...
...

Монголд улстөрийн хоригдлууд бий болох уу...

Оюутолгой төсөлтэй холбогдуулан одоогийн байдлаар Монгол улсын хоёр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, мөн Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын хэдэн залуусыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих  461-р ангид саатуулан шалгаж байна. Тэд дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компанийн зүгээс Монгол улсад хөрөнгө оруулах тухай гэрээнд гарын үсэг зурснаараа буруутан болоод байгаа билээ.

Уг нь Оюутолгой уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд улстөрийн шийдвэр байсан.  Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т болон мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш, зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно.

Харин энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг юм. Тэгээд ч, бидний үлгэрлэн дууриах дуртай  Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг аж.

Тэгвэл тухайн үед Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу олонхиороо дэмжсэн улстөрийн шийдвэрийг гаргасныхаа төлөө яагаад эдгээр хүмүүс шоронд хоригдон, залхаан цээрлүүлэгдэх ёстой гэж? Тэд шүүхийн дуудсан цагт хүрэлцэн очиж, мэдүүлгээ өгцгөөсөн. Хэн нь ч шүүхийн мөрдөн байцаалтаас оргон зугатахыг хүсээгүй, тийм ёс суртахууны төлөвшил ч үгүй хүмүүсийг заавал хорин цагдаж, байцаалт авдаг нь хаанахын ёс вэ?

Тэдний энэхүү байдлаас харж байхад “Монгол төр зүтгэсэн хүндээ халтай” гэх зэвүүн үг өөрийн эрхгүй санагдахаар. Мөн тэднийг шоронд хорьсноороо өөр нэг хэсэг нь ард түмний дунд нэр хүнд олох гэсэн  явуургүй амбиц байгааг ч үгүйсгэхгүй. Бас Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчийг солих гэсэн бүр том “хуйвалдаан” явагдаж байгаа гэх шуум ч сонсогдоод байгаа.

461-р ангид хоригдож буй ерөнхий сайд, сайд асан эрхмүүдийг бүтэн нэг сар цагдан саатуулахдаа ердөө 1-2 удаа мөрдөн байцаалт авснаас харахад, тэднийг заавал шоронд хорих шаардлага байсан ч юмуу, үгүй ч юм уу. Тэднийг гадуур батлан даалтад байлгаад дуудсан тохиолдолд хэн нь ч цааргалалгүй очоод мөрдөн байцаалтаа өгчихөөр ёс зүйтэй хүмүүс гэж бодож байна.

Энд гол нь тэднийг өмгөөлөх гэсэндээ бус, харин Монголд энэ маягаар, тэртээх хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд олноор бий болсон улстөрийн хоригдлууд гэх нэршил бүхий ялтнуудын тоо ахин нэмэгдээд эхлэх вий гэсэн болгоомжлолын үүднээс үүнийг тэрлэхийг зорилоо. Төр засгийн эрх барьж буй зарим эрхмүүд өөрсдийн өрсөлдөгчид болон хувийн өс хонзонгийн сэдлээр хэн нэгэнд ийнхүү ял үүрүүлээд байвал цаашид юу болох билээ?!

Оюутолгой төслийн шийдвэр гаргах үед хамтарсан засгийн газар ажиллан, олонхиороо тэрхүү улстөрийн шийдвэрийг гаргаж байсан учраас одоо цөөн хэдхэн хүнийг буруутган хорих нь утгагүй юм. Хариуцлага хүлээхдээ тулбал тухайн үед саналаа өгөн, шийдвэрийг батламжилсан гишүүдэд ч бас хамааралтай баймаар.  Хамтарсан засгийн газар байсны хувьд МАН, АН аль нь ч адилхан хариуцлага хүлээж таарна.   Харин улстөрийн зорилготой хэлмэгдүүлэлт гаргахгүй байх нь л хамгийн чухал! 

Дашрамд дурдахад, Х.Чойбалсан тэргүүтэй Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9 дүгээр сарын 10-нд байгуулагдаж, 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа нийт 51 удаа хуралдахдаа 25824 хүний хэргийг шүүж, 20474 хүнд буудан хөнөөх ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10-аас доош жилээр хорих ял оногдуулж байжээ. 1937 оны 9 дүгээр сарын 10-нд баривчлагдсан хүмүүсийн дотроос Монголын төр, цэргийн нөлөө бүхий 14 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн, мөн оны 10-р сард хөнөөсөн билээ. Монголын түүхийн хуудсанд асар том хар толбо үлдээсэн энэхүү улстөрийн аймшигт хэлмэгдүүлэлт ахин бүү давтагдаасай... 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • ЭНЭ СЭТГҮҮЛЧ ТЭНГЭЛЭХ ЭЭ БОЛЬ,ХУДАЛДАГДСАН ЭТГЭЭД

  • Hutsalgui hulgailsan deeremdsenee butsaaj ug.

  • Гэрээ байгуулсан нь зөв гэхдээ авилгал авч гадны компанид давуу эрх олгож Монгол улсад ашиггүй гэрээ хийж эх орноосоо урвасан нь ард түмний нүдэн дээр ил байгаа шүү дээ. Цаазлах хэрэгтэй тэгж байж улс төрийн соел тогтоно шүү дээ

  • Ч.Сайханбилэг ээ чи Оуютолгой компанийн улсад толох естой татварыг чолоолж, Оюутолгойн ашгаас Монголын ард тумний шууд хуртэх байсан ашгийг 16 жилээр хойшлуулж, эх орондоо ямар ч ашиггуй гэрээ хийснийгээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Мон Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аар хэлэлцуулэхгуй, эрх мэдэлээ хэтруулэн ашиглаж хувийн компанид шилжуулсэн уйлдэлээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Угуй. Эдгээр чинь бугд эрх мэдэлээ урвуулан ашиглаж БУСДАД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ ЗОРЧСОН УЙЛДЭЛ шуу дээ. Иймд хууль хяналтын байгууллагаар л шалгуулж тогтоолгохоос оор арга байхгуй шуу дээ дуу минь. Гэтэл чи хууль хяналтын байгууллагын уйл ажиллаанд саад учруулж, хийсэн хэрэгээ будлиантуулахыг оролдоод байна уу?

  • tegj tom tolgoilj dur medej ulsaan zarj boldog yumuu . chadahgvi medehgvi bol chaddagaar hiilgbel yasiim.

  • Улсын, ард түмний хөрөнгийг албан тушаалаа ашиглан луйвардан авилгаар авсан хүмүүс яагаад улс төрийн хэрэгтэн болдог юм бэ, эд нарийг хулгайч, дээрэмчдийн нэгэн адил ял шийтгэх хэрэгтэй, таны миний бидний өмч хөрөнгийг хулгайлсан хүмүүс, болдогсон бол духан дээр нь тамга дарж насан туршид нь шившиглэх ч багадна

  • Хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй. Бүү хууль хяналтын ажилд садаа бол хэргийн эзэд.хамсаатан.гэр бүлийнхээн. Хамт хулгайлж идсэнээ бүгд үнэнээ хүлээж ял янханаа үүр.цагаан захтны хэрэг л шүү даа.түүнээс биш хэлмэгдүүлнэ гэж үгүй.ял завшуулахгүй.2 хөршөө хар.яаж цэвэршиж байгааг.

  • Солонгос хятад улс авилгач терийн хумуустээ хариуцлага тооцож байгаа манайд эхлэл шинжтэй байгаа монголд улс терийн хоригдол байхгуй орон

  • Ард түмнии юмыг хахаж цадтал аа идсэн улсууд ыг юундаа өмөөрч хаацаилаад баинаа .энэ мэт дээрэмчидиин нөлөөгөөр ядууурал туилдаа хүрч ухамсариин дороитолд ард түмэн маань орж нэг нэгнээ алах дээрэмдэх ердиин үзэгдэл боллоо ш дээ эднүүс шоронд хоригдсон нэртэи эмнэлэгт нь хэвтээд л жаргаж баигаа биз болдогсон бол хэдэн тэрбумаар нь идсэн нөхдүүдииг хэдиин цаазалж шударга ёс тогтоомоор баина шүү.

  • Улс төрийн хоригдол байхгүй ш дээ. Эрүүгийн гэмт хэрэгтэнүүд л байгаа ш дээ. Сенсаци дэгдээгээд ял завших гэсэн оролдлого.

  • Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг нэрийн дор эх орноосоо урвагчдийг бүү давраа.30.40 өөд оных шиг хэлмэгдүүлнэ гэж юу байхав.одоо 21 р зуунд байгаагаа мэдэж байна уу та.эх орныхоо эсрэг алдагдалтай хохиролтой хуйвалдаан хийж улсын баялагаа зарж идсэн хүмүүсийг ....хулгайн юмаар гэр бүлээ тэжээгсэдийг хатуу цээрлүүлж байгаа нь дэлхийн нийтийн жишиг.бүү өмөөр.эх ороны эсрэг бол ялаа үүрнэ. Бүү 37 он руу ор.бүү өрөвд.бүү сүржигнэ.

Онцлох мэдээ