АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Ин нар тавдугаар сарын 22-нд Цагаан ордонд уулзаж, Америк, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх аж.
“Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 22-нд Өмнөд Солонгосын тэргүүн Мүн Жэ Ин-тэй Цагаан ордонд уулзана. Энэ нь хоёр орны удирдагчдын дээд хэмжээний гурав дахь уулзалт бөгөөд АНУ болон Өмнөд Солонгосын хоорондын бат бөх холбоо болон гүн гүнзгий найрамдал нөхөрлөлийг улам баталгаажуулах болно” хэмээн Цагаан ордны мэдээлэлд дурджээ.
Хоёр орны удирдагчид Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын талаар хэлэлцэнэ хэмээн тэнд мөн онцлон тэмдэглэсэн байна.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт болох цаг хугацаа болон газар орныг товлосон тухай Bloomberg агентлаг өнгөрөгч баасан гаригт мэдээлсэн билээ.
“Бидний уулзалтын хугацаа, газар нутаг тодорхой болсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн хэдий ч чухам хэзээ, хаана болох тухай тодорхой дурдаагүй аж.
АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын сүүлч болон зургадугаар сарын эхээр төлөвлөгдөөд байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний уулзах боломжит газруудаар Монгол, Сингапур, мөн Оросын Хабаровск, Владивосток хотууд нэрлэгдээд байсан юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
munhnaran eej