нь тодорхой бус энэ үед аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг эдгээр ААНБ-аас гадна тус салбартай дам нөлөөгөөр холбогддог зочид буудал, зоогийн газар, урлаг соёлын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад чиглэсэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих бодлого боловсруулж, хууль эрх зүйн орчин шинэчлэх шаардлагатай байна.

 

  • Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж, УОК-ын шийдвэрээр хилийн боомтуудыг хэсэгчлэн нээж, ачаа тээврийн үйл ажиллагаа явагдаж байна.

 

  • Үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын эдийн засаг хүлээлтээс хурдан сайжирч, он гарснаас хойш буураад байсан нүүрсний экспорт сэргэж байна. Нүүрсний экспорт 2020 оны 2 дугаар улиралд 437.9 сая ам.доллар болж, өнгөрсөн улирлаас 73.1 хувиар нэмэгджээ.Харин зургаадугаар сард нийт экспорт 822.1 сая ам.доллар болж, өмнөх сараас 29.9 хувиар өсжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний тээврийг автозамаар тээвэрлэдэг ба авто тээврээр 2020 оны эхний хагас жилд 8.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 10.5 (55.5%) сая тонноор буурсан бол өмнөх улирлаас 2.2 (69.4%) сая тонноор өсжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ