...
...

ТОМИЛОЛТ: Аав, хүү хоёр 24 жилийн зайтай ”Улсын аварга малчин” болжээ

-Сар шинийн өмнөхөн буюу гахай жилийн босго дээр хонгор нутгаас Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч нэг төрлөө. Тэдэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд "Улсын аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын аварга тариаланч" цол, тэмдгийг нь гардуулж өглөө-

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Жинст зэрэг суманд ажиллалаа. Тэрбээр гахай жилийн босго дээр ажил, хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж "Улсын аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын аварга тариаланч"-аар шагнуулсан малчдад цол, тэмдгийг нь гардуулж өглөө.

Энэ жил буюу сар шинийн босго дээр хонгор нутгаас Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч хоёр төржээ. Харин тэдний дөрөв нь Баянлиг, Баянговь, Жинст, Шинэжинст сумаас тодорсон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэр дэвшиж, парламентад сонгогдсон тойргоос гурван Улсын аварга малчин, нэг Улсын аварга саальчин төржээ. 

 

-МАЛЧИН Ө.АДИЛБАЯРЫН ААВ 24 ЖИЛИЙН ӨМНӨ "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" БОЛЖ БАЙЖЭЭ-

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг "Улсын аварга малчин"-аар тодорсон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Зараагийн нэгдүгээр багийн малчин Өлзийбатын Адилбаярынд зочиллоо. Тэрбээр энэ жил Баян-Өвөр гэх газарт өвөлжиж байгаа аж. "Улсын аварга малчин"-аар тодорсон малчин Ө.Адилбаяр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эцэг, эхийн хамт нэгдлийн мал маллаж байгаад 1990 онд өрх тусгаарлажээ. Түүнээс хойш тасралтгүй 32 жил малчнаар ажиллаж байгаа юм байна. Энэ хугацаанд гурван ч удаа "Алтан ишигний эзэн" болжээ.  

"Улсын аварга малчин"-аар тодорсон Ө.Адилбаярын аав 24 жилийн өмнө "Улсын аварга малчин"-аар шалгарч байжээ. Энэ талаар түүний ээж "Хүү маань "Улсын аварга малчин" болсонд баяртай байна. Миний хань 1995 онд "Улсын аварга малчин" болж байлаа. Харин хүү минь аавынхаа үйл хэргийг залгуулж, хөдөлмөрийнхөө үр шимийг төрдөө үнэлүүллээ" хэмээн ярилаа. 

 

-ААВ МИНЬ МАЛЫГ ӨВӨЛ ДААРУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ХАМГААС ЧУХАЛ ГЭЖ ЗАХИДАГ БАЙЛАА-

 

Өөлд овогтой Өлзийбатын Адилбаяр нь өөрийн сууриас Залаажинстийн цагаан омгийн өсвөр ухна бойжуулан сүүлийн гурван жилд 182 ухна ишгийг орон нутагтаа болон говийн сумдад  гадагш, худалдан борлуулсан нь цагаан ноолуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ямаан сүргийн чанарыг сайжруулах, цагаан ямааны тоо толгойг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан гэж нутгийнхан нь хэлж байна. Тэрбээр ямаан сүрэгтээ ялган тэмдэглэгээ хийлгэж, мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн мал эмнэлэгтэй хамтран ажилладаг аж.

Энэ үеэр "Улсын аварга малчин" Ө.Адилбаяр хэлэхдээ “Намар сэрүүн өндөрлөг нутаг сонгон гашуун ургамал, шар таана, хөмүүл, хужир сайтай бэлчээрт ойр ойрхон буудал сэлгэн 1-2 өдөр өнжүүлэн малаа усалж тарга хүчийг тогтоодог. Хавар агь, шаваг, цагаан өвстэй бэлчээрт малаа хариулж өдөр бүр усладаг. Малыг өвөл дааруулахгүй байлгах нь хамгаас чухал гэж аав маань хэлж захидаг байлаа. Аавынхаа зааж хэлж байсан бүхнийг ажил болгон тодорхой зорилт тавьж ажилласнаар үр дүнд хүрч байна" хэмээн ярилаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ