...
...

15 аймаг, аймаг дундын отрын бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэж байна

Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой улсын төсвийн хөрөнгөөр тэмцэх арга хэмжээг байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн болон микробиологийн аргаар тэмцэж байна.

 

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий, Завхан, Увс гэсэн нийт 12 аймгийн 81 сумын болон отрын 4 бүс нутгийн 473 мянган га бэлчээрийн талбайд тархан, хөнөөл учруулж байсан үлийн цагаан оготнотой энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсан.

Нэг га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд 1600 төгрөгийн зардал гарсан бөгөөд нийт 756,8 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулаад байна. Аймгуудын үлийн цагаан оготнотой тэмцсэн ажлын тайлан, ажлын гүйцэтгэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 98,5 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан юм.    

Мөн онд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Өвөрхангай, Баянхонгор аймагт хийсэн судалгааны дүнг үндэслэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Уянга, Тарагт сумд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум нийт хоёр аймгийн таван сумын 100 мянган га бэлчээрийн талбайд 200 тонн бактерийн бэлдмэл цацсан бөгөөд энэ ажилд 400 сая төгрөг зарцуулжээ. Энэхүү микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын гүйцэтгэл 100 хувьтай байв.  

2018 оны тухайд дээрх 12 аймаг дээр нэмээд Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ гэсэн 15 аймаг, аймаг дундын отрын бэлчээрийн нийт 730 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна.  

БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛД ХӨНӨӨЛ УЧРУУЛЖ БУЙ МЭРЭГЧ АМЬТАДТАЙ ТЭМЦЭХ БОДЛОГО, АРГА БАРИЛ

Үлийн цагаан оготны амьдрах таатай орчныг бүрдүүлж болзошгүй газар нутгуудад энгийн хялбар аргаар үнэлгээ хийн, хяналт тогтоож, тоо нь хэт олшрохоос урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Тухайлбал, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх, ашиглалтын менежментийг сайжруулах, ашиглагдахгүй байгаа алсын бэлчээрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, үлийн цагаан оготныг хэт олшруулахгүй байх тал дээр малчдын оролцоог нэмэгдүүлэх, энгийн механик, биологийн аргаар тэмцэх аргыг тэдэнд зааж сургах зэрэг ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.  

Цаашид үлийн цагаан оготны хөнөөлийг арилгах чиглэлээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тархалтын голомт бүхий томоохон талбайд нэгдсэн цогц байдлаар зохион байгуулж, хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэх зэрэг бодлого баримтлан ажиллаж байгаа юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ