...
...

Д.Лхагвасүрэн: Монголчуудын амьдралын буруу хэвшил нь артерийн даралт ихсэх өвчинд хүргэж байна

ртерийн даралт ихдэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Гэрэлт Гудамжинд “Артерийн даралтгүй иргэдийн төлөө” хүмүүнлэгийн аяныг зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд 12:00-18:00 цагийн хооронд иргэдийн даралтыг үнэгүй үзэж, даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх үзлэг хийж, артерийн даралт ихдэлтийг оношилж байсан юм. Биднийг Гэрэлт гудамжинд очиход “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ, “Монос фарм трейд” ХХК болон АШУҮИС-ийн “Зүрх судасны клуб”-ийнхэн иргэдэд амьдралын зөв хэв маягийг хэрхэн сахиж, зүрх судасны өвчлөлтөөс урьдчилан сэргийлж, даралтаа хэрхэн хянах талаар нээлттэй зөвлөгөө өгч байлаа. Даралтаа үзүүлж, цусан дахь сахарын хэмжээгээ тодорхойлуулж байгаа иргэдийн дунд залуусаас эхлээд өндөр настнууд, түүнчлэн гадаадын иргэд ч харагдаж байв.

“Артерийн даралтгүй иргэдийн төлөө” өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ-ыг үүсгэн байгуулагч нь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал Ё.Нямжав юм. Таван жилийн өмнө байгуулагдаж байсан энэхүү байгууллага нь иргэдийн эрүүл мэндийн төлөө, тэр дундаа хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэг болж байгаа артерийн даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхийн тулд жил бүрийн тавдугаар сарын 19-нд болдог “Артерийн даралт ихдэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-өөр “Артерийн даралтгүй иргэдийн төлөө” хүмүүнлэгийн аянаа зохион байгуулж байх аж.

Энэхүү өдөрлөгийн үеэр бид “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэнгээс артерийн даралт ихсэх өвчнийг хэрхэн эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх талаар дараах тодруулгыг авсан юм.

-“Артерийн даралтгүй иргэдийн төлөө” өдөрлөгт олон хүн иржээ. Иргэдийн эрүүл мэндийн төлөө танай байгууллагаас цаашид ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?

-“Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь “Артерийн даралтгүй иргэдийн төлөө” гэх аянаа дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн байгууллага болохоор бид өмнөх гурван жилд зургадугаар сарын 1-нийг тохиолдуулаад “Артерийн даралтгүй ээжүүдийн төлөө” гэсэн аяныг зохион байгуулдаг байсан. Энэ жил Артерийн даралт ихсэхтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулаад энэ амралтын өдрөөр иргэддээ үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж үйлчилж байна. Бид энэ жил илүү өргөн хүрээтэйгээр, АШУҮИС-ийн дэргэдэх “Зүрх судасны клуб” болон “Монос фарм трейд”-тэй хамтран иргэдэд анхан шатны үзлэг хийж байгаа. Иргэд биеийн жингийн индексээ тодорхойлуулаад, даралтаа үнэгүй үзүүлээд цусан дахь сахар буюу глюкозоо тодорхойлуулж байна. Даралт ихсэх өвчин нь хөгжиж буй орнуудын халдварт бус өвчний гуравны хоёр хувийг эзэлдэг. Манай орны нийт халдварт бус өвчний 25.5 хувийг артерийн даралт ихсэх өвчин эзэлж байна. Иргэдийн 72 хувь нь артерийн даралт ихсэх өвчнөөр өвчилснөө мэдэхгүй явж байна. Үүнтэй холбоотойгоор залуу хүмүүсийн дунд гэнэтийн нас баралт ихэссэн.

-Гэнэтийн нас баралт нь ихэвчлэн цус харвалт байна гэсэн үг үү?

-Артерийн даралт ихсэх өвчнөөс шалтгаалаад тархинд цус харваж болно. Мөн зүрхний дутагдалд орж байна. Гэнэт зүрх нь хаагдаад нас барчихдагийн шалтгаан бол энэ.

-Даралт ихсэх өвчнөөс болсон нас баралт аль насныхны дунд их байна вэ?

-Сүүлийн үеийн судалгаагаар 18-45 насныхан даралт ихсэх өвчнөөс болж нас барж байна. Нас баралт илүү залуужиж,гэнэтийн нас баралт залуу хүмүүст их тохиолдох болсон.

-Хүмүүс “толгой эргэж байна, даралт ихэсчихлээ, эсвэл багаслаа” гээд ярьдаг. Энэ нь даралт ихэссэнийг илтгэх шинж тэмдэг мөн үү?

-Толгой эргэж, хүзүү, мөрөөр хөших нь даралт ихэссэний шинж. Гэхдээ энэ нь даралт багассан үед ч тохиолдож болно. Бас өөр өвчний үед ч тохиолдох шинж тэмдгүүд. Тэгэхээр даралтаа хэмжүүлж байж мэдэх ёстой. Нэг удаагийн хэмжилтээр даралт ихэссэнийг тогтооно гэж байхгүй. 7-14 хоног өглөө болон орой тогтмол даралтыг нь хэмжиж байж тогтоодог. Артерийн даралт ихсэх өвчнөөр өвчилснийг анхдагч байна уу, хоёрдогч байна уу гэдгийг нь тогтоох хэрэгтэй. Тухайн хүний биеийн жингийн индексийг тодорхойлоод тэр нь өндөр гарах юм бол таргалалттай байна гэж үзнэ. Таргалалтаас болоод даралт нь ихэсч байна уу, үгүй юу гэдгийг нь үзнэ. Дээрээс нь хэвлийн таргалалттай хүмүүсийн сахарыг тодорхойлоод тухайн хүн хэвийн хэмжээний биш сахартай байвал лавшруулан үзүүлж оношлуулах талаар бид үнэгүй зөвлөгөө өгч байгаа.

-Өнөөдөр даралтаа үзүүлж, сахарын хэмжээгээ тодорхойлуулж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь хэвийн биш даралттай байна вэ?

-Өнөөдөр үзүүлсэн хүмүүсийн 60-70 хувь нь биеийн жингийн илүүдэлтэй байна. Даралтыг нь газар дээр нь хэмжиж үзэхэд 50-60 хувь нь хэвийн хэмжээнээс илүү даралттай байсан.

 

-Иргэд артерийн даралт ихсэх өвчнөөр өвчилж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Артерийн даралт ихсэх өвчний гол шалтгаан нь манай монголчуудын хувьд амьдралын буруу хэв маяг байдаг. Хорт зуршилтай, маш их калори, өөх тостой хоол хүнс хэрэглэчихээд тэр калорио шатаах хөдөлгөөн хийхгүй байна. Үүнээс болж биеийн жингийн илүүдэл үүсч байна. Биеийн жингийн илүүдэл үүсч, цусанд өөх тос ихэссэнээр судасны хананд өөх тос хуримтлагдана. Ингээд судас нарийсч, судсаар урсах цусны хэмжээ багасна. Бид амьдралын хэв маягаа өөрчилж, идэж байгаа хоол хүнсээ зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Хөдөлгөөн сайн хийж, архи, тамхи зэрэг хорт зуршлаас хол байх ёстой.

-Хорт зуршлаас өөр юу даралт ихсэхэд хүргэж байна?

-Суурь өвчнүүд нөлөөлж болно. Артерийн даралт ихсэх нь анхдагчаар болон хоёрдогчоор гэж байдаг. Даралт ихсэлттэй гэж оношлогдсон бол бие организмд архаг хууч өвчин байгаатай холбоотой байна уу, үгүй юу гэдгийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгч, эмнэлэгт хандаж байж тодорхойлох ёстой. Юунаас болж даралт ихсээд байна гэдгийг тодорхойлж байж түүнийхээ дагуу эмчилгээ хийлгэнэ. Зүгээр даралт ихсээд байна гээд эм уугаад байвал зөвхөн шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийгээд яваад байна гэсэн үг. Юунаас болж ихэсч байна гэдгээ мэдэж байж эмгэг жамын эмчилгээг хийнэ. Тухайн хүнд даралт ихсэх өвчин оношлогдсон бол даралтны эмийг байнга хэрэглэх ёстой. Зөвхөн ихэдсэн үед нь хэрэглээд яваад байх юм бол даралт харвах эрсдэл өндөр болно. Ийм эрсдэлд хүрээд байгаагаа мэдэхгүй явж байгаа тохиолдол манай улсад их байна.

-Ер нь ямар газар амьдардаг хүмүүсийн даралт ихсэх хандлагатай байдаг вэ?

-Хөгжингүй орнуудад их байдаг өвчин. Хэрэглэж байгаа хоол хүнс, хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой.

-Иргэд цусан дахь сахарын хэмжээгээ их тодорхойлуулж байгаа харагдлаа. Сахарын хэмжээ юунаас болж ихэсч байна?

-Чихрийн шижин Монголд сүүлийн үед ихэсч байна. Үүний шалтгаан нь бас л амьдралын буруу хэв маяг. Мөн хэвлийн таргалалттай хүмүүст их тохиолддог өвчин. Сахар ихсэх, сахар багасах гэж хоёр янз байдаг.

 

-Танай байгууллага энэ жил олон салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох зорилт тавьсан гэсэн. Энэ талаар?

-“Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь улс төр, нийгэм, бизнесийн чиглэлд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох зорилттой ажиллаж байна. Өмнөх дөрвөн жилийн хугацаанд манай байгууллага хүмүүнлэгийн олон ажлыг зохион байгуулж байсан. Тэр дундаа “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнийг манай байгууллага санаачлан зохион байгуулж байсан. Мөн эмэгтэйчүүдийн олон чуулганыг 21 аймагт зохион байгууллаа. “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь 21 аймагт салбартай. “Мянган ээжүүдийн чуулган”, “Мянган залуу ээжүүд”, “Мянган оюутны чуулган”-ыг 21 аймаг болон нийслэл хотод нэгэн зэрэг хийсэн. Энэ жил бид бизнесийн чиглэлд эмэгтэйчүүдээ дэмжих зорилготой ажиллаж байна.

-Танай зохион байгуулж байгаа “Хэлний марафон” аян хүмүүсийн анхаарлыг их татаж байна...

-Манайх энэ жил “Хэлний марафон” аяныг эхлүүлсэн нь эмэгтэйчүүдийнхээ англи хэлийг сайжруулах зорилготой. Энэхүү аян маань Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ сард Хэнтий аймагт болно. Бүх аймагт зохион байгуулахаар ажиллаж байна.

-“Хэлний марафон”-д хамрагдах хүсэлтэй хүн олон байгаа байх. Насны хязгаар заасан уу?

-Насны хязгааргүй. Хамрагдах хүсэлтэй бүхий л эмэгтэйд нээлттэй аян. “Хэлний марофон”-ы гол зорилго нь эмэгтэйчүүдийнхээ бизнесийг илүү сайн дэмжих. Мэдлэггүй бол бизнес явахгүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ