...
...

Цэцэрлэг бариад өгөөч

        Алтан навчис хийсч, аяны шувууд буцах цагаар багачууд хүүхдүүд хөгжил хөөр, эрхлэнгүй нулимс болон аав, ээжийнхээ гараас хөтлөн цэцэрлэгийн зүг айсуй. Гэтэл явах цэцэрлэггүй, харах хүнгүй, хамт тоглох найзгүй хүүхдүүд дотроо гунигтай, доголон нулимстай доош гудайн суухыг харах сэтгэл эмзэглэм. Ёстой л “азтай нь цэцэрлэгт явж, азгүй нь гэртээ цоожлогд” гэсэн шиг хамрагдах ёстой хүүхдүүдийнхээ тоонд үл хүрэх цэцэрлэгийн багтаамж.

        Монголын хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар 2015-2016 онд 116 570 хүүхэд төрийн болон төрийн бус 632 цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 91 687 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж 24 883 хүүхэд гэртээ түгжигдэхээр болоод байна. Үүнээс хувийн гэгдэх 399 цэцэрлэгт хүүхдээ өгөх бэл бэнчинтэй хүмүүс хэд байгаа билээ, бодож дахин тооцох л зүйл.

        Энэ амьдралын гэрэл гэгээ болсон, цовоо сэргэлэн, бяцхан үрсийнхээ балчир бага насанд нь цэцэрлэгт хамруулж чадахгүй байна гэдэг эцэг эх, асрамжлан хамгаалагчдын хувьд туйлын харамсалтай бөгөөд үеийнхэнтэйгээ хамт хөнжин дуулж, бүжиглэн, тоглохын хүслэн болсон үрсийн минь хувьд ч гомдмоор санагдана.

        Улс орон хөгжихийн тулд боловсролын салбар, эрүүл мэндийн салбар хоёроо дэмжин хөгжүүлж, хөл дээр нь босгох ёстой тухай эрдэмтдийн ном зохиолоос бишгүйдээ л уншиж байлаа. Иргэнийхээ анхан шатны боловсролыг асуудалгүй олгох чадваргүй манай улс хөгжлийн тухай ярих болоогүй байна даа гэх бодол өчүүхэн надад төрөх.

        Гэр бүлд хоёр хүн ажил хийхэд өрхийн төсөв нэмэгдэж, амьдрал өөдлөн дээшилдэг. Ээж нар хүүхдээ хараад аав нар ганцаараа ажиллах, аав ээж хоёулаа ажиллахад ялгаа их бий. Эдийн засгийн бэрхшээл гарахгүй байна гэдэг нь гэр бүлд маш олон талын ашигтай гэдгийг бид мэднэ. Хүүхэд харах хүнгүйгээс болж эцэг эхийн аль нэг нь гэртээ ажилгүй суухаас зайлсхийж бяцхан хүүхдүүдээ цоожлоно, эсвэл таних танихгүй айлд орхино, асрагч нэртэй хүмүүсээр харуулна. Үүнээс үүдэж бяцхан үрсэд минь ямар их аюул, гутрал нүүрлэж буйг бид хамгийн түрүүнд бодох хэрэгтэй байна.

        Бидний амьнаасаа ч илүү хайрлан энхрийлж өсгөдөг үрс маань цэцэрлэгт хамрагдаж чадахгүйгээсээ болж ганцаардаж байна, осол гэмтэл, гал усны аюулд өртөж эрэмдэг зэрэмдэг болж байна, зодуулж, цохиулж гэмтэж байна, хүний баг зүүсэн ад зэтгэрт хорлогдож насан туршдаа сэтгэлийн шарх авч байна гээд тоочоод байвал дуусахгүй их муухай зүйлс тэднийг минь хүлээж байна гэж бодохоор эмзэглэхгүй байхын аргагүй.

        Үүнийг уншиж байгаа эцэг эхчүүдэд сонор сэрэмж, соргог мэдрэмж хүүхдээ гэх сэтгэлд чинь хэзээд илүүдэхгүй шүү гэдгийг дахин дахин сануулаад эрх мэдэл бүхий эрхэм дээдэст илүү гараад үрж ядаад байгаа мөнгөөрөө “эхний ээлжинд цэцэрлэг бариад өгөөч” гэсэн хүсэлтийг Монголын хэдэн мянган цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийн эцэг эхчүүдийн өмнөөс дайж байна.

                                                                                                                                                                                                                        Ү.Оюунзул

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ