Америкийн тамирчин Жастин Гэтлин дэлхийн хөнгөн атлетикийн бэлэг тэмдэг болсон Ямайкын алдарт тамирчин Усэйн Болтыг ялагдашгүйгээр спортоо орхих боломжийг олгосонгүй. Америкийн тамирчин Жастин Гэтлин 2017 оны ДАШТ-ний 100 м-ийн зайд дэлхийн аваргын түүхэнд хамгийн муу амжилтаар алтан медаль хүртжээ.
Ж.Гэтлин 9,92 секундын амжилтаар аваргалсан бол удаахь байранд түүний эх орон нэгтэн Кристиан Коулман 9,94 секундээр орж, 100м-ийн зайн дэлхийн гурван удаагийн аварга У.Болт 9,95 секундын амжилтаар гуравт жагсжээ. Ж.Гэтлиний энэ амжилт нь дэлхийн аваргын түүхэнд хамгийн муу амжилтын нэг болж байгаа юм. Энэ зайд 9,92 секундээс удаан амжилтыг зөвхөн 1983, 1987, 1995, 2003 онд үзүүлж байжээ.
Ж.Гэтлин 2004 оны Олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт ойрын зайн гүйлтийн тамирчин юм. 2006 онд тэрбээр допинг хэрэглэсний улмаас тэмцээнд оролцох эрхээ түр хугацаагаар хасуулж байсан юм