...
...

Хүүдээ бичсэн сүүлчийн захидал

Екатерина Савельевна Гроссман бол XX зууны уранзохиолын шилдэг бүтээлүүдийн нэг болох “Амьдрал ба хувь тавилан” романы зохиогч В.С.Гроссманы ээж бөгөөд түүний хүүдээ бичсэн сүүлчийн захидал уг романы хамгийн оргил хэсгүүдийн нэг болсон билээ.Ингээд уг захидлыг товчлон орчуулан хүргэж байна.

 “Витя, хэдийгээр ээж нь фронтын шугамын ард, еврейн хорооллын өргөст торны цаана байгаа ч захидал маань чамд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Би мөдхөн үгүй болох учраас чамаас хариу ирэхийг хүлээж чадахгүй. Гэвч миний сүүлчийн өдрүүдийн талаар чамайг мэдээсэй гэж хүсч байна. Ингэснээр би сэтгэл арай хөнгөрөн алсад одох болно.

Витя, хүмүүсийг жинхэнээр ойлгоно гэдэг их хүндрэлтэй юм аа... Долоодугаар сарын 6-нд немцүүд хот руу маань орж ирсэн. Хотын цэцэрлэгт радиогоор сүүлийн үеийн мэдээ уншиж байлаа. Би өвчтөнүүдээ үзэж дуусчихаад эмнэлгээс гарч явсан бөгөөд замдаа мэдээ сонсохоор зогслоо. Радиогийн нэвтрүүлэгч дайн тулааны тухай украинаар уншиж байлаа. Алсад буун дуу сонсогдсоны дараахан хүмүүс цэцэрлэг дундуур гүйлдэн одов. Би гэртээ ирээд, агаарын түгшүүрийн дохиог яагаад сонсоогүй юм бол оо гэж гайхлаа. Гэнэт би танк олж харав. Хэн нэгэн нь “немцүүд ороод ирлээ!” гэж хашгирахад нь, “Үймээн бүү тарь” гэж би хэллээ. Өмнөхөн нь би хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга дээр очоод дүрвэх талаар түүнээс асуухад, тэрээр уурлан: “Энэ талаар ярихад эрт байна. Бид тэгээд ч жагсаалт гаргаж амжаагүй байна” гэсэн юм... Тэд үнэхээр немцүүд байлаа. Бүхэл шөнөжингөө хөршүүд нааш цааш явцгаасан бөгөөд хамгийн тайван нь бяцхан хүүхдүүд, тэгээд би байлаа. Бусадтай юу тохиолдоно, тэр нь надтай ч мөн тохиолдож таарна гээд би аль хэдийн шийдсэн байв.

Эхэн үедээ надад аймшигтай байсан л даа. Хүү чамайгаа ахин харахгүй нь гэж ойлгон, ахин ганц удаа ч болов барааг чинь хараад, дух, нүдийг нь үнсэх юмсан гэж асар ихээр хүсч байв. Харин дараа нь, чи минь аюулгүй газар байгаа нь хичнээн их аз жаргал вэ гэж бодсон. Өглөө нь би сэрээд аймшигтай уйтгар гунигийг мэдрэв. Өөрийнхөө гэрт, өөрийн ор дэвсгэр дотор унтаж байсан хэдий ч нэг л цөлөгдмөл ганцаардсан хүн мэт санагдаж байлаа. Энэ л өглөө, зөвлөлт засгийн жилүүдэд би өөрөө ч мартахад хүрсэн, еврей хүн гэдгийг маань сануулав. Немцүүд ачааны машин дээр зогсон гудмаар явж, «Juden kaputt!» /Жүүдүүд сөнөнө!/ гэж хашгирч байлаа.

Дараа нь надад энэ тухай маань хэд хэдэн хөршүүд маань сануулав. Цэвэрлэгчийн эхнэр манай цонхон доор зогсоод хөршдөө: “Бурхан минь, жүүдүүд дуусах нь дээ” гэж хэлж байна. Яаж ингэж чадаж байнаа? Түүний хүү нь еврей бүсгүйтэй гэрлэн, тэр хүүгийндээ зочилж очсоны дараа ач нарынхаа талаар надад ярьдаг байсан юм. Алёнушка гээд 6 настай, хөөрхөн хөх нүдтэй охинтой хөрш бэлэвсэн эмэгтэйн талаар би чамд бичиж байсан даа. Тэр манайд орж ирсэнээ: “Анна Семеновна, орой гэхэд эд юмсаа зөөчихөөрэй. Би таны өрөөнд орно” гэхээр нь, “Тэгвэл би танайд орохоос” гэлээ. Тэр тэгсэн чинь, “Үгүй ээ, та гал тогооны цаад талын жижиг өрөөнд ор” гэж байна. Тэнд нь цонх ч, пийшин ч байхгүй учраас би татгалзав.

Би эмнэлэг рүүгээ явчихаад иртэл өрөөний маань хаалгыг эвдлээд, миний эд зүйлсийг пинд хийчихсэн харагдлаа. Хөрш маань: “Би буйданг чинь аваад үлдсэн шүү. Тэр тэртэй тэргүй шинэ өрөөнд чинь багтахгүй” гэлээ. Тэрээр техникум төгссөн, талийгаач нөхөр нь их сайн даруу төлөв хүн Укопспилкд нягтлан хийдэг байсан юм. Тэр “Та бол хуулиас гадуурх хүн” гэж их л нухацтай хэлэв. Харин түүний охин Алёнушка оройжин надтай хамт байсан бөгөөд би түүнд баахан үлгэр ярьж өглөө. Тэр харьж унтахыг хүсэхгүй байсан тул ээж нь тэврээд гэр рүүгээ явав.

Дараахан нь эмнэлгийг маань ахиад нээсэн хэдий ч өөр нэгэн еврей эмчийн хамт намайг ажлаас халав. Би ажилласан сарынхаа цалинг хүстэл, шинэ эрхлэгч надад: “Таны зөвлөлт засгийн үед ажилласан хөлсийг тань Сталин төлөх болно. Түүнд Москва руу захидал бич” гэж байна. Асрагч Маруся намайг тэврээд: “Бурхан минь, та нартай минь юу тохиолдох бол оо...” гэж аяархнаар харамсан өгүүллээ. Доктор Ткачев гарыг минь атгав. Хүмүүсийн бах нь ханасан, эсвэл өрөвдсөн харцны аль нь хүнд байсныг би сайн мэдэхгүй байна. Энэ бүхнийг даван туулах цаг хэзээ нэгэн цагт ирэх болно гэж би өмнө нь бодож байсангүй.

Олон хүмүүс намайг гайхшруулав. Зөвхөн харанхуй бүдүүлэг, боловсролгүй хүмүүс ч биш. Жишээ нь, 75 настай нэг хөгшин багш байнга чиний тухай асуугаад л, мэнд дамжуулаарай гээд л, “Тэр бидний бахархал” гэдэг байсан юм. Гэтэл саяхан надтай таарахдаа мэндлэх ч үгүй, бараг л зугтаах нь холгүй юм боллоо. Дараахан нь, тэрээр комендантын газар болсон цуглаан дээр: “еврейчүүд алга болсон чинь агаар цэвэрхэн, сармис ханхлахаа больчихлоо” хэмээн ярьсан талаар хүмүүс надад хэлсэн юм. Мөн Орос орныг немцийн гучхан мөнгөн зоосоор худалдахаас сийхгүй зарим хүмүүсийг би энд олж харсан билээ.

Удалгүй еврейчүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар зарлав. Биднийг 15 кг-аас хэтрэхгүй эд зүйлс авахыг зөвшөөрлөө. Байшингуудын ханан дээр “Бүх жүүдүүд 1941 оны долоодугаар сарын 15-ны оройны зургаан цаг гэхэд Хуучин хотын район руу нүүхийг сануулж байна. Хэрэв зөрчвөл шууд буудах болно” гэсэн үгс бүхий зарлалын шар самбарууд хадав.

 Ингээд, Витенька минь, ээж нь нүүхээр боллоо. Би өөрийн дэр, жаахан дотуур хувцас, чиний надад бэлэглэж байсан аяга, мөн халбага, хутга, хоёр таваг авав. Мөн эмнэлгийн хэдэн хэрэгсэл, чиний захидлууд, талийгаач ээж болон Давид ахын зургууд, бас чиний аавтайгаа хамт авахуулсан зураг, Пушкин, Мопассаны боть, толь бичиг зэргийг авлаа. Дараа нь байшин, жижиг цэцэрлэгтэйгээ салах ёс гүйцэтгэн, хэдэн минут модны сүүдэрт суув. Хөршүүдтэйгээ ч салах ёс гүйцэтгэлээ.
Зарим хүмүүс их сонин байв. Хоёр хөрш эмэгтэй маань хэн нь миний сандлууд болон бичгийн ширээг авах талаар бүр миний дэргэд маргалдахад хүрлээ. Дайны дараа чамайг хүрч ирвэл бүх зүйлийг тодорхой ярьж өгөөрэй гэж би хөрш Басанькогоос хүсээд тэр тэгэхээр амласан. Манайхны хашааг сахидаг Тобик нохой л их өрөвдөлтэй байлаа. Тэрээр сүүлчийн орой мэдсэн юм шиг надад баахан эрхэлсэн юм. Хэрэв чи энд ирвэл настай жүүд эмэгтэйд сайн хандаж байсанд нь талархаад нэг сайн цадтал нь хооллочихоорой. 

Ингээд би замд гарахаар болж, сагстай эд зүйлсээ Хуучин хот хүртэл яаж авч явах билээ гэж бодлоо. Гэтэл миний эмчлүүлэгч байсан Щукин гэнэт хүрч ирэн, миний сагсыг өргөн, надад 300 рубль өгч, долоо хоногт нэг удаа надад талх аваачиж өгч байя гэв. Тэрээр дүнсгэр, ямар ч мэдрэмжгүй хүн мэт надад өмнө нь санагддаг байж билээ. Тэр хэвлэх үйлдвэрт ажилладаг бөгөөд нүдний өвчнийх нь улмаас түүнийг фронтод аваагүй юм.

Дайны өмнө тэр надаар эмчлүүлж байсан бөгөөд тухайн үед намайг цэвэр ариун сэтгэлтэй хүмүүсийг нэрлэ гэсэн бол би хэдэн арван хүн нэрлэсэн ч түүнийг лав оруулахгүй байсан биз ээ. Харин, Витенька минь, түүнийг ирсний дараа л би өөрийгөө хүн мэтээр ахин мэдрэв. Надад хашааны сахиул нохойноос өөр хүн ёсоор ханддаг хүн бас байдаг юм байна.

Еврейчүүдэд зориулсан тушаал хотын хэвлэх үйлдвэрт бичигдэж байгаа талаар тэр надад ярилаа. Тэнд еврейчүүдийг гудамжинд явахыг хориглосон бөгөөд энгэр дээрээ зургаан хошуут од мэт таних тэмдэг зүүх ёстой гэнэ. Мөн тэд нийтийн тээвэр, халуун усны газар, эмнэлэг, кинотеатрт очих эрхгүй бөгөөд өндөг, масло, сүү, жимс, цагаан талх, мах болон төмснөөс бусад бүх ногоог худалдан авахыг хориглосон аж. Хуучин хот өргөстэй төмөр тороор хүрээлэгдсэн ба түүнээс гарах хориотой, зөвхөн хатуу чанга харуул хамгаалалтан доор хүнд хүчир ажил гүйцэтгэхээр тэндээс гарч болох юм байна. Оросын гэрт еврей хүн орогносныг мэдвэл партизан нуугдуулсантай адилтган, гэрийн эзнийг шууд буудан хорооно гэжээ.

 Тэрхүү дундад зууны үеийн хороолол руу явах зам маань хичнээн гунигтай байсныг хүү минь чи бараг төсөөлөхгүй байх даа. Би 20 жилийн турш ажилласан хот дундуураа явж байлаа. Ингээд бид Никольскийн гудам руу гарч ирэн, тэрхүү хараал идсэн хороолол руу явж байгаа хэдэн зуун хүний цувааг олж харлаа. Өвчтэй нэгнээ сугадан, доктор Маргулисын саажилттай эцгийг орны бүтээлгэн дээр хэвтүүлэн өргөж явав. Нэгэн залуу эр гар дээрээ настай эмгэнийг өргөн, араас нь баахан эд зүйлсээ өргөсөн эхнэр хүүхдүүд нь явж харагдана. Хүнсний дэлгүүрийн эзэн бүдүүн Гордон үстэй захтай өвлийн пальто өмссөн учраас нүүрээр нь хөлс урсаж байлаа. Мөн нэгэн залуу миний анхаарлыг ихэд татав. Тэрээр ямар ч эд зүйл аваагүй бөгөөд маш амгалан дүр төрхтэйгөөр толгойгоо гудайлган, гартаа барьсан дэлгээтэй номыг уншиж явлаа... 

...Тэр үед хоёр төрлийн хүмүүсийн бөөгнөрөл нүдэнд минь тусаж байлаа. Нэг нь, хамаг л дулаан хувцсаа өмсөж бөөдийсөн еврейчүүд, харин нөгөө нь, биднийг замын хажууд ажиглаад зогсож байгаа зуны хөнгөн шингэн хувцастай хүмүүс. Гудамжаар гунигтай цуван, Хуучин хотыг зүглэн гэлдэрч яваа еврейчүүдийн хувьд ертөнцийн наран тэднийг гийгүүлэхээ аль хэдийн больсон мэт, яг л 12-р сарын шөнийн харанхуйд явцгааж буй мэт байлаа.

Орох хаалганы дэргэд хүрээд би хамт ачааг минь өргөлцөж ирсэн эмчлүүлэгчтэйгээ салах ёс гүйцэтгэн, тэр бидний дараа уулзаж байх газрыг надад зааж өгөв. Витенька минь, өргөст торон хашаан дотор ороод намайг юу мэдэрснийг төсөөлж байна уу? Би аймшгийг мэдэрч байна гэж эхлээд бодсон. Гэвч энэхүү малын хашаа шиг газарт миний сэтгэл арай л хөнгөрөөд явчихсан гээд бод доо. Учир нь, энд надтай яг адилхан хувь тавилантай хүмүүс байлаа. Тэд нүд рүү минь харж ярилцан, надаас нүүр буруулан зугтахгүй байв. Энэ хашаан дотор бүгд л фашистуудын тарааж өгсөн пайзыг зүүж байсан учраас сэтгэл санаа эвгүйрхээд байх зүйлгүй, харин ч амар байлаа. Би энд өөрийгөө хүчин мөхөс үхэр мал биш, харин зүгээр л золгүй нэгэн гэдгээ мэдэрч байв.

Энд би хамт ажилладаг байсан дотрын эмч Шперлингийн гэр бүлтэй хамт хоёр өрөө бүхий жижиг байшинд амьдрахаар боллоо. Тэднийх насанд хүрсэн хоёр охин болон 12 настай нэг хүүтэй байв. Би тэр хүүгийн туранхай нүүр, гунигтай том нүдийг удаан хардаг байлаа. Түүнийг Юра гэдэг бөгөөд би хоёр ч удаа түүнийг Витя гээд санамсаргүй дуудчихсанд тэрээр залруулан: “Би бол Юра, харин Витя биш” гэж билээ.

Шперлинг 58 настай хэдий ч эрч хүчээр дүүрэн хүн бөгөөд тэр дороо л гүйж харайж яваад гудас, керосин, түлээ гээд хэрэгтэй зүйлсийг олон, шөнө нь шуудай гурил, бас тал шуудай шош аваад ирэв. Тэрээр өөрийн амжилт бүрдээ яг л залуу хархүү шиг жигтэйхэн ихээр баярлаж хөөрнө. Бас энд тэндээ хивс өлгөн, “дажгүй, дажгүй, бүгд ингээд амьдраад байна шүү, гол нь хүнс, түлээгээ л гамнах хэрэгтэй” хэмээн давтан хэлж байв. Тэр өргөст торон хороолол дотор сургууль байгуулах санааг надад хэлэн, Юра хүүдээ франц хэл надаар заалган, хөлсөнд нь нэг таваг шөл өгч байх санал тавьж, би ч зөвшөөрлөө. Шперлингийн эхнэр бүдүүн Фанни Борисовна санаа алдан: “Бүгд үхсэн, бид ч үхэх биз” гэнэ. Тэрээр эелдэг энхрий зантай том охин Люба нь хэн нэгэнд атга шош, хэрчим талх өгчихвий хэмээн харж хянана. Харин ээжийн хайртай бага охин Аля нь яг л чөтгөрийн зулзага мэт, дээрэнгүй бардам, хартай,  бүдүүлэг. Тэрээр аав, эгч хоёр руугаа муухай орилоод л дайрчихна.

Бурхан минь, эргэн тойронд ямар их хэрэгцээ байсан гээч! Еврейчүүд хар өдөртөө зориулан баахан баялаг хурааж хуримтлуулдаг талаар ярьдаг байсан хүмүүс манай Хуучин хотыг тэр үед харсансан бол. Бидний хувьд хараас хар өдөр маань аль хэдийн ирчихээд байлаа. Харин Хуучин хотод 15 кг ачаатай ирсэн биднээс гадна гар урчууд, хөгшчүүд, хар ажилчид, асрагчид өмнө нь амьдарч байсан юм. Тэрхүү аймшгийн давчуу газарт тэд амьдарсаар ирсэн, одоо ч амьдарч байна. Витенька, би энд харамч, хулчгар, зальжин, тэр ч бүү хэл урвахад бэлэн өч төчнөөн муу хүмүүсийг харж байна. Энд Эпштейн гээд нэг аймшигтай хүн байна. Тэр польшийн аль нэгэн хотоос бидэн рүү ирсэн бололтой. Тэр ханцуйн дээрээ бүч зүүгээд, немцүүдтэй хамт нэгжлэг хийж, байцааж, украины урвагч цагдаа нартай нийлэн архидах бөгөөд тэд түүнийг айлуудаас архи, мөнгө, хүнсний зүйлс нэхүүлэхээр явуулдаг юм. Би түүнийг хоёр ч удаа жигтэйхэн гоё костюмтэй явахыг харсан бөгөөд энгэртээ зүүсэн шар тэмдэг нь удвал цэцэг мэт харагдаж байв.

Гэвч хүү минь, би чамд өөр зүйлийн талаар ярихыг хүсч байна. Урд нь би хэзээ ч өөрийгөө еврей эмэгтэй гэж мэдэрдэггүй байлаа. Бага наснаасаа л орос найзуудын дунд өсөн, Пушкин, Некрасов зэрэг найрагчдыг бүхнээс илүү хайрлаж, орос жүжиг үзэн, үзэгчидтэй нийлэн уйлдаг, тийм л байлаа. Харин, Витенька минь, намайг 14 настай байхад манай гэр бүл Өмнөд Америк руу цагаачлахаар болов. Би аавд: “Би Оросоос хаашаа ч явахгүй, тэрэнд орвол живж үхсэн нь дээр” гэж хэлээд явсангүй.

Харин эдгээр аймшигт өдрүүдэд миний зүрх сэтгэл еврей ард түмнийг гэсэн эхийн хайраар бялхсан юм. Өмнө нь би энэ хайрыг мэддэггүй байж. Энэ хайр надад чамайг хайрладаг хайр шиг минь дотно санагдаж байна, хүү минь. Би өвчтэй хүмүүсийн гэр орноор яван үзлэг хийж байгаа бөгөөд өчүүхэн умгар өрөөнд хараа муутай хөгшид, хөхүүл хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд хэдэн арваараа чихэлдэн амьдарцгааж байгааг харж өр зүрх шимширнэ.

Би хүмүүсийн нүднээс өвчний шинж тэмдэг хайгаад дассан байсан бол одоо тийм биш болсон. Одоо бол хүмүүсийн нүднээс тэдний сэтгэл санааны илрэлийг олж хардаг болсон. Сайн сайхан сэтгэл санааг шүү, Витенька! Гунигтай бөгөөд эелдэг, инээмсэглэсэн ба ивээсэн, хүчирхийлэлд ялагдсан хэдий ч хүчирхийлэл дээр бахдалтайгаар ялан дийлсэн гээд олон янзын. Витя минь, сэтгэл санаагаараа л хүчирхэг байх хэрэгтэй шүү! Тэдгээр эмээ өвөө нар ямар их анхааралтайгаар чиний тухай надаас асуудаг гэж санана. Надаас долоон дор аймшгийн нөхцөлд байгаа тэдгээр хүмүүс намайг чин сэтгэлээсээ хэрхэн тайвшруулахыг хичээж байгааг чи харсан ч болоосой, хүү минь. Заримдаа, би өвчтөнүүд рүү очиж байгаа биш, харин эсрэгээрээ, ардын эелдэг эмч миний сэтгэл санааг эмчилж байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм. Өөрсдийг нь эмчилсний төлөө зүсэм талх, атга шош надад өгч байгаа нь хичнээн сэтгэл уяраамаар гээч. Гэхдээ энэ бол очсоны хөлс биш гэдэгт Витенька минь итгээрэй! Хижээл настай ажилчин эр миний гарыг атгаад, 2-3 төмс цүнхэнд маань шургуулж: “Ав, ав, эмч минь, би таныг гуйж байна” гэхэд өөрийн эрхгүй нүдийг маань нулимс бүрхээд ирсэн. Энд, эцэг ёсны, энэрэл хайрын, цэвэр тунгалаг ямар нэгэн зүйл агуулагдаж байгаа бөгөөд чухам юу гэдгийг би чамд үгээр илэрхийлж чадашгүй нь...

Энд би хүний итгэл найдвар гэгч оюун ухаантай нь бараг хамааралгүй, түүнийг төрөлх инстинкт нь төрүүлсэн болохыг харж байна. Витя минь, энд хүмүүс өмнө нь урт удаан он жилүүд байгаа мэт л амьдарцгааж байна. Үүнийг тэнэг эсвэл ухаантай гэж шүүх аргагүй юм. Би ч мөн энэ хуулинд аль хэдийн захирагдсан. Саяхан хоёр бүсгүй энд шинээр ирсэн юм. Тэдний өгүүлснээр, немцүүд ойр орчмын еврейчүүдийг хүүхэд хөгшид гэлтгүй, бүгдийг нь хөнөөж байна гэнэ. Машинтай немцүүд, урвагч цагдаа нар хүрч ирээд хэдэн арван эрчүүдийг талбай руу ажил хийлгэнэ гэж авч яван, нүх ухуулаад, дараа нь еврей иргэдийг тийш нь хөөж аваачаад толгой дараалан буудан хөнөөсөн аж. Манай хотын эргэн тойронд, энд тэндгүй еврейчүүдийн шарил бий болсон гэнэ.

Зэргэлдээ байшинд Польшоос ирсэн эмэгтэй амьдардаг юм. Тэнд ч бас аллага байнга явагдан, Варшав, Лодзи, Радомоос бусад еврей хорооллуудыг хүйс тэмтэрсэн гэнэ. Энэ бүгдийг сонссоны эцэст бүх зүйл тодорхой боллоо. Биднийг энд харж хамгаалахын тулд бус, бөөнөөр нь хороохын тулд цуглуулсан бололтой. Магадгүй, 1-2 долоо хоногийн дараа бидний ээлж ирэх биз. Гэвч энэ бүгдийг би ойлгож байгаа хэдий ч урдын адил өвчтөнүүдээ эргэж тойрон: “Хэрэв энэ эмээр нүдээ 2-3 долоо хоног тогтмол угаагаад байвал удахгүй эдгэнэ” гэж хэлсээр. Мөн Юрад франц хэлний хичээл заан, буруу дуудахаар нь зэмлэсээр. Шинэ хүмүүс ирэх бүрд бидний хувь заяа хэзээ мөдгүй шийдэгдэх нь тодорхой болсоор. Гэвч хүмүүс урдын адил амьдарсаар л. Тэр ч бүү хэл, саяхан манай энд хурим болсон.

Энд янз бүрийн цуу яриа хэдэн арваараа төрсөөр. Манай дайчид эсрэг давшилтанд ороод немцүүд зугатаж байна гэж сонсоод хэсэгтээ баярлан тайвширцгаана. Мөн Зөвлөлт засгийн газар ба Черчилл немцүүдэд тулган шаардах бичиг өгөөд, Гитлер еврейчүүдийг хөнөөхгүй байхыг тушаасан гэнэ хэмээн гэнэт сонсогдон, бас еврейчүүдийг немцийн олзлогдсон цэргүүдээр солих гэнэ гэсэн цуу яригдсаар. Бидний энэхүү еврейн хорооллоос өөр газарт эндэх шиг ийм их итгэл найдвар байгаагүй болов уу. Итгэл найдвар гэгч хичнээн баялаг юм бэ дээ!

Хөндлөнгөөс харахад, бид бүгдээрээ цаазлуулна гэдэгт огт итгэмээргүй: үсчингүүд, гуталчид, оёдолчид, эмч нар гээд бүгд л ажлаа хийцгээгээд л. Саяхан энд жижигхэн төрөх байр нээгдсэн. Угаалга хийцгээн, хоол ундаа бэлдэж, хүүхдүүд 9-р сарын 1-нээс хичээлдээ явж эхлэн, ээжүүд нь хүүхдүүдийнхээ дүнгийн талаар багш нараас нь очиж асуугаад л. Аля Шперлинг өглөө бүр дасгал хийж, орой унтахын өмнө үсээ хайчаар ороон буржийлгаж, зуны ямар нэгэн хувцас авахуулах талаар эцгээсээ шаардан маргалдаад л. Би ч бас өглөөнөөс орой хүртэл завгүй: өвчтөнүүдээ тойрч үзэн, хичээл зааж, юм угаан, хавар намрын пальтоныхоо дотор талд хөвөн тавьж оёод өвөлд бэлдэх маягтай байна. Еврейчүүд рүү халдсан элдэв тохиолдол сонсогдсоор. Хуулийн зөвлөхийн эхнэр, миний нэг танил эмэгтэйг хүүдээ өндөг худалдаж авч өгсөнийх нь төлөө ухаан алдтал нь зодсон, өргөст торон доогуур өнхөрч орсон бөмбөгөө авах гээд сарвайн мөлхсөн хүүг мөр рүү нь буудсан гээд зөндөө цуу яриа дуулдсаар. Харин өнөөдөр цуу биш бодит зүйл болжээ. Немцүүд 80 залуу эрчүүдийг талбай руу төмс хураалгана гээд аваад явсан байна. Зарим нь тэднийг хэдхэн ширхэг ч болов төмс аваад ирэх байх хэмээн баярлацгаагаад л. Гэвч би ямар төмсний тухай яриа болоод байгааг сайн ойлгож байна.

Өргөст торон хороололд шөнө болно гэдэг онцгой үе. Витя, ээж нь чамайг үргэлж үнэнийг ярьж байх хэрэгтэй гэж сургадаг байсныг санаж байгаа биз дээ. Тэгвэл ээж нь ч бас хүүдээ үнэнийг ярих ёстой. Витенька, ээж чинь хүчирхэг хүн гэж бүү бодоорой. Би бол сул дорой эмэгтэй. Хүүхэд байхдаа аянга цахилгаан, харанхуйгаас их айдаг байлаа. Хөгширсөн хойноо өвчлөл, ганцаардалаас айн, өвчин тусаад ажил хийж чадахаа байгаад хүүдээ гай болох вий гэж айдаг байсан. Би бас дайнаас айдаг байсан. Витя, яг одоо шөнө дунд намайг аймшиг нөмрөн, түүнээс болж зүрх минь царцаж байх шиг. Намайг үхэл тосч байна. Чамаас тусламж хүсэн дуудахыг би ямар их хүснэ вэ. Бяцхан хүү байхдаа чи минь надаас тусламж эрэн, гүйж ирдэг байсан. Тэгвэл одоо энэ цаг мөчид сул дорой ээж нь ухаантай, хүчтэй хүүгийнхээ өвдөг дээр толгойгоо тавиад хамгаалуулахыг маш их хүсч байна...

Өнөөдөр үйл явдлаар дүүрэн өдөр байлаа. Өглөөхөн Аля танил орос эмэгтэйгээрээ дамжуулан, эмнэлэгт нас барсан нэгэн залуухан орос бүсгүйн паспортыг олж авсан ба шөнө гэхэд Аля явчихна. Өнөөдөр мөн төмс хураалгахаар авч явсан еврей эрс хотоос дөрвөн миль зайд, нисэх буудлын дэргэд, Романовка руу явдаг зам дээр гүнзгий нүхнүүд ухаж байгааг манай торон хорооллын дэргэдүүр өнгөрч явсан танил тариачнаас сонсов. Витя, энэ газрын нэрийг тогтоогоод аваарай. Энд л ээж нь ахан дүүсийн шарилд мөнх нойрсох нь.

Нөгөө мөнхийн өөдрөг үзэлтэй Шперлинг маань хүртэл бүгдийг ойлгочихсон, бүхэл өдөржингөө хувхай цайсан царайтай амьтан уруул нь чичрэн надаас асууж байна: “Мэргэжилтнүүдийг амьд үлдээх найдвар байгаа болов уу?” гэж. Үнэхээр ч, зарим газар шилдэг гуталчин, эмч зэрэг мэргэжилтнүүдийг цаазлалгүй үлдээсэн сураг сонсогдож байсан юм. Орой нь Юра бид хоёр «Lettres de mon moulin»-ыг уншлаа. Чи бид хоёр миний унших дуртай «Les vieux» өгүүллэгийг уншаад бие бие рүүгээ харан, нулимсаа гартал инээлдэж байсныг санаж байна уу? Дараа нь би Юрад нөгөөдрийн хичээлийн даалгавраа өглөө. Тэгэх хэрэгтэй байсан юм.

Сурагчийнхаа гунигт царай, даалгавраа тэмдэглэж авч байгаа хуруунуудыг нь хараад ямар аймаар өрөвдмөөр мэдрэмж төрснийг өгүүлэхийн аргагүй. Гайхалтай нүд, долгиотсон үстэй эдгээр хүүхдүүд дотроос хичнээн олон ирээдүйн эрдэмтэд, физикчид, анагаахын профессорууд, хөгжимчид, яруу найрагчид төрөх байсан бол оо. Хүүхдийнх гэмээргүй гунигтай харцтай болсон тэднийг өглөөгүүр хичээлдээ гүйж явахад нь би хардаг юм. Харин заримдаа тэднийг хоорондоо ноцолдон инээлдэхэд сэтгэл санаа минь хөгжилтэй болохын оронд аймшиг нөмрөх мэт болдог. Хүүхэд бол манай ирээдүй гэж ярьцгаадаг. Гэвч эдгээр хүүхдүүдийн талаар юу хэлэх билээ?  Тэд ирээдүйн хөгжимчид, гуталчид болж чадахгүй. Бидний энэхүү шуугиант ертөнц мөдхөн газарт шингэхийг би өнөө шөнө маш сайн төсөөллөө. Харин дайны дараа амьдрал сэргэн, ахиад шуугилдаад эхлэх үед бид байхгүй болсон байна. Яг л индейчүүд алга болсон шиг бид ч алга болно...

Витенька, би одоо захидлаа дуусгаад торон хорооллын хашаа руу очин найздаа дамжуулах болно. Энэхүү захидлаа дуусгахад үнэхээр хэцүү байна. Энэ бол чи бид хоёрын сүүлчийн яриа учраас. Захидлаа өгчихөөд ээж нь чамаасаа үүрд явлаа. Миний сүүлчийн өнгөрүүлсэн цагуудын талаар чи минь хэзээ ч мэдэж чадахгүй биз ээ. Энэ бол бидний хамгийн сүүлчийн салалт. Үүрд мөнх хагацахын өмнө ээж нь чамд юу хэлэхсэн билээ? Эдгээр өдрүүдэд болон миний амьдралын бүхий л хугацаанд чи минь миний цорын ганц баяр баясгалан байсан юм шүү. Шөнийн цагаар би чамайгаа санан, чиний хүүхэд үеийн хувцас хунар, чиний анхны номнууд, анхны захидал, сургуульд орсон анхны өдрийг чинь дурсан санадаг байлаа. Бүгдийг, чиний анх хорвоод мэндэлснээс авахуулаад, хамгийн сүүлд, 6-р сарын 30-нд чамаасаа хүлээн авсан цахилгаан мэдээ хүртэлх бүхий л зүйлсийг ээж нь дурсан санаж байна. Одоо чи минь дэргэд байхгүй, энэхүү аймшигт гай зовлон чамайг минь тойроод гарсанд би хичнээн их баяртай байна вэ...

Витя, би үргэлж ганцаардмал байсан. Нойргүй шөнүүдэд уйтгар гунигаасаа болж зөндөө уйлдаг байсан. Гэвч хэн ч үүнийг маань мэддэггүй байсан юм шүү. Чамд өөрийнхөө амьдралын талаар ярина гэсэн бодлоор ээж нь өөрийгөө тайтгаруулдаг байлаа. Ааваас чинь яагаад салах болсон, яагаад ийм олон жил ганцаараа амьдрах болсон гээд бүгдийг ярина гэж боддог байлаа. Ээж нь бусад залуу хүмүүсийн адилаар алдаа гаргаж, ухаангүй загнасан тухай Витя мэдээд хичнээн их гайхах бол оо гэж заримдаа боддог байлаа. Амьдралаа ингээд ганцаараа дуусгах нь миний хувь тавилан байсан бололтой. Чамд хэт их хайртай байсан учраас заримдаа чамаас хол амьдрах ёсгүй гэж боддог байсан. Миний чамайг гэсэн энэ их хайр өтөлж хөгширсөн хойноо чамтай хамт байх эрхийг өгөх болно гэж бодож байсан...

Ну, enfin… Хайртай хүмүүстэйгээ үргэлж аз жаргалтай амьдраарай. Ээжийгээ уучлаарай. Гудамжинд эмэгтэйчүүд уйлалдах, цагдаа нар зандрах сонсогдож байна. Харин би эдгээр хуудсуудыг хараад захидлаа хэрхэн төгсгөхөө мэдэхгүй сууна. Чамайг гэсэн миний хайрыг илэрхийлж болохуйц тийм үгс ер нь байдаг юм болов уу?

Чинийхээ нүд, дух, үсийг үнсье. Жаргал зовлонгийн бүхий л үед чинь ээжийнх нь хайр байнга чамтай хамт байх болно гэдгийг сайн санаж яваарай. Эхийн хайрыг хэн ч, юу ч үгүй хийж чаддаггүй юм.

Витенька...  Ингээд ээжийнх нь сүүлчийн захидлын сүүлчийн мөр бичигдэж байна. Амьдар, амьдар, үүрд мөнх амьдар...

Ээж нь.»

Екатерина Савельевна Витис 1941 оны 9-р сарын 15-нд Романовкад бусад еврейчүүдийн хамт буудуулсан билээ. Ясны сүрьеэ өвчин нь хүндэрсэн тэрээр ахан дүүсийн шарилын нүх рүү таяг тулан очсон гэдэг. Зохиолч Василий Гроссман /1905-1964/ амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл талийгаач ээждээ захидал бичсээр байсан аж.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ