...
...

Францад сурч буй залуу: Зорилготой бол хаана ч амжилттай сурна..

“Үнэн үгэнд үхсэн хүн ч дургүй” гэдэг.  Гэхдээ би үнэнийг л бичиж байна.

Өөр оронд л оччихвол бүх зүйл сайхан болчих мэт даанчиг эндүүрч битгий бодоорой. Бүх зүйл харагдаж байгаа шигээ амархан байдаггүй юм билээ. Фэйсбүүк болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавиад байгаа зураг шигээ бишийг ирсэн, бас сурах гэж хичээж яваа хүн сайн ялгаж ойлгоно.

Гадаадад сургуульд сурах гэж яарсан хүмүүс даанчиг олон байна. Яарвал юу гэдэг билээ дээ?

Хамгийн эхний бодох зүйл: Монголдоо байхдаа төлөвшиж сураагүй, сууж сураагүй бол хүний нутагт ирээд ч яг л адилхан байна. Монголдоо ном уншдаггүй хүн гадаадад ирээд ном уншлаа юу. Монголдоо байхдаа хүнтэй хэл амаа ойлголцдоггүй хүн хүний нутагт ирээд шал өөр хүн болохгүй ээ. Өөрийгөө төлөвшүүлж чадаагүй хүн харийн нутагт төлөвшлөө юу. Биеэ засаад юугаа зас гэж их хаан маань бидэнд сургасан билээ дээ.

Эхлэлийн цэг эх орноосоо: Монголдоо байхдаа сэргэлэн байж, санхүүгээ зохицуулж чадахгүй хүн бол хүний нутагт ирээд бүр л гуриатна. 

"Эх хэл дээрээ сурч чадаагүй бол харь элгийн хэл дээр сурна гэдэг ч бас юу л бол" бодох л зүйл. Гадны орны сайхан зүйлсээс суралцаж чадахгүй яг л бахь байдгаараа байж л байдаг Монголчууд дэлхийгээр дүүрэн байна.

Гэхдээ бүгдийг хэлээгүй гэдгийг уншиж байгаа хүмүүс ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Шинэ үеийн залуус маань тийм битгий байгаарай гэж хэлье даа.

Фэйсбүүкийн зурагнаас бодит амьдрал нь өөр байдаг гэдгийг харин мэднэ. Гадаадад нь ирээд юу сурахаа мэдэхгүй яваа хүмүүс нь бас дагаад даанчиг олон болж байна. Зүгээр л "Гадаадад сурч байгаа" гэж хэлж гайхуулах гэж ирж байгаа бол Монголдоо амьдарч байсан нь дээр. Зорилго байхгүй ирснээсээ болж учраа олохоо больж сургуулиасаа жилийн чөлөө авч, мөрөөрөө явахгүй хамт ирсэн нөхдөө бас хөлдөө чирч хөгөө тарих. Зорилго байлаа гэхэд хүний нутагт сурахад тохиолдож болзошгүй наад захын бэрхшээлээ тооцоолж бодож байгаагүйгээсээ болж хүний өмнөөс сурч, амьдарч байгаа юм шиг аашлан эргэн тойрондоо байгаа элэг нэгтнийгээ зовоох.

Хэлбэрдэлт бол дэмий. Тэр тусмаа гадны орны залуусыг дууриах шаардлагагүй, бид бол өөрсдөө зүрх зориг, цөс ихтэй хүний хөвүүд. Авах юмыг нь аваад хаях юмыг нь хаяад л явбал зүйтэй юм билээ. 

Би лав эх орныхоо нэрийг гадныханд хэлэх бүрт цээжинд гал асдаг. Хаашаа явах нь чухал бус, харин юуны төлөө, юуг сурахаар, юуг эзэмших гэж байгаагаа мэдсэн байх нь чухал.

Ямар мэргэжлийг №1 эзэмшихээр явж байна, дараа нь тэр мэргэжлээрээ Монголдоо буцаж очоод яг юу хийх вэ? Монголынхоо нийгмийн ямар асуудлыг шийдэхэд өөрийн сурсан зүйлээ зориулах?, тэрийг тодорхой болгосны дараа аль улс вэ? аль сургууль вэ? гэдгээ бодоорой гэж асуусан хүмүүст хариулъя аа.

Мөн чи бол цор ганц гэдгээ санаж бусдаас хамааралтай байх биш, бие даасан байж, бусадтай барьцахгүйгээр зөвхөн өөрөөрөө тэмүүлэлтэй, өөрийнхөө өмнө тавьсан зорилготой байх нь хаана ч амьдарсан хамгийн чухал зүйл. Зорилгогүйгээр харийн улсад сурахаар ирсэн хүнээс “их мөрөн дөлгөөн” гэдэг үгийн эсрэг үг харагдах шиг болдог шүү.

Төгсгөж хэлэхэд, "Үнэхээр зорилготой хүн хаана байх нь хамаагүйгээр суралцаж чаддаг",  тиймээс зорилгоо тодорхой болгоорой. Зорилго тодорхой хүн цаанаа л итгэл төгс, тавьсан зорилгынхоо төлөө хүний төлөө биш яг өөрийнхөө төлөө сурч бас амьдарч чаддаг.

Ананд

2018 оны 1-р сарын 2-ны өдөр.  Франц улс

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Залууст хэрэгтэй сургамжтай маш зөв зүйлийг бичжээ.

  • Үнэн шүү. Урьд гадаадад сурдаг залуусыг дотоодоосоо илүү их зүыл сурдаг гэж боддог байлаа. Гэтэл энэ нь өрөөсгөл юм. оюутнууд сурахаасаа илүү төлбөрөө олох ажил хийхэд хамаг цагаа зориулдаг нь бодит үнэн юм байна. Үүнийг мэдэж байх нь зөв. Бүгд гадаадад очвол бүх ок гэдэг. Бодит амьдрал хэцүү. Мэдээуж зорилготой хичээж сурдаг залуус байгаа.

  • Estoi myndag zuw untsugiiig syrgamj bas uhaaraltaigaar bichsen baina. Amjilt husiye!

  • Тийм шүү. Зөвөөр ойлгох нь л чухал. Буруу зүйлд цөс өө, цусаа хөөргөөд байдагт л учир нь байгаам даа гэж

Онцлох мэдээ