...
...

“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн болж байна

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд болж байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд баримтлах эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн баталж, эрүүл мэндийн салбарт мөрдөн ажиллах болсон.Энэхүү бодлогошийдвэрүүдийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

 

 

Зөвлөгөөний  нээлтэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломман болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо.

 

 

Манай улсад төр болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг дэмжих зорилгоор өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн салбарт анх удаа хувийн хэвшлийн хэлбэрээр зохион байгуулж эхэлснээс хойш 19 жил болж байна. Өдгөө өрхийн эмнэлгүүд Өрхийн эрүүл мэндийн төв болтлоо хөгжлийн тодорхой шатанд хүрч, үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж байгаа ч цаашид хөгжлийн гарцыг зөв, оновчтой тодорхойлох, ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах асуудалд мөрдөгдөж буй эрх зүйн баримтуудын хэрэгжилтийг хангах, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн, тулгамдаж буй асуудлаа тодорхойлон гаргаж, шийдвэр гаргагчид, ӨЭМТ-ийн эмч, ажиллагсад, хэрэгжүүлэгч болон бусад оролцогч талууд хамтран зөвлөлдөж, асуудлаа шийдвэрлэн ажиллах нь хамгийн чухал билээ.

 

 

Энэ ч утгаараа, зөвлөгөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладаг. 2018 онд нийслэлийн төсвөөс өрхийн эрүүл мэндийн салбарт 780 сая төгрөг, өрхийн эмнэлгүүдийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид 710 сая төгрөгийг төсөвт суулган тендер зарлах ажил хийгдсэн байна. Мөн энэ онд Турк улсын Стамбул хоттой хамтран ажиллах гэрээнд ӨЭМТ-ийн 10 жишиг эмнэлэг барихаас гурвынх нь ажлыг эхлүүлээд байгаа. Та бүхэн энэ зөвлөгөөнөөс ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа хэлэлцэн, цаашдын хөгжлийн гарцыг зөв тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

 

Зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, мэргэжлийн төрийн бус байгууллага, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцсон зочид төлөөлөгчид цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй, чанартай хүргэхэд бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд юуг анхаарч ажиллах тухай зөвлөмж гарган, хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

 

 

Мөн энэ өдөр Засгийн газрын шагналаар 4, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 8, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 7, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 7, мөнгөн шагналаар тэргүүний ӨЭМТ 1, ӨЭМТ-ийн 5 ажилтан, “Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр 10, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын “Өргөмжлөл”-өөр есөн хүнийг шагнаж урамшуулсан байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ