...
...

Т.Бадрахбаяр: Хүүхдийн мөнгө олгохдоо өрхүүдийг хөрөнгөөр нь ялгаварлаагүй

Энэ онд улсын нэгдсэн төсөвт хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг тусгасан. Харин өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр энэ сарын 20-ноос эхлэн 860 гаруй мянган хүүхэд сар бүр хүүхдийн мөнгөө авна. Энэ асуудалтай холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд дарга Т.Бадрахбаяртай ярилцлаа. Т.Бадрахбаяр: Хүүхдийн мөнгө олгохдоо өрхүүдийг хөрөнгөөр нь ялгаварлаагүй

-Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө өгөхөөр шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байхдаа өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн босго оноог 554 гэж тогтоож байсан. Энэ удаад босго оноо хэд болон шинэчлэгдсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2017 онд бүх хүүхдэд сар бүр хүүхдийн мөнгө олгож байсан. 2018 оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн  60 гаруй хувьд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг баталсан. Батлагдсан төсөв, хүүхдийн тоотой уялдуулж босго оноо татаж, эхний таван сарын хүүхдийн мөнгийг олгосон. Энэ босго оноог 554 байсан. Өнгөрсөн сард Засгийн газраас хүүхдийн мөнгөний олголтыг 80 хувьд хүргэх санал оруулан УИХ-аас шийдвэр гарсан. Ингэхдээ дөрөвдүгээр сараас эхлэн олгохоор болсон.  Монгол Улсын хэмжээнд байгаа сая 100 орчим мянган хүүхдийн 80 хувь нь мөнгө авна гэсэн үг. Босго оноог өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 670 гэсэн оноогоор тогтоосон.

-Босго оноог яаж тогтоодог юм бэ?

-Нийт өрхийг судалгаанд хамруулаад 0-1000 гэсэн оноогоор үнэлдэг. Түүн дээрээ үндэслэн батлагдсан төсөвтэй холбогдуулж тухайн нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн хүний тоотой уялдуулж босго оноо татсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа гэж хийгддэг. Монгол улсын хэмжээнд нийт өрхүүд хэн, хаана, ямар амьжиргаатай, хэдэн хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эсэх, өндөр настан болон хөхүүл нярай хүүхэдтэй юу гэдгийг олж тодорхойлох арга нь өрхийн мэдээллийн сангийн судалгааны нэгдсэн бааз.  Үүнийг тогтоосны үндсэн дээр тэдгээр хүмүүст хүргэх нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлдэг. Түүнээс биш хэн нэгний амаар эсвэл хүсэлт, хэн нэгэн мэргэжилтний үзэмжээр үүнийг тогтоох боломжгүй. Тиймээс бид 2011 оноос хойш өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг хийж Монгол Улсын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа өрхийг хамруулж ирсэн. Энэ судалгаа маань айл бүрд манай судалгааны баг очин тухайн айлын амьжиргаа орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн судалгааны асуулгаар үнэлж хийдэг.

-Иргэд энэхүү судалгаанд шүүмжлэлтэй хандах нь бий. Манайхыг зурагт, хөргөгчтэй гээд хүүхдийн мөнгөнөөс хасжээ гээд л. Энэ бодит аргачлал мөн үү?

-Энэ аргачлал маань нийгэмд  тодорхой шүүмжлэлийг дагуулдаг. Манайхыг бодит бусаар үнэллээ. Хөргөгч, зурагттай гээд хөрөнгөтэй, чинээлэг айл гэж тодорхойллоо гээд шүүмжлэл гардаг. Орлогыг орлуулан тооцох аргачлал маань өөрөө төгс аргачлал бишгэдгийг хүлээн зөвшөөрнө. Олон улсын туршлагаар зорилтот ядуу өрхийг илрүүлэх тал дээр энэ аргачлалыг ашигладаг. Уг нь төгс судалгаа бол бодит орлогоор тооцох аргачлал байдаг. Гэвч манай бүртгэлийн систем, иргэдийн мэдээллээ үнэн зөв бөглөдөг эсэх, цалин, татварын систем сайн хөгжөөгүй, хүн бүр өөрийнхөө орлогыг зөв тодорхойлж татвар төлдөггүй зэргээс болж манайд арай тохиромжтой гээд орлогыг орлуулан тооцох аргыг хэрэглэж байгаа.

-Ямар асуумжаар энэ судалгааг хийдэг вэ?

-Энэ асуулга маань 58 асуулттай. Үндэсний статистикийн хороо, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан аргачлал судалгааны анкет юм. Энэ 58 асуулт болгон тодорхой коэффициентоор үнэлэгдэж оноо нь бодогддог. Бидний шууд утгаар нь ойлгоод байгаа хөргөгч, телевиз, автомашин маань тухайн айлын  үнэтэй, өртөг өндөртэй эд. Тэрнээс 2-3 хаалгатай хөргөгчтэй байна уу, эсвэл хямдхан жижиг хөргөгчтэй байна уу гэдгийг асуудаггүй. Харин хөргөгч, зурагт зэрэг зургаан төрлийн цахилгаан бараа байна уу, үгүй юу гэдгийг асуудаг. Үүний хэрэглээг даан цахилгааны мөнгийг дааж байна гэдэг утгаар нь хэрэглээг нь л үнэлээд байгаа хэрэг л дээ. Хоёрдугаарт тэр 58 асуулт дотор өрхийн гишүүдийн нас, бүтэц, хэр олон хүүхэдтэй, өндөр настан хэд байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эсэх, хөдөлмөр эрхлэх чадвартай хүн хэд байна гээд бүгд л оноотой. Өөрөөр хэлбэл тухайн өрхөд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настай байгаа бол өрхийн оноо бодогдохдоо бага гарна. Хөдөлмөрийн чадвартай иргэдийн эдлэх хувь олон байх юм бол өөрсдөө хөдөлмөр хийн орлого олж, ажил хөдөлмөр эрхлэн өөрийгөө аваад явах боломжтой гэдэг утгаараа оноо нь өндөр гардаг. Мэдээж орон нутагт амьжиргааны эх үүсвэр болсон мал тооллогын дүн, автомашин, орон сууц гээд бүгд өөрийн гэсэн үнэлгээтэй.

-Орон сууц, байрны тухайд хэдийгээр тухайн иргэний нэр дээр байгаа ч лизингээр аваад төлбөрөө төлөөд явж байгаа тохиолдолд хэрхэн үнэлж байгаа бол?

-Өөрийн эзэмшлийн орон сууц, түрээсийн байр, гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн итгэлцүүр оноо өөр өөрөөр бодогддог. Түрээсийнх гэдэг бол өөрийн байргүй хүн хүний байрыг түрээсэлж амьдарч байгаа гэсэн үг. Гэхдээ тэр байрыг түрээслээд зардлыг нь дааж байна гэдэг чинь өөрөө бас нэг үнэлгээ болж байгаа. Энд бид өрхүүдийг хөрөнгөтэй, хөрөнгөгүйгээр үнэлж байгаа үнэлгээ биш. Амьжиргаагаа дааж байна уу, амьжиргааны зардлаа төлж чадаж байна уу гэдгээр нь үнэлэх гээд байгаа үнэлгээ. Би энгийн утгаар нь хэлье. 100 сая төгрөгийн зээлтэй хүн өөрийгөө тайлбарлахдаа би ямар ч хөрөнгөгүй харин ч өртэй хүн гэж өөрийгөө хэлнэ дээ. Гэвч тэр 100 сая төгрөгийн хүүг төлөөд, 100 сая төгрөгөөр өөрийн хэрэглээ юм уу, бизнесээ хийгээд явж байгаа хүнийг бид тодорхой хэмжээнд үнэлэхээс өөр аргагүй. Лизинг гэдэг маань тодорхой хэмжээний дараа өөрийн болох зүйл.

-Тухайн иргэн өөрийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгсөн эсэхийг хэрхэн шалгаж байгаа вэ. Магадгүй лизингийн байртай ч байргүй гэх юм уу, эсвэл энэ миний машин биш гэсэн хэрнээ хувьдаа машинтай эсэхийг хэрхэн нягталж байгаа вэ?

-Энэ бүх мэдээллийг бид бусад мэдээллийн баазуудтай тулгалт хийж шалгаж байгаа. Орон сууцтай хүмүүсийг Улсын бүртгэлийн Үл хөдлөх хөрөнгийн газрын мэдээлэлтэй тулгаж байна. Автомашины мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн баазтай тулгаж байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх асуудлыг Нийгмийн даатгалтай тулгаж байна. Оноогоо бага бодуулахын тулд ажилгүй гэж хэлж байгаа хүмүүсийн мэдээллийг үнэн зөв эсэхийг тулгаж байна Малынх нь тоог Үндэсний статистикийн хорооны “А” данстай тулгаж байна. Ийм байдлаар бид тулгалтын систем хийж байгаа.

-Судалгаанд хамруулалтын алдаа байна уу?

-Алдаа байна. Зарим хүмүүс байгаа зүйлээ байгаагаар нь үнэн зөвөөр мэдүүлдэг. Амьдрал дээр янз бүрийн тохиолдол байна. Бид судалгааг хийх явцад олон хүндрэлтэй зүйлстэй тулгарч байсан. Судалгаа хийхээр гэрт нь очихоор өөрийн гэх юм байхгүй болдог. Энэ байр, машин минийх биш гэх. Зарим нь өөрийнхөө хөрөнгийг нууж үлдэж байхад зарим нь хөрөнгөтэй хүн болох гэж өсгөж 100 малтай хүн байхад 300 малтай гэж хэлэх ч юм уу. Тэр бүхнийг бид үнэн зөв байлгахын тулд тулгалт хийн баталгаажуулж байна. Автомашин дээр ч гэсэн адилхан. Гэрийнх нь гадаа машин байдаг ч хүнээс авсан бичиг баримтаа шилжүүлж аваагүй минийх биш гэж хэлэх тохиолдол гарсан. Ер нь хамруулалтын алдаанууд гардаг. Үүнийг бид яаж засдаг вэ гэхээр нөхцөл байдлыг нь үнэлэхээр босго онооны доор орох хэмжээнд мөртлөө үнэлгээ нь өндөр гарсан тохиолдолд дахин тэр өрхөд судалгааны хүмүүс очин судалгаа хийх тохиолдол байна.

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгосноор нийт хэчнээн хүүхэд энэ мөнгийг авахаар байгаа бол?

-Монгол Улсын хэмжээнд хамгийн сүүлийн статистик тоогоор нэг сая 70 гаруй мянган хүүхэд бүртгэгдсэн. Нийт хүүхдийн 4-6 хувь нь хүүхдийн мөнгийг авах сонирхолгүй юм уу, авна гэж бидэнд ханддаггүй. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 95 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагддаг учраас тэдний 80 хувь нь хүүхдийн мөнгө авна гэхээр их бага хувь нь үлдэнэ. Ер нь Засгийн газраас зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох бодлого баримталж байгаа. Эдийн засгийн байдал сайжран төсвийн алдагдал багасаад, орлого нэмэгдвэл нэн тэргүүнд халамжийн мөнгөнд зарцуулж байгаа. Үүний нэг жишээ бол хүүхдийн мөнгөний хамрагдалт 60 хувьд нь байсныг 80 хувьд нь болголоо.

-Иргэн би өөрийн өрхийн нэгдсэн санд хэдэн оноотойгоо мэдэх боломжтой юу?

-Иргэд өөрийнхөө оноог мэдэх боломж байгаа. Эрх бүхий хүн, өрхийн гишүүн манай оноо ямар байна гэдгийг мэдэж болно. Ер нь журмаараа бид өрхийн оноог ил тавьж зарлах учиргүй. Тухайн 58 асуулт чинь хувь хүний, өрхийн нууцлалтай холбоотой. 550 гаруй мянган өрхийн оноог зарлах журам байхгүй.

-Хүүхдийн мөнгө авах эрх хэрхэн үүсэх үү?

-Хүүхдийн мөнгийг авах гэж байгаа иргэд өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан байх шаардлагатай. Хэрвээ тухайн өрх судалгаанд хамрагдаагүй бол судалгаанд орох хүсэлтээ өгсөн байх ёстой. Шинэ төрсөн хүүхдийн тухайд тухайн өрх судалгаанд хамрагдсан байвал өргөдөл өгсөн сараас эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдаад явна. Шинэ гэр бүлүүд дахин судалгаанд хамрагдаад явна.

Банканд хүүхдийн нэрийн дансыг үүсгээд хүсэлтээ өгдөг. Банк бидэнд мэдээллээ өгөн ийм регистрийн дугаартай хүүхэд манайд ийм тоот данс нээлээ хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэж өгнө үү гээд ханддаг. Манайх тэр асуудлыг нь судлаад хүүхэд төрсөн тэр өрх судалгаанд хамрагдсан байвал босго онооноос дээш байвал өгөхгүй, доош байвал өгөөд явна. Судалгаанд хамрагдах шаардлагатай бол жишээ нь нэгдүгээр сард төрсөн хүүхдийн өргөдлийг хоёрдугаар сард өгөн судалгаа нь хийгдсээр гурав, дөрөв, тавдугаар сард судалгааны дүн гарлаа гэхэд тухайн  хүүхдийн мөнгө авах эрх нь үүссэн байвал өргөдөл өгсөн сараас нь эхлэн хүүхдийн мөнгө нь ороод явдаг журамтай. Нэгдүгээр сард төрсөн хүүхэд өргөдлөө өгөхгүй явж байгаад жилийн дараа өрөгдлөө өглөө гэхэд өргөдөл өгсөн сараасаа мөнгө нь орно. Тиймээс шинэ төрсөн хүүхдүүдийнхээ нэрийн дансыг төрсөн цагаас нь банканд очоод нээн хүсэлтээ гаргах хэрэгтэй.

эх сурвалж Eagle.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Энэ судалгаа гэж худлаа зүйлээ болимоор юм байна. 2 өндөр настан байгаа өрхөд хүүхдийн мөнгө авах гэсэн 670 дээш оноотой гэж гарч ирээд байгаа. Хүүхдүүддээ наад мөнгөө өгвөл өгөөд боливол бүр зогсоогооднийгмийн олонасуудалд зарцуулмаар байна шүү

  • хөөе гадаадад амьдарч байгаа хүүхдүүдээ бага ялгачаарай дуракууд

Онцлох мэдээ