...
...

“Эрдэнэс-Тавантолгой”-н ТАВАН чухал мэдээ

Монгол Улсын хувьд анх удаа бизнесийн байгууллага дэргэдээ олон нийтийн зөвлөл байгуулах гэж байна. Мөн нүүрс худалдан авах гэрээнүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулж, туслан гүйцэтгэгч болон толгой компанид орох ямар ч хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар оруулах болсон зэрэг олон мэдээллийг өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /2018.09.12/ зарлалаа.

Олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, IPO хийх хүлээлттэй “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн хугацаанд компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод байлгах, нүүрсний борлуулалтаас олох ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон туршлагыг амжилттай нэвтрүүлээд байгаа. Олон улсын зах зээлд гарахтай холбогдуулан IPO хийх ажлыг хариуцсан дэд хороог байгуулан, олон улсын томоохон компаниудыг судалж буй. Ингээд “Эрдэнэс-Тавантолгой”-той холбогдох таван чухал мэдээг онцлон та бүхэнд хүргэе.

-ИРЭХ ОНД 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД НООГДОЛ АШИГ ТАРААНА -

1072 хувьцаа. Олон жил амь орохоо хүлээж буй 1072 хувьцааг ирэх 2019 оны сүүлээр амь оруулна гэдгээ “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд мэдэгдлээ. Түүнчлэн Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр бичиг баримтаа боловсруулаад буй ажээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан 2019 онд бүх иргэдэд ноогдол ашиг тараахаа зарласан юм. 

-ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА-

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахтай холбогдон ажлыг эрчимжүүлэх даалгаврыг компанид өгчээ. Үүний дагуу 180 хоногийн даалгаврыг хоёр ч удаа авч өнөөдөр 72 дахь өдөртэйгөө золгож байна. Олон улсын зах зээлд гаргахын тулд дараах дөрвөн ажлыг хэрэгжүүлж буй ажээ. Хамгийн түрүүнд олон улсын санхүүгийн болон хуулийн зөвлөгөө авч ажиллуулахаар сонгон шалгаруулалт зарласан байна. Олон улсын томоохон төслүүдийг ил тод нээлттэй зарлаж байгаа аж.

-ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА-

“Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулахаар болсноо өнөөдөр зарлалаа. Монгол Улсын хувьд анх удаа бизнесийн байгууллага дэргэдээ олон нийтийн зөвлөл байгуулсан нь энэ юм. Уг зөвлөл мэдээллийн ил тод байдлыг хангах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, компанид хяналт тавих үүрэг хүлээжээ. Олон нийтийн зөвлөл есөн гишүүнтэй байхаар болсон байна. Өнөөдөр Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж зөвлөлийн гишүүдийг бүрдүүлэх юм. Нэр дэвшүүлэх ажиллагаа 14 хоног үргэлжилнэ.

“Олон нийтийн зөвлөл гурван дэд хороотой байна. Нэн тэргүүнд мэдээлэл, ил тод байдлын дэд хороо, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх дэд хороо, авлига, ашиг сонирхлын зөрчилд хяналт тавих дэд хороо гэсэн гурван дэд хороотой байх юм” гэж“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан юм.

       

   -НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНҮҮДИЙГ НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА-

Олон улсын зах зээлд гарахын тулд компанийн засаглал орчин үеийн шаардлагад нийцсэн байх ёстой. Тиймээс компани дотоод мэдээлэл болон нүүрс худалдан авах гэрээнүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулахаар болсон байна.

Компанийн хувьд “Ажилд урьж байна” буланг нээж толгой компани болон бусад туслан гүйцэтгэгч компаниудын ажлын байрын зарыг нээлттэй оруулахаар болжээ. Туслан гүйцэтгэгч болон толгой компанид орох ямар ч хүн нээлттэй сонгон шалгаруулалтаар орно гэж удирдлагууд нь мэдэгдсэн юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулагдсанаасаа хойш 173 гэрээ байгуулсан бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг томилогдсоноос хойш нийт 13 гэрээг нийт ил болгоод байна. Цаашид бүх гэрээг ил болгохоор болжээ. Олон нийтийн хардлагад байнга өртсөөр ирсэн нүүр худалдан авах гэрээг “erdenestt.mn” цахим хуудаст байршуулсан тул бүхэнд нээлттэй юм.

-БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО 131 ХУВЬ  ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖЭЭ-

Яг одоогийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” компани 1.19 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Хагас жилийн гүйцэтгэлээр 953 сая төгрөг байсан. Бүтэн жилийн гүйцэтгэх 1.2 их наяд байх ёстой. Одоогоор улсад 290.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Санхүүгийн хувьд эрчимтэй өсч буй хэмээн удирдлагууд нь ярьж байсан юм.

“Компанийн цэвэр ашиг 337 тэрбум төгрөг байсан бол 483 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Энэ нь борлуулалтын орлогоо 131 хувиар давуулан биелүүлсэн гэсэн үг” гэж Б.Ганхуяг захирал ярьж байв.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал солигдсоноос хойш баруун Цанхийн коксжих нүүрсийг 68.1 ам.доллараар борлуулдаг байсан бол 70.1 ам.доллар болж нэмэгджээ. Компани борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх хэд, хэдэн үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн компани ирэх жилүүдэд ОХУ руу шинэ зам судалж байгаа бөгөөд одоогийн байдлаар үр дүнтэй байна гэсэн судалгаа гарчээ. Ирэх долоо хоногоос ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, ОХУ-д нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон байна.

Б.Аззаяа

WWW.ZINDAA.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ