...
...

"УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018" үргэлжилж байна

"Улаанбаатар өвлийн наадам 2018" нээлт өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон нийслэлийн иргэд, жуулчид хүрэлцэн ирсэн байв. Түүнчлэн Монгол Улсын өнцөг булан бүрийн сур болон шагайн харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулахаар иржээ. Мөн энэ жилийн хувьд хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирсэн байна.

Өвлийн наадмыг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан үг хэлсэн юм. Тэрээр зорин ирсэн зочид, гэр бүл, хүүхэд залууст талархал илэрхийлж, өвлийн наадамдаа амжилттай оролцохыг хүсээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт их хотоо “Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын төв” болгох том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд жилийн дөрвөн улиралтай, онцлог цаг агаартай Улаанбаатар хотдоо “Өвлийн аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхийг бид чармайн ажиллаж байна. Өнгөрсөн жилийн өдийд энэ наадмыг бид амжилттай зохион байгуулж, аялал жуулчлалынхаа салбарт нэг шат ахисан гэдгийг онцолмоор байна. Дэлхийд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэргүүлж байгаа олон хот, улс орон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр үндэсний онцлогоо харуулсан, жуулчдыг өөрийн оронд татах цас, мөсний төрөл бүрийн баяр, цэнгүүнийг зохион байгуулж алдаршсан байдгийг бид бүгдээр мэднэ. “Улаанбаатар өвлийн наадам” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас мөсний наадгай, тоглоомоор бүх нийтээрээ тоглож нааддаг болох, гадаадын иргэд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон улсын нэр хүндтэй өвлийн улирлын наадам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Тус наадмыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ