...
...

Архангай аймагт энэ жил 1.8 сая мал төллөнө

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнгөрөгч долоо хоногт Архангай аймагт ажиллалаа. Тэрээр эхлээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн малчин Р.Ганболд, Д.Гарьдмаа нарын малын хотонд очиж малчидтай уулзлаа. Тус аймагт хоёр өдөр дараалан нойтон цас орсон ч малчдын хувьд шар тос болсон гэдгийг хэлж байсан юм. Малчдын зүгээс Хөх сүм багт малын эмч байхгүй, малд тарилга хийгдэхгүй байна гэдгийг онцлон ярьж байв. Мөн малын угаалга хийлгэмээр байна гэдгээ тойргийн гишүүндээ уламжиллаа. Аймгийн хэмжээнд 5.3 сая толгой мал өвөлжиж, урьдчилсан байдлаар 1.8 сая мал төллөхөөр тооцоотой байгаа аж. Цас ихтэй өвөлжилт хүндэрсэн тул аймгийн хэмжээнд 120 мянган толгой малын хорогдолтойгоор хавартай золгожээ. Өвөл гэнэтийн цочир хүйтэрсэн тул бог мал, тэр дундаа ямаа хээл хаях нь их байгааг малчид хэлж байлаа. Улсын нөөц, аймгийн нөөцөөс тодорхой хэмжээний өвс тэжээлийг малчин өрхүүдэд тарааж, их бага гэлтгүй боломжийнхоо хэрээр хуваан өгч, одоо аймгийн өвс тэжээлийн нөөц дууссан гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр хэллээ. Малчдын зүгээс тэтгэврийн нас наашилсантай холбоотойгоор тэтгэврээ тогтоолгоход бэрхшээл байгаа, хүүхдийн мөнгийг ямар зарчмаар олгох талаар асууж байсан юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг малчдын тэтгэврийн нас, тэтгэврийн зээлийг УИХ-аас шийдсэн. Малчин эмэгтэй 50, эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарах боломж бүрдсэн. Хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын багц хуулиудыг Их хурлаар хэлэлцэнэ гэдгийг онцлоод малчдад ямар боломж байгааг тайлбарлалаа. Ирэх жилийн төсөвт ахмад настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг тодорхой хувиар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн тэрээр “Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор шийдвэрлэсэн. УИХ-аар үүнийг шийдээд явчихна. Улсын эдийн засаг дээшлэхээр хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох боломж бүрдэх байх. Тойргийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хөрөнгө оруулалт хүндрэлтэй байгаа ч сумдаас тавигдаж байгаа асуудлуудыг шат дараатай шийдээд явж байна. Сумдад нэгдсэн журмаар малын угаалга зохион байгуулахад анхаарна” гэсэн юм. Энэ ондоо багтаж Хөх сүм баг багийн төвтэй болно гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ.

 

zindaa.mn

Д.Дорж

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ